Монгол цэргийн сүр хүчийг бахархлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.08-нд нийтлэгдсэн

Монгол цэргийн сүр хүчийг бахархлаа

Хэдэн зууны тэртээ эзэн Чингэс хаан их цэргээ аван баруун этгээдэд аялж байсан Монголын уудам нутгийг агаарын замаар туулна гэхээс есдүгээр сарын 26-27-ны шөнө нойр хүрсэнгүй. Үүр цайнгуут босч Буянт-Ухаад байдаг Зэвсэгт хүчний 303 дугаар анги дээр очвол УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, УИХ-ын гишүүн Б.Батбаяр тэргүүтэй хүмүүс нисэхэд бэлэн болжээ. Зэвсэгт хүчин болон төр засгийн төлөөллийг өнө эртний түүхт Өвөрхангайнхан хөлтэйхөн угтав. Цэргийн цувааг толгойлон очоод байсан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, Өвөрхангай аймгийн Засаг дарга, цэргийн удирдах албаныхан байна. Сайд ч шуудхан ажилдаа ороод явчихав. Арвайхээр хотын төв талбайд Монголын Зэвсэгт хүчний сүр хүчийг илтгэсэн ёслолын жагсаал болох ажээ. Зэвсэгт хүчний томоохон бие бүрэлдэхүүн оролцсон жагсаал хөдөө орон нутагт тэр бүрий болдоггүй болохоор ч тэр үү хүмүүс их цуглажээ. Хүүхдүүд хуягт, танк, их буу зэрэг байлдааны зэвсэг техникийг “номхон тэмээг ноолоход амар” гэдэг шиг сонирхож, дээр нь гарч шавайгаа ханатал наадаж байна. Байлдаантай киноноос л хардаг зүйлс нь гэнэт бодитоор хүрээд ирэхээр чинь ингэтлээ шохоорхохоос ч өөр яах билээ.

Сайд Л.Болд Өвөрхангай, Баянхонгор аймаг руу зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээ аван мордсон нь улсынхаа батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг ард иргэдэд сурталчлан таниулах зорилготой байв. Цэргийн ёслолын жагсаалд анги, салбар бүр өөрийн онцлогийг илэрхийлсэн үзүүлбэр, тоглолтын хөтөлбөртэй оролцож байв. Тэнгэрийн бүжигчид болсон шүхэрчдийн буултыг зурагтын дэлгэцээр л харж байснаас “амьдаар” нь харж байгаагүй хүний хувьд зүрхшээмээр бэрх зүйл юм. Салхины чиг, хурдыг тооцоолж онгоцноос үсрэх, шүхрээ дэлгэх гээд зөвхөн мэргэжлийн хүнд л ойлгогдох эр зоригийн спорт бол яах аргагүй энэ. Төв талбайд цугласан олны дээр ч юм уу, индэр дээр зогсч байгаа дарга нарын толгой дээр буучихвал мөн “баларсан” юм болно доо гэх маягийн ч юм бодогдож байх шиг. Уран жолоодогч шүхэрчид харин тэгж барьц алддаггүй аж. Монголын цэрэг дайчид өнөөдөр өргөсөн тангарагийнхаа дагуу улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцохоос гадна Конго, Баруун Сахар, Сьерра-Леон, Ирак, Афганистан зэрэг улс оронд үүрэг гүйцэтгэж байгаа. Түүнээс гадна Оюутолгой, Тавантолгой зэрэг улс орны амин цэг болсон газруудад харуул, хамгаалалтын чиглэлээр ч ажиллах шаардлага гарч байгааг Батлан хамгаалахын сайд онцолж байсан. Клиникийн төв госпиталийн нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгор, Өвөрхангайнханд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн нь тэр бүрий хот руу очоод шинжилгээ хийлгээд байдаггүй хөдөөнийхний талархлыг хүлээж байсан.

Үзүүлэх тоглолтын үеэр зугаатай зүйл ч их анзаарагдах юм. Бие хамгаалах урлагийн тоглолт үзүүлэх элитийн батальоны дайчид буугаа зэрэг яралзуулан пан панхийлгэхэд жинхэнэ сумаар буудчихсан юм шиг бондгосхийтэл цочсон хүн олон. Ийн цочсоныхоо дараа хэнийгээ ч дооглож байгаа юм баахан инээцгээх. Нүцгэн гараараа хадаас барьж байгаад банз цоо хатгах үзүүлбэрийг мөн ч олон жаал бахархаж байсан. Тэд хожим энэ ах нар шигээ сүрхий дайчид болцгоох биз. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд байлдааны буу зэвсгийг их л сонирхож, дуран сэлтийг нь зүлгэн, тусгалыг нь тааруулж үзэж ч байх шиг. Улсын баатар Л.Аюушийн хэрэглэж байсан пулёмет, дэлхийн I дайнд хэрэглэж байсан буунаас авахуулаад орчин үеийн цэргийн зэвсэг техникийг дэлгэжээ.

Цэргийн сүрийг бадраасан эл хэд хоногт Өврийн сайхан хангай, Хонгор нутгийнхан “Монгол Улсын төлөө зүтгэе” үдшийн цэнгүүнд од шуугдтал бүжсэн. Гэгээрлийн хурлын үеэр энгэрээ цоолуулсан цэрэг эрс, цагдаа, Онцгойгийнхон, тагнуулчид бүгд л жавхаа төгөлдөр харагдана. Арвайхээрт хоноглох үдэш Монголын үндэсний телевизээр цэргийн үйл амьдралаас сэдэвлэсэн “Тусгай салаа” олон ангит киноны нээлт болж, дарга цэрэггүй сонирхон үзэцгээв. Энэ киноны ерөнхий найруулагчаар өнгөрөгч хавар Афганистанд сайдтай хамт явсан Ж.Батбаяр ажиллажээ. Энэ даруухан залууг өдий зэргийн том уран бүтээл хийнэ гэж хэн санах билээ. Солонгос сериалын солиоролд автсан өнөөгийнхөн үзмээр сайхан кино болж гэж олон хүн ярихыг сонсч эрхэм андад талархаж суув. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын цоглог тоглолтыг үзэгчид олон жил санагалзан хүлээсэн нь илт халуун алга ташилтаар угтан авч байв. Монгол цэргийн музейн сан хөмрөгийн дээжис үзэсгэлэнд 180 гаруй гэрэл зураг, Хятруунаас олдсон VI-VII зууны үеийн хүрэл дуулга, XIII зууны үеийн ган сэлэм зэрэг ховор нандин үзмэрүүд тавигдсан байлаа. Өвөрхангай, Баянхонгор аймагт болсон “Алдар” спорт хорооны тамирчид болон нутгийнхан зодоглосон 64 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн арслан Б.Дэлгэрсайхан хоёр ч удаа түрүүлсэн юм. Нутгийн бөхөө дэмжсэн хошууч генерал М.Борбаатар Б.Дэлгэрсайханы малгайг барин зогсож байгаа нь том яамны Төрийн нарийн бичгийн дарга гэхээргүй эгэлхэн харагдаж байсан шүү. Цэргийн анги, салбаруудын нэгдсэн цуваа Баянхонгор руу хөдлөхөд манай аяллынхан тус аймгийн Баянговь суман дахь Зэвсэгт хүчний 143 дугаар тусгай салбар руу хөөрлөө.   
         
Салбарын захирагч нь Н.Батаа хэмээх хурандаа байна. Хэдийгээр эднийх цэргийн бие бүрэлдэхүүн цомхон ч улсынхаа нүд, чих болсон соргог амьд ажиллагаатай юм билээ.  Афганистан улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцохоор явсан ханиа хүлээсэн холбоочин бүсгүй, гэрээт цэргийн албан хаагчид, сум орон нутгийн удирдлага гээд сайдыг хаа л очсон энгийн ч бай, цэргийн ч бай хүмүүс уулзахаар тосох юм. Баянговь нутагт таана хэнзлээд намар сайхан налайжээ. Эндхийн үйл ажиллагаатай цаг орчим танилцсаны дараа Монгол Алтайн нурууны салбар Их Богд хайрхныг даван Алтай хотыг зүглэв. Монгол нутаг минь ямар ч сайхан үзэсгэлэн төгөлдөр, уудам тэнүүн нутагтай юм. Энэ сайхан нутгаа аавын олон цэрэг эрс үрийн үрд батлан хамгаалж ирсэн нь арга ч үгүй юм уу даа. “Сэнсний үзүүр шүргэм ноёлог

        Сэтгэшгүйн сүмбэр Их Богд
        Нисдэг тэрэгний сүүдэр л үлдэм
        Нэрлэшгүй өндөр тэнгэрлиг хайрхан” гэх шиг бодлоор жигүүрлэн Их Богд хайрхныхаа ноён оргилоор давав. Байц их уулсын дээгүүр 100-150 метрийн өндөрт нисэхэд хонь мал үргэх нь хүртэл тодхон харагдана. Далайн төвшнөөс дээш 3950 метрийн өндөрт Монголынхоо гарын таван хуруунд багтам цөөхөн ноён оргилын дээгүүр нисч явна гэдэг хэн хүнд тохиох ч хувь тавилан биш биз. Нислэгийн багийн даргаар Монгол Улсын гавьяат нисгэгч А.Цогнэмэх явсан юм. Гавьяат шиг чадварлаг нисгэгч Монголд гурав дөрөвхөн байдаг гэсэн. Тэрээр гавьяат Сугар агсны гарын шавь аж. БХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ш.Сүхбаатарын хообий нь хөдөлсөн бололтой аппаратаа бэлдээд цонхоор үе үе зураг дарж явна. Сайд Л.Болдыг нисдэг тэрэг хөлөглөж тансагладаг гэж үе үе гоочилдог. Хаа байсан Алтайн отрядад очиж хэдэн бор цэрэгтэйгээ уулзана гэхэд газраар явбал талдаа дор хаяж тав хононо. Дээр нь дагалдаж яваа хүмүүсийн унаа тэрэгний шатахуун гээд зардал талийж өгөх нь дамжиггүй. Тиймээс цаг хугацаа, зардал хэмнэх үүднээс нисэхээс ч аргагүй юм билээ. Өндрийн даралт ихтэй, салхины алгадалт ч багагүй үед ниснэ гэдэг ч хэн хүн бэрхшээмээр л явдал байх. Говь-Алтай аймаг, цэрэг, хүчний байгууллагын удирдлагууд сайд, Ц.Бямбажав генералын багийнхныг хүлээн авч, Тайширын усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцуулахаар Алтай хотоос 45 км-т орших Гэгээн нуурыг зорив. Аяллын багт багтсан манай сонины орлогч эрхлэгч, нэрт фельетонч Б.Цэнддоо Завханы Шилүүстэй сумын уугуул бөгөөд хэдийгээр сэрчигнүүр салхитай орой байсан ч Завхан голынхоо ус руу загас нугас мэт шумбан булхсан нь нутгаа санасных нь болов уу. Завхан голын усаар тэтгэгдэж буй Гэгээн нуурын усны гүн 38 метр, уртаашаа 14, өргөөшөө таван километр хүрээд байгаа аж. Ямар ч ус байгаагүй газар цэлэлзсэн энэ их усны түвшин хэдхэн метр ахихад л Улиастай, Алтай хотууд, Говь-Алтайн Баян-Уул, Жаргалан, Гуулин, Дэлгэр сумд гэрэл цахилгаантай болох юм. Энэ сарын 15-даар улсын комисс ирж үзээд баталбал гурван трубины хамгийн том нь ашиглалтад орохоор болоод байгаа гэж Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр ярьж байсан. Алтайчууд “Баянхонгор, Баян-Өлгий, Сүхбаатар аймгуудад энэ онд барилга-инженерийн анги байгуулсан. Манай аймгийн боломж нөхцлийг харгалзан цэргийн анги байгуулж өгөөч, тэгвэл орон нутагт ч нэмэртэй байна” гэсэн хүсэлтийг Батлан хамгаалах яамныханд уламжилж байв. Ер нь Тайширын УЦС гэх мэт томоохон обьектуудад харуул хамгаалалтаас өгсүүлээд батлан хамгаалахтай холбоотой асуудал их байх нь аргагүй.

Батлан хамгаалахын сайд Л.Болд Говь-Алтай аймгийн Цээл суманд үйл ажиллагаа явуулж буй “Алтайн хүдэр” компанийн ажилтай Засгийн газрын гишүүнийхээ хувьд мөн танилцсан. 88.4 сая тн хүдрийн баялагтай энэ уурхайг бүрэн хэмжээгээр ашиглавал манай улсын уул, уурхайн салбарт бас л нэгэн дэвшил авчрах юм билээ. Алтай суман дахь Бургастайн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох, боомт дахь гаалийн байгууллага хил рүү ойртон суурьшиж байгаатай холбогдуулан Зэвсэгт хүчний 304 дүгээр тусгай салбарыг шилжүүлэн байрлуулах боломжийг ч сайд судалж үзээд, зохих хариуг өгөхөө амлаж байсан. Салбар шилжин суурьшвал офицер, ахлагч нарын өсвөр насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ алслагдмал болох сөрөг тал ч байх шиг. Хантайшир, Ээж хайрхан, Бурхан буудайн буурал цасан тэргүүнт оргилыг ажралгүй давсан аяллын маршрут Баянхонгор хотод ирж өндөрлөсөн. Есдүгээр 30-ны өдөр Баянхонгор аймагт шинээр байгуулагдсан Барилгын цэргийн 339 дүгээр ангийн байлдааны тугийг ангийн захирагч, хурандаа Т.Батбаярт гардуулан өгсөн нь гүн хүндэтгэлтэй үйл явдал байлаа.

Энэ анги байгуулагдаад хоёрхон сар болсон ч Баянлигийн цэргийн ангийн найман айлын орон сууц, ангийнхаа барилга байгууламжийг ашиглалтад оруулсан, ирэх жил 50 айлын орон сууц барих, зам засварын тендерт оролцсон гэх мэт олон ажлыг амжуулжээ. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагууд Баянхонгор аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, аймгийн Эрүүл мэндийн газруудаар орсон билээ. Аймгийн МСҮТ 1800 сурагчтайгаас тэн хагас нь цэргийн насны залуус гэж тус сургуулийн захирал, доктор Ш.Чимгээ ярьж байсан. Хонгор нутгаас Монгол Улсын баатар Н.Жамбаа, дэслэгч генерал Ж.Балжинням, хошууч генерал Н.Паль, П.Дэчин, Ж.Ишдорж, ХЦУГ-ын дарга, хошууч генерал Я.Пүрэвдорж, БХИС-ийн захирал, бригадын генерал З.Болдбаатар нарын цэргийн зүтгэлтнүүд төрөн гарсан түүхтэй юм байна. Ертөнцийн талыг эзлэхдээ дэлхийн цэргийн урлагт үлэмж их гавьяа байгуулсан гэгддэг Чингэсийн халуун цустай монгол эрсийн жавхаа төгс ёслолын жагсаал, Монголын Зэвсэгт хүчний сүр хүчин түмэн олны сэтгэлд хоногшин үлдэж, үр хойчист улс удмаараа бахархах урмын галыг өрдсөн нь лавтай. 
 
Л.Батцэнгэл. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж