Сэлэнгэд галдан шатаах хэрэг давтагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд галдан шатаах хэрэг давтагдлаа

Сэлэнгэ аймагт  өнгөрөгч есдүгээр сарын 28-29-нд шилжих шөнө иргэдийн эд хөрөнгийг галдан шатаасан хэрэг  гарсан бол өнгөрөгч шөнө 21.00-22.10 цагийн хооронд  нутгийн иргэдийн  автомашин шатаасан  мөн автомашин шатсанаас 20-40 минутын хооронд хоёр ч айлын хашаатай өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн аж.  Өмнө нь Сэлэнгэ аймагт галдан шатаах хорлон сүйтгэх  хууль бус үйлдэл гарч  орон нутгийн цагдаагийн хэлтэс Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулагдан ажилласан ч өнөөдрийг хүртэл  эзэн холбогдогчийг тогтоогүй юм. Өнгөрөгч сард гарсан галдан шатаах хэргээс 13 хоногийн дараагаар дахин эл төрлийн гэмт хэрэг давтагдсан нь  тус нутаг дэвсгэрт оршин сууж буй иргэдийн амгалан тайван байдал алдагдаж буй талаар  эх сурвалжийн мэдээлэл байна. Сэлэнгэд гарсан галдан шатаах хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Л.Жаргалсайханаас тодрууллаа.

-Сэлэнгэ аймагт гал­дан шатаах хэрэг өнгөрөгч даваа гаригт дахин гарсан  байна. Эл хэргийн талаар тодруулаач?

-Өнгөрөгч сарын 28-29-нд шилжих шөнө “Chaser” маркийн хоёр автомашин, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарсан. Өнгөрөгч шөнийн 21 цагаас /энэ сарын 11/ эхлэн мөн Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр ба­гийн оршин суугч иргэн Ж-ын хувийн эзэмшлийн автомашин шатаасан хэрэг гарсан бол мөн оройн 22 цагийн орчимд тус аймгийн гуравдугаар багт хоёр айлын хашаан дахь өвсийг шатаасан хэрэг бүртгэгдсэн байна. Эл үйлдэл нийтдээ зургаан удаа давтагдсан бөгөөд одоогоор гурван автомашин, хоёр айлын хашаатай өвс, хоёр гарааш, нэг айлын өвлийн байшин шатаасан хэрэг гарлаа. Эл хэргийг аймгийн Цаг­даагийн хэлтэс, Эрүү­гийн цагдаагийн газраас ажлын хэсэг байгуулж хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн байгаа.

-Сэжигтэн этгээдийг барив­чилсан уу?

-Одоогоор эл хэргийг мөрдөн шалгаж байна. Яг эзэн холдбогдогчийг нь тогтоосон зүйлгүй. Гэхдээ тухайн хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрээс мөрдөн байцаагчид гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн л дээ.

-Өмнө нь 20 гаруй насны эрэгтэйг саатуулан шалгаж бай­на гэсэн мэдээлэл сонсогдож байсан.  Тус аймгийн цагдаагийн хэлт­сээс уг хэрэг  үйл­дэгдснээс хойш сэжигт­нээр татаж шалгасан хүн бий юу?

-Сэлэнгэ аймагт гарсан зургаан удаагийн үйлдэлтэй галдан шатаах хэргийн эзэн холбогдогчийг хараахан тогтоогүй бай­на. Сэжигтнээр татаж шалгаж цагдан хорьсон хүн одоогоор алга. Гэхдээ уг хэргийг илрүүлэхээр цаг­даагийн ажилтнууд  ажил­лаж байна.

-Иргэдийн эд хөрөнгөд халдаж галдан шатаах хэрэг үйлдсэн бол хуулиар ямар шийтгэл оногдуулдаг вэ?

-Иргэдийн эд хөрөнгөд санаатай халдсан хэрэг үйлдсэн этгээдийг Эрүү­гийн хуулийн 153.1-рт заас­наар   бусдын эд хөрөнгийг санаатай устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тор­гох эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж хуульд заасан байдаг. Хэрэв галдан шатаах буюу нийтэд аюултай бусад аргаар үйлдсэн эсхүл энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таваас дээш арван жил хүртэл хуга­цаа­гаар хо­рих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг.

-Тус аймагт үйлдэгд­сэн зургаан удаагийн галдан шатаах хэр­гийн улмаас иргэдэд учирсан хохирлын хэм­жээг тогтоосон уу?

-Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаагаар   хохир­лын хэмжээ тогтооно.

-Хүний амь нас эрсэдсэн тохиолдол бий юу?

-Эл хэргийн улмаас хүний амь нас хохироогүй.
Цагдаагийн байгуул­ла­гаас дээрх албан ёсны мэ­дээл­лийг өгсөн бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Н.Баттүшигтэй ут­саар холбогдоход дараахи мэдээллийг өгч байна.

-Танай сумын нутаг дэвсгэрт өчигдөр/ уржиг­дар/  галдан ша­таах хэрэг гарсан гэсэн энэ талаар тодруулаач?

-Манай суманд өчигдөр шөнө гурав, дөрөвдүгээр багийн иргэн Г, Б нарын хашаатай өвсийг шатаасан хэрэг гарсан байна лээ. Энэ хэрэг гарснаас хойш сумын  иргэд  маш их айдаст автсан байдалтай байна. Өнөөдөр өглөө / өчигдөр/ аймгаас цагдаагийн ажилтнууд ирж хэргийн газар үзлэг хийж байна гэнэ лээ. Одоо бид шөнийн цагаар айж эмээсэн байдалтай  унтаж амарч чадахгүй боллоо.

-Эл хэргийг үйлдсэн байх магадлалтай хүн танай суманд бий юу?

-Мэдэхгүй, олны яриа­гаар бол сэтгэцийн эмгэг­тэй хүн үйлдсэн юм болов уу гэсэн таамаг байна. Түүнээс биш яг тэр үйлдсэн  гэж хэлэх гэж хэлэх хэцүү. Цагдаагийн ажилтнууд дээрх хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоох биз. Хамгийн хэ­цүү асуу­дал нь ба­раг Сэ­лэн­­гэ ай­маг даяар айдаст болгоомжлолд авт­­чих­лаа. Цагдаа­гийн хэлт­сээс ч бидэнд сэрэм­жүүлэг өгч байна.

Сэлэнгэ аймагт одоогоор нөхцөл байдал ямар бай­гааг тус аймгийн Онц­гой байдлын газрын дар­га  Б.Равдандоржтой холбогд­лоо.

-Галдан шатаасан хэр­­гийн эзэн холбог­догчийг тогтоосон уу?

-Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн газраас ажлын хэсэг ирсэн. Тэд манай аймгийн  цагдаагийн хэлт­сийн ажилтнууд болон тагнуулын ажилтнуутай хамтран хэрэгтнийг илрүү­лэхээр ажиллаж байна.

-Сэжиглэж саатуулсан хүн бий юу?

-Тодорхой хэлэх боломж­гүй.
 
-Дахиад л танай айм­гийн  Сүхбаатар су­мын нутаг дэвс­гэрт гал­дан шатаах  хэ­рэг дав­тагдлаа?

-Манай Онц­­гой байд­лын газ­­раас учирч бо­лохуйц галын аюулаас сэрэмжлэх, урьдчилан сэргийлэх аж­лыг хийж байна. Уг хэрэг одоогоор бараг до­лоон удаагийн үйлдэл болсон байх. Гэмт этгээд машины доор гялгар уут дэвсч шатаасныг харахад санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх.

-Аймгийн хэмжээнд өндөр­жүүлсэн байдал зарласан гэх ташаа мэдээлэл хаанаас гар­сан юм бол?

-Галдан шатаасан хэрэг гарсны улмаас аймгийн хэмжээнд өндөржүүлсэн байдал зарласан зүйл байхгүй. Харин цагдаагийн байгууллага энэ хэрэгт өн­дөржүүлсэн байдлаар ажиллаж байгаа.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж