Б.Хурцын өмгөөллийн зардлыг даана

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцын өмгөөллийн зардлыг даана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг  Лондон хотын “Хитроу” нисэх онгоцны буудлаас өнгөрөгч сарын 17-ны өдөр Их Британийн  эрх бүхий байгууллагынхан баривчилсан. Одоогоор   Б.Хурцад  холбогдох шүүх хурал   гурван   удаа болоод байна. Харин дараагийн шүүх хурлын тов  ирэх арванэгдүгээр сарын 15-ны өдөр  болохоор гарсан байна. Түүнийг Их Британид баривчлах болсон үндэслэл нь  2003 онд С.Зоригийн хэрэгт холбогдуулан Д.Энхбатыг баривчилж, Францаас Белги, Германы хилээр тээвэрлэсэн хууль бус ажиллагаанд буруутай гэж үзсэн тухай  тайлбарыг Их Британийн эрх бүхий албаныхан  манай улсын Гадаад Харилцааны яаманд өгсөн тухай мэдээлэл бий. Түүнийг суллуулах талаар манай улсаас зохих арга хэмжээг авч эхэлсэн юм. Тухайлбал, шүүх хуралд нь  өмгөөлөл явуулахаар Англи Улсын иргэнийг сонгон ажлуулж буй бөгөөд албан ёсны орчуулагч ч ажиллаж эхэлсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Д.Ганхуягаас тодрууллаа

-ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцтай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл юу байна?
-Эл асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодорхой мэдээлэл хийсэн, өнгөрсөн долоо хоногт.  Тиймээс  илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Учир нь баривчлагдсан шалтгаан болон  өнгөрсөн долоо хоногт болсон  шүүх хурлын талаархи мэдээлэл сонин хэвлэлээр хангалттай гарсан шүү дээ. Харин дараагийн шүүх хурал арваннэгдүгээр  сарын 15-нд болно.

-Ирэх сард болох Б.Хурцын шүүх хурлын өмгөө­лөл болон орчуулагчийн асууд­лыг хэр­хэн шийдсэн бэ,  Гадаад харил­цааны яамнаас одоо­­гоор ямар бодит арга хэмжээ авсан бэ?
-Б.Хурцад холбогдох шүүх хурлын үеэр Английн иргэн маш сайн өмгөөлөгч өмгөөлөл явуулахаар ажиллаж байна. Мөн орчуулагчаар хангасан. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас манай улсын иргэн  зохих ёсоор өмгөөлөгч, орчуулагчаар  хангагдсан эсэх, цагдан хорьж буй нөхцөл байдал ямар байгаа  талаар анхаарч ажиллана. Одоогоор бид  манай улсаас тус улсад суугаа  Элчин сайдын яамтай байнга харилцаа холбоотой ажиллаж байна. Харин  тухайн  улс оронд болж буй шүүх ажиллаанд  Элчин сайдын яамнаас    оролцох эрхзүйн үндэслэл байхгүй. Учир нь Олон Улсын эрх зүйн гэрээ хэлцэл  гэж бий. Харин Консулын газраас  Б.Хурцад  ямар туслалцаа дэмжлэг хэрэгтэй байна, тэр хүрээнд ажиллах болно.

-Монгол Улсын төрийн өндөр дээд албан тушаалт­ны дипломат эрхэнд Их Британийн эрх бүхий байгуул­лагынхан халдсан нь буруу гэх мэдээлэл их цацагдах боллоо. Тэгэхээр үүнийг Олон Улсын эрхзүйн гэрээ хэлэлцээрт хэр­хэн тус­гасан байдаг вэ?
-Бид Олон улсын Венийн конвенцийн дагуу ажиллана. Эл конвенцэд хоёр улсын консулын газартай   холбогдолтой  эрх зүйн  бүх асуудлыг тусгасан байдаг. Тэр конвенцийг дагаж мөрдөнө. Түүнээс биш Их Британитай Монгол Улс ялтан солилцоо хийх  гэрээ хийгээгүй. Харин Монгол Улс болон Их Британи  хоёулаа Венийн конвенцед  нэгдсэн улс. Тиймээс хоёр улс тус Венийн конвенцийн  дүрмийг дагуу үйл ажиллагаа явуулах эрхтэй. Их Британийн тал өөрийн хуулийн дагуу асуудлыг шийднэ.

-Өмгөөлөлд хэчнээн  ам.доллар зарцуулах бол. Зард­лыг хаанаас гаргах вэ?
-Одоогоор урьдчилж хэлэх боломжгүй. Өмгөөллийн зардлыг Засгийн газраас гаргах шийдвэр гарсан. Судалгааг хийж байна.

-Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын шийдвэр гарсан уу?
-Эхний шүүх хурлаар манай улсын иргэн Б.Хурцыг баривчлах эсэхийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцсэн байна лээ. Дараагийн шүүх хурлаар уг хэргийн талаар тодруулах зүйл байна гэж үзсэн юм байна.Тухайн улсын шүүх хурал удааширдаггүй, 10-15 минут болж өнгөрдөг юм гэсэн.

-Тэгэхээр ирэх сард болох шүүх хурал эцсийн шатны шүүх ажиллагаа байж чадах болов уу?
-Мөн л урьдчилж хэлэхэд маш хэцүү. Эцсийн шатны шүүх хурал болно гэж хэлэх боломжгүй. Тухайн улсын хуулиар зохицуулагдана.

-Анх танд нэг асуулт тавьсан даа, дипломат ажилт­ны халдашгүй эрхэнд халдсан юм биш үү гэж. Өмнө нь тийм  тохиолдол гарч байв уу?
-Аль нэг  гадаадын улс оронд Монгол Улсын иргэн дипломат ажилтны эрхэнд халдаж байсан тохиолдол байхгүй. Харин дипломат паспорттой иргэний эрхэнд халдсан ганц нэг баримт бий.

-Б.Хурцыг Их Британид баригдсан тухай мэдээлэл Гадаад харилцааны яаманд хэзээ ирсэн бэ. Баривч­лагдсанаас хойш 20 хоногийн дараа  мэдээлэл ирсэн тухай яриа байсан л даа?
-Монгол Улсын иргэн Б.Хурц Их Британийн хууль сахиулах албанынханд баривчлагдсан талаархи мэдээллийг бид тухайн өдөр буюу өнгөрөгч сарын 17-нд авсан юм.

-Тухайн үед энэ талаархи мэдээллийг яагаад нууцалсан юм бэ?
-Төрийн өндөр дээд албан тушаалтан баригдсан талаархи мэдээллийг бид хэдийд олон нийтэд хүргэх вэ гэдэг өөр асуудал. Шууд олон нийтэд мэдээлэх боломжгүй юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж