“Евро-2012”-ын сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.10-нд нийтлэгдсэн

“Евро-2012”-ын сонгон шалгаруулалт үргэлжилж байна

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын ээлжит тоглолтууд өнгөрөгч өдрүүдэд Буурал тивийн ногоон талбайд болж өнгөрлөө.

Баасан гаригт болсон Итали болон Хойд Ирландын багийн тоглолт хуурай тэнцээгээр өндөрлөснөөр Италийн шигшээ “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтад анхны оноогоо алдсан бол дэлхийн аваргын финалд өрсөлдсөн Испани болон Голландын шигшээ, Германы хамтаар 100 хувийн амжилтаар тэмцээнээ үргэлжлүүлж байна.

“С” хэсэг

Чезаре Пранделлигийн удирдлага дор С хэсгийн эхний хоёр тоглолтдоо ялалт байгуулсан Италийн шигшээ Бельфаст хотын Уиндсор парк цэнгэлдэхэд болсон тоглолтод өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж чадсангүй. Хоёр баг 52 жилийн дараа ийнхүү анх удаа таарч тоглосон нь энэ байлаа. Өмнө нь нэг ч удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд хөл тавьж байгаагүй Хойд Ирландын багт тоглолтын 31 дэх минутад гоолын боломж тохиосон ч бөмбөг хаалганд орох ёсгүй байв. Хоёрдугаар хагаст дэлхийн дөрвөн удаагийн аварга италичууд давуу тоглолт үзүүлж байсан ч ялалтын гоолыг оруулж чадаагүй. Тоглолт 0:0 харьцаагаар өндөрлөснөөр Италийн шигшээ долоон оноотой С хэсгийг тэргүүлж байгаа бол Сербийг 3:1 харьцаатай хожсон Эстонийн баг зургаан оноотой удаалж байна. Мөн энэ хэсэгт багтсан Словенийн баг талбайдаа Фароэн арлуудын багийг 5:1 харьцаатай бут ниргэж, дөрвөн оноотой болжээ.

“А” хэсэг

Берлин хотноо “Германы машинууд” Туркийн шигшээг 3:0 харьцаатай хожсон. Туршлагатай довтлогч Мирослав Клозе чадварлаг тоглолтоо дахин гаргаж, дубль хийсэн бөгөөд үлдсэн гоолыг Турк гаралтай залуу тоглогч Месут Озил оруулсан байна.

Мөн энэ хэсэгт Австрийн шигшээ 3:0-ээр Азербайжаны багийг хожсон бол Бельгиуд 2:0 харьцаатай Казахстаны шигшээг Астана хотноо буулган авчээ.
Ингэснээр гурван тоглолтын дараах байдлаар Германы шигшээ есөн оноотой хэсгээ манлайлж байгаа бол Австри, Туркийн багууд зургаан оноотой удаалж байна.

“В” хэсэг

Өнгөрсөн сард болсон тоглолтод Словакийн багт 1:0 харьцаатай талбайдаа хожигдол хүлээсэн ОХУ-ын шигшээ энэ удаад Ирландын багийг 3:2 харьцаатай хожиж, гурван оноогоо авчээ. Өмнөх хоёр тоглолтдоо хоёуланд нь хожоод байсан Ирландын багийн эсрэг Оросууд чадварлаг тоглож, 3:0 харьцаатай тэргүүлж байсан ч зургаан минутын дотор дараалан хоёр гоол алдсанаар 3:2 харьцаатай ялалт байгуулсан байна.

Италийн шигшээ багийн “ачаар” Европын аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар шатанд шалгараад байгаа Словакийн багийн хувьд 3:1 харьцаатай Армяны талбайд ялагдсан ч гоолын зөрүүгээр хэсгээ тэргүүлж байна. Мөн В группт сугалаа таарсан Андоррын баг талбайдаа Македоны шигшээд 2:0 харьцаатай ялагдсанаар хэсэгтээ сүүл мушгиж явна.

“D” хэсэг

Талбайдаа Босния-Херзеговинатай 1:1 харьцаатай тэнцсэн Албаничууд гурван тоглолтын дараах байдлаар нэг хожиж, хоёр тэнцсэнээр хэсэгтээ хоёрдугаарт эрэмбэлэгдээд байна. Харин Францын шигшээ өнгөрсөн шөнийн тоглолтод Румыны багийг талбайдаа хожсоноор хэсгээ тэргүүлэх болсон юм. Лоран Бланы удирдлага дор тоглох болсон Францын шигшээгийн сэлгээний тоглогчид тоглолтын сүүлийн хэдэн минутад хоёр гоол оруулснаар өрсөлдөгчөө буулган авчээ.

Мөн энэ хэсэгт багтсан Люксембург болон Беларусийн багийн тоглолт гоолгүй тэнцээгээр өндөрлөсөн байна.  

“Е” хэсэг

Дэлхийн аваргын финалд Испанийн багт хожигдсон Голландын шигшээ багийн довтлогч Клаас-Ян Хюнтелаар “Евро-2012”-ын зургаа дахь гоолоо оруулж, багтаа ялалт авчирчээ. Молдавын багтай тоглож, 1:0 харьцаатай хожсоноор “Улбар шарууд” 100 хувийн амжилтаар хэсгээ манлайлж байна.

Мөн Е хэсэгт Унгарын баг 8:0 харьцаатай Сан Марино улсын багийг бут ниргэжээ.

“F” хэсэг

Энэ хэсэгт багтсан зургаан багаас баасан гаригийн тоглолтод Гүрж, Грек болон Хорватын багууд өрсөлдөгчөө хожжээ. Хорватын шигшээ 2:1-ээр Израилийн багийг талбайд нь хожсон Гүржийн баг Тбилиси хотноо Мальтын шигшээ 1:0-ээр, мөн Грекүүд талбайдаа Латвийн багийг 1:0 харьцаатай буулган авсан байна.

Гурван тоглолтын дараах байдлаар F хэсгийг Хорватын баг долоон оноотой тэргүүлж байгаа бол Гүрж таван оноотой хоёрдугаарт бичигдээд байна.

“G” хэсэг

Баасан гаригийн шөнө G хэсгийн хоёр тоглолт болсноос Монтенегро талбайдаа Швейцарийн багийг 1:0 харьцаатай хожсон бол Болгарын шигшээ Уейлсийн багийг мөн 1:0 харьцаатай хожжээ.

“Н” хэсэг

Хэсгээ манлайлж байсан Норвегийн шигшээ Киприйн багийг 2:1 харьцаатай хожсоноор дараалсан гурав дахь ялалтаа авч, 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж байна. Өнгөрсөн сард Португалийн багтай 4:4 харьцаатай тэнцсэн Киприйн довтлогч Иоаннис Оккас шигшээгийнхээ төлөө 100 дахь тоглолтдоо оролцож, 55 дахь минутад гоолджээ.

Мөн энэ өдөр Европын Бразил гэгддэг Португалийн шигшээ Данийн багийг 3:1 харьцаатай хожиход Нани, Рональду нар гоолдсон байна.

“I” хэсэг

Дэлхийн аварга Испанийн шигшээ багийн гол довтлогч Фернандо Торрес гэмтэлтэй, тоглолтод оролцоогүй ч тэд 3:1 харьцаатай Литвийн багийг хожсоноор итгэл төгс хэсгээ манлайлж байна. Мөн энэ хэсэгт багтсан Чех болон Шотландын багийн тоглолт баасан гаригт болж, 1:0 харьцаатай Чехийн багийн ялалтаар өндөрлөсөн байна.

“Евро-2012” тэмцээний хэсгийн ээлжит тоглолтууд энэ сарын 12-нд үргэлжлэн явагдах бөгөөд дараагийн тоглолтууд ирэх оны гуравдугаар сард болох юм.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж