Хүний эрх ба худал хуурмаг

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Хүний эрх ба худал хуурмаг

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл UPR буюу Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээрээ Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байд­лын үндэсний илтгэлийг Швейцарь улсын нийслэл Женев хотноо ирэх сарын 2-ны өдөр анх удаа хэлэлцэх гэж байгаа билээ. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн найм­дугаар сарын 17-нд үндэсний илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд албан ёсоор хүргүүлсэн. Мөн Монголд хүний эрхийг хамгаа­лах чиглэлээр үйл ажиллагаа явуул­даг төрийн бус байгууллага /ТББ/-уудын нэгдсэн форумаас ч нэгд­сэн илтгэл боловсруулан илгээ­гээд байгаа. Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр дээрх хоёр илтгэлийг харьцуулж үзэх бөгөөд Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж байгаа эсэхэд зохих дүн тавина. Харин уг арга хэмжээнээс өмнө Монголын тө­рийн бус байгууллагуудын фору­маас дээрх хоёр илтгэл хэр зэрэг ялгаатай байгааг харьцуулан дүгнэ­лээ. Тодруулбал, Засгийн газраас НҮБ-д илгээсэн Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл бо­дит байдалтай нийцэж байгаа эсэ­хийг нягталж үзсэн гэсэн үг. Уг харьцуулалтаас нэлээд олон зө­рүү харагдаж байна. Ялангуяа, тө­рөөс баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухайд үнэнд нийцэхгүй зүйл олон байгаа гэхэд болно.

ТББ-уудын форумаас илгээсэн илтгэлийн тухайд Монгол Улсын хү­ний эрхийн төлөв байдлыг нэгт­гэн дүгнэсэн илтгэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал­тай холбоотой хүний эрхийн зөр­чил, Байгаль орчин уул уурхай, Хүнсний эрх, Цөөнхийн эрх, Шил­жин суурьшигчдын эрх, Сонгох сон­гогдох эрх зэрэг хэд хэдэн бүлэг сэдвээс бүрдэж байгаа. Харин Засгийн газраас илгээсэн үндэсний илтгэлийн хувьд Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт бэлт­гэх, илгээх, тайлагнах механизмаас зарим талаар гажсан гэж ТББ-уудын төлөөлөл үзэж байна. Учир нь, Монгол Улс урьд нь НҮБ-д хүний эрхийн талаарх илтгэл илгээхдээ гэрээний хороодод тайлагнах меха­низ­мын дагуу зохицуулдаг байсан бөгөөд өдгөө UPR-т илтгэл илгээх, тайлагнах механизм нь нэлээд ялгаа­тай болсон аж. Энэ удаа ТББ-ууд Засгийн газраас илгээсэн илт­гэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан удирдамжийн дагуу шинжилж үзсэн байна.

Засгийн газар хүний эрхийн төлөв байдлын илтгэлийг бэлтгэхдээ UPR-ийн механизмд нийцүүлэлгүй урьд нь гэрээний хороодод илгээж байсан уламжлалт аргаараа бэлтгэжээ. НҮБ гишүүн орнууддаа хандаж “Үндэс­ний илтгэл боловсруулахдаа бүх талын оролцоог хангах”-ыг ан­хаа­руулсан. Гэвч үндэсний илтгэл бэлтгэх ажлын хэсэгт иргэний нийг­мийн байгууллагуудаас орох хүсэлтийг Засгийн газар хүлээж аваа­гүй байна. Мөн үндэсний илт­гэл бэлтгэх ажлын хэсгийн бүх ги­­шүүн НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар /ХЭДКГ/-аас зохион байгуулсан сургалтад хамрагдах ёстой байсан ч ердөө 3-4 гишүүн л хамрагджээ. Түүнчлэн үндэсний илтгэлийн төсөлд санал авах олон талт уулзалтыг зохион байгуулаагүй, илтгэлийн төсөл бэлэн болсноос хойш холбогдох цахим хуудсанд байршуулсан гэх боловч энэ талаар ТББ-уудад мэдэгдээгүй зэрэг дутагдал байгаа аж. Хэдийгээр энэ нь ноцтой асуудал биш юм шиг боловч ТББ-уудад үндэсний илт­гэлд саналаа тусгах олгоогүй нь том алдаа болжээ. Мөн өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яам болон НҮБ-ын Суурин төлөө­лөг­чийн газраас хэд хэдэн удаа сургалт зохион байгуулсан ч энэ үеэр үндэсний илтгэлийг хэрхэн бэлт­­гэх, төсөлд санал хэрхэн авах зэрэг төлөвлөгөөгөө ажлын хэс­­гийнхэн танилцуулаагүй юм бай­на. Үндсэндээ ТББ-ууд чу­хам аль шатанд саналаа өгөх нь то­дорхойгүй байсаар нэг л мэдэхэд үндэсний илтгэл бэлэн болоод НҮБ-д оччихсон гэсэн үг. Болсон про­цесс ийм байхад Засгийн газраас бай­гуулсан ажлын хэсгийнхэн дээрх сургалтуудаар ТББ-уудад боломж олгосон мэтээр тайлбарлаж бай­гаа аж. Засгийн газраас илгээсэн илтгэлд бодит байдалтай нийцэхгүй зүйл олон бий. Энэ зөрүү төрийн механизм, үндэсний эрх зүйн орч­ны сэдвээр үргэлжилнэ. Засгийн газар Үндсэн хуулийн Цэц, Хүний эр­хийн үндэсний комисс /ХЭҮК/ бол үндэсний хүний эрхийн гол меха­низм хэмээн тодорхойлоод нэг­дэн орсон гэрээ конвенцуудаа жагсаасан байна. Мөн төрийн бай­­гуул­лага, холбогдох яам, агент­лагууд хүний эрхийг хангах, хам­­гаа­лах чиглэлээр хангалттай ажил­лаж байгаа хэмээн дүгнэжээ. Харин ТББ-ууд үүнд “Хүний эрхийг хангах, хамгаалахад шаардлагатай олон чухал хууль үгүйлэгдэж бай­гаа. Мөн байгаа зарим хууль нь хам­гаалах бус, бүр сөрөг нөлөө үзүүлдэг, зарим нь хэрэгжихгүй бай­на” гэсэн тайлбар өгч байна. Түүнч­лэн, бодит байдал дээр ХЭҮК-ын хүний эрхийг хамгаалах чадав­хи сул, Үндсэн хуулийн Цэц нь хувь хүний эрхийг хамгаалах харьяа­лалгүй, Улсын дээд шүүхийн шийд­вэрийг хянах эрхгүй гэх мэт жишээ олон байна. Энэ бол яаж ч болохгүй үнэн. ХҮЭК-ын дарга, гишүүдийн то­­мил­гоог хийхдээ хүний эрхийн салбарт мэргэшсэн байдлыг гол бол­­гохоос илүүтэй улс төрийн томил­­гоо хийдгийг бид бүгд мэднэ. Тий­мээс ХЭҮК-ын тухай хуулийг улс төрөөс ангид болгох буюу Парисын зарчимд нийцүүлэн сайжруулах шаард­­лагатай гэдгийг ТББ-ын төлөө­­лөгчид онцлон тэмдэглэсэн байна. 

Энэ мэтээр дурьдаад байвал дуу­сахгүй олон алдаа дутагдал байх аж. Жишээ нь, бид­ний сонгох, сонгогдох эрхийг хуу­лиар баталгаажуулсан гэдэг ч сонгуулийн тэгш эрхийн зарчим байнга үгүйлэгддэг. Жижиг нам, эмэг­тэй нэр дэвшигч, бие даагчдад тэгш боломж байдаггүй. Гадаадад байгаа сонгогчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, шилжин суурьшигчдын сон­гох эрх байнга зөрчигддөг. Мөн сон­гуулийг зохион байгуулах эрх бү­хий байгууллага нь аль нэг намд үйлчилдэг зэрэг будлиан биш­гүй бий. Гэтэл Засгийн газар үндэсний илтгэлд энэ чиглэлийн асууд­лыг тусгахдаа “Сонгуулийн ерөнхий хороо бие даасан, хараат бус байдлаар ажиллах эрх зүйн ор­чин бүрдсэн, сонгуулийн үйл ажиллагааны журмыг нарийн зохи­­цуулсан” хэмээсэн байна. Ерөн­­­хийдөө Засгийн газар төрөөс баталсан хууль тогтоомжуудаа хан­галт­тай дурдаж, амьдрал дээр ямар асуудал үүсдгийг үндсэндээ орхиг­дуулсан гэж хэлж болохоор байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл зөвхөн Засгийн газраас илгээсэн илтгэлийг хэлэлцэн дүгнэх юм бол Монгол Улсад шууд л “А” үнэлгээ өгнө. Харин энэ удаагийн ээл­жит дүгнэлт хэлэлцүүлэг нь Зас­гийн газар, ТББ-ын аль алиных нь илтгэлийг харьцуулж үзэх болс­ноороо онцлогтой. ТББ-уудаас НҮБ-д илгээсэн илтгэл нэлээд чамбай, нарийн задаргаатай болсон байна билээ. Тиймээс ирэх сарын 2-нд болох олон улсын “шалгалт”-ын үеэр Монгол Улс хүний эрхийн “хичээл”-дээ ямар ч дүн авч болзошгүй.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж