Төсвөө тогтворжуулах “мөрөөдөл”

Хуучирсан мэдээ: 2010.10.12-нд нийтлэгдсэн

Төсвөө тогтворжуулах “мөрөөдөл”

Жил жилийн төсөв батлагдах үед манай эрхэм хууль тогтоогчид лусын хааны сан хөмрөгтэй юм шиг л ааглах нь зуршил. Басхүү нэг их дуусашгүй сан хөмрөгтэй мэт ийм  ч мөнгө хэрэгтэй гэж хошуу цорвойн зовлон тоочих нь үнэхээр тойргийн сонгогчдодоо үнэхээр хоёргүй сэтгэлээр хайртай мэт. Гэвч лусын хааны эрдэнэсийн сан ч хэмжээ хязгаартай. Тэр тусмаа нэг ч төгрөгийн баялаг үйлдвэрлэдэггүй мөртлөө ард, иргэдийнхээ үйлдвэрлэснээс сорж, тарааж байдаг тэдний хувьд хэмжээ, хязгаар хяналт, зохицуулалт хамгийн их хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Харамсалтай нь, ихэвчлэн албаны ойлгомжгүй хэллэг, эх оронч тайлбараар халхавчлан хэдэн арван сая, тэрбумаар нь ийш тийш хуваарилсан гэх төсвийн талаарх мэдээлэл тэр бүр олон нийтэд ил тод ойлгомжтой бус, олон нийтийн хяналт  ч сул хэвээр. Басхүү ёс юм шиг төсөв хэлэлцэх хуулийн хугацааг тулган байж гэнэт чуулганы хуралдаанд оруулан “Хугацаа тулсан учраас дараа дахин тодотгол хийж, шийдвэрлэх боломжтой” гэсэн тайлбартайгаар спикерийн алх тасхийж төсвөө баталж орхидог.

Хуульд заасан хугацаанд  багтаан ирэх жилийн төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах ч хэмжээний асуудал дэгдэх учраас ийн яаруу сандруу батлах эгзгийг тааруулдаг ч биз. Хэзээ хойно, төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулж байгаа талаар хэвлэлийнхэн голдуу халаглаад л өнгөрнө. Тун удахгүй та бид эрхэм гишүүдээ төсвөө батлах гэж хэдэн тэрбумаар нь эргэлдэх тоо хэлэн маргалдахыг сонсох байх. Дээхнэ Монгол Улс ядуу тарчигхан байхад хууль тогтоогчид ийн амандаа багтах тоо болгоныг хэлж зүрхэлдэггүй байсан гэдэг. Гэтэл азаар заяасан байгалийн баялаг ам тосдоод эхлэхийн цагт эрхэм гишүүдийн үрэлгэн занд хэмжээ хязгаар үгүй мэт санагдахаар болж эхлэв. Хэдийгээр олон улсын байгууллагын экспертүүд, эдийн засагчид төсвийн зарцуулалтад алсын бодлого хэрэгтэй гэж сануулж байсан ч шинэ баяны цээж өвчнөөр байдгаа барах шахсан гашуун туршлага бидэнд бий.
Манай цорын ганц шахуу экспортын бүтээгдэхүүн зэсийн үнэ өндийж эхэлсэн 2007 онд гэнэт их мөнгөний сураг сонссон манай хууль тогтоогчид хийгээд гүйцэтгэх засаглалынхан мөнөөхөн шинэ баяны өвчнөөр баруун солгойгүй цацсан. Үлгэрт ч төгсгөл байдгийн адилаар зэсийн үнэ унаж, дэлхийн нийтээр хямралын давалгаанд ширвэгдэж эхлэхэд харин чээж баячууд маань урд хормойгоо ч нөхөх мөнгөгүй болж гадны байгууллагуудаас бадар барьсан нь саяхны жишээ шүү дээ. Гэнэт орж ирсэн орлогыг хэтийдтэл зарцуулсны ганцхан жишээ нь Монгол Улс түүхэндээ 200 гаруй сумаа эрчим хүчтэй холбож дөнгөсний 70 гаруйг нь зөвхөн 2007 онд амжуулсан байх жишээтэй. Энэ ч бас харьцангуй үр дүнтэй жишээ. Үүнээс хэтийдсэн жишээ олон байгааг энд үл нуршюу.
Ийнхүү өөрийн эрхгүй духан дундуураа татуулсан эрхэм гишүүд сая нэг юм төсвөө тогтвортой байлгахын чухлыг ойлгон Төсвийн тогтвортой байдлын хуулийг батлав. Өнгөрсөн зургадугаар сарын 24-ний өдөр УИХ-аар баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг орлого олохоор балгалзаж, орлого дундрахаар бүлтэлздэг жишгийг хална гэж найдаж байв. Хуулийн заалт дагуу бол үнэхээр ч ололттой. Гэвч нарийн нягталж харах ахул “ухаалаг” хууль тогтоогчид маань ойрын зайн тоглолтын “эрх ашиг”-аа хэдийнэ шингээж амжжээ. Үүнд хэдийгээр Төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг тусгаж өгсөн боловч хуулийн зарим заалт хэрэгжих хугацаа анхаарал татна. /Хуулийн ишлэлээс харна уу/
Хэдийгээр ирэх жилийн төсвийн төслийг Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлсэн гэж байгаа ч зарим заалтууд 2013 оноос эхлэн хэрэгжихээр заасныг анхаарна уу. Хуульд дунд болон урт хугацаа хэмээн зааглаж. Энэ дагуу бол Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2018 он гэхэд бүрэн төгөлдөр хэрэгжих болох нь.
Хэдийгээр төсвийн тогтвортой байдлыг хангах нь урт хугацаа шаардлагатай, чамбай асуудал гэж тайлбарлаж байгаа ч үгүйдээ д 2012 он буюу дараагийн сонгууль хүртэл бага ч болов дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх шийдлээ тэд ийнхүү олжээ. Тэд хэдийгээр төсвийн тогтворжилтын шинэчлэлийг эхлүүлсэн гэсэн гавьяаг зүүх боловч буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүй гэдэг шиг 2012 оноос өмнө дураараа дургиж чадаж байж гэмээнэ дараагийн сонгогдох УИХ, Засгийн газарт сүүдэр нь яаж тусах нь тийм ч сонин байгаа биш бололтой. Тийм ч учраас өнөөдрийн Засгийн газар 1,5 сая төгрөг гэх мэтчилэн том дуугарах чадалтай байгаа хэрэг. Ялангуяа зарим заалтууд нь 2014 он гэж тухайлан заасан ч энд харьяалагдах гадаад өрийн асуудал л гэхэд 2014 онд оргил төлөлтийн хэмжээндээ хүрнэ гэж байгаа юм даа. .
 “Хүний хүүхдүүд” зальтай гэж…

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж