”Аэрофлот”-ын онгоц газарджээ

Хуучирсан мэдээ: 2010.10.11-нд нийтлэгдсэн

”Аэрофлот”-ын онгоц газарджээ

Өнгөрсөн баасан гаригаас бямба гаригт шилжих шөнө Москва-Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан “Аэрофлот” компанийн А-320 онгоц ОХУ-ын Пермь хотын “Большое Савино” онгоцны буудалд онцгой нөхцөл байдлын улмаас буулт хийхээс аргагүйд хүрчээ. Шалтгаан нь согтуу гурван зорчигчийн хооронд болсон зодооноос болсон байна. Эдгээр нь Монгол Улсын иргэд байжээ.Зайлшгүй нөхцөлд хэрэгжүүлэх дүрмийн дагуу тодорхой арга хэмжээ авсны дараа онгоц нислэгээ үргэлжлүүлжээ хэмээн Gazeta.ru. мэдээлжээ. Энэхүү мэдээг анх ireport-ын гишүүн Zorigt орос хэл дээр оруулжээ. Тийм учраас энэхүү сонирхолтой мэдээг орчуулан хүргэж байгаа бөгөөд мэдээллийн мөрөөр сурвалжилснаа хүргэе.

Тодруулсан нь:

  • ОХУ-ын “Аэрофлот” компани Москва-Улаанбаатарын чиглэлд өдөр бүр тогтмол нислэг үйлддэг бөгөөд мэдээлэлд дурдагдсан нислэг нь SU563 дугаартай байсан байна.
  • Онгоц Москвагийн цагаар оройн 20 цаг 20 минутанд Москвагаас хөөрч, Улаанбаатарт орон нутгийн цагаар өглөөний 06 цаг 10 минутанд газарддаг хуваарьтай ажээ.
  • Онцгой нөхцлийн улмаас онгоц Пермь хотод орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн орчимд газарджээ. Пермь хот нь Москвагаас 1380 км зайтай оршдог бөгөөд, нийслэлээсээ +2 хоёр цагийн зөрөөтэй юм байна.
  • Нислэг үйлдэж байсан А320 онгоцны ахмад зодоон хийсэн согтуу монгол зорчигчдыг Пермь хотоос Улаанбаатар хот руу үргэлжлүүлэн тээвэрлэхээс тухайн үед татгалзсан байна. Дашрамд дурдахад онгоцны ахмад ийм эрхтэй байдаг ажээ.
  • Зодооны хэрэгт холбогдсон манай иргэд ОХУ-ын визгүй байснаас Пермь хотын “Большое Савино” нисэх буудлын холбогдох албаны ажилтнууд тэднийг хилээр нэвтрүүлэн, саатуулан шалгах боломжгүй байсан бололтой.
  • Онгоц Пермь хотод онцгой нөхцөл байдлын улмаас газардсан учраас Улаанбаатар хотод цагаасаа хоцорч буусан нь тодорхой байгаа боловч энэ талаарх болон, хоорондоо зодолдсон монгол иргэд эх орондоо тэрхүү нислэгээр ирсэн эсэх талаарх мэдээлэл олдсонгүй. Манай нисэхийн лавлах 1980 дугаарын утас хариу өгөхгүй байгаа бөгөөд Пермь хотын “Большое Савино” нисэх буудлын +7 (342) 294-97-71 дугаарын утсаар тодруулахаар холбогдоход болсон хэрэг явдлыг баталсан боловч хэрэгт холбогдсон монгол иргэдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зөвхөн удирдлагынхаа зөвшөөрлөөр өгнө гэдгээ хэллээ.   

Ireporter Ganaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж