Тивээ төлөөлж шагнал хүртээд ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Тивээ төлөөлж шагнал хүртээд ирлээ

АНУ-ын Төрийн департаментын ивээл дор Азийг төлөөлж Энэтхэгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим /ХАҮТ/,  Европыг төлөөлж Барселоны ХАҮТ, АНУ-ыг төлөөлж Манхэттаны ХАҮТ, Африкийг төлөөлж Кейптаунийн  ХАҮТ  хамтран санаачилж,  Дэлхийн бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйг шалгаруулдаг уламжлалтай.

Дөрөв дэх удаагаа зохион байгуулсан энэ жилийн ёслолын арга хэмжээ ӨАБНУ-ын нийслэл Кейптаунд болж өнгөрлаа. Бизнес эрхлэгч шилдэг эмэгтэйг шалгаруулах үндсэн зарчим нь санаачлагч болон ивээн тэтгэгч байгууллагууд  тив бүрээс нэг нэг хүний нэрийг дэвшүүлэн өрсөлдүүлж шалгаруулдаг уламжлалтай аж.

Энэ удаагийн шалгаруултаар Ази тивийг төлөөлүүлж Энэтхэгийн ХАҮТ-аас нэр дэвшүүлсэн  ’Гандирс’’группийн ерөнхий захирал хатагтай Ц. Эрдэнэчулууныг 2010 оны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр шалгаруулжээ. Уг нэр хүндтэй шагналыг гардаж авсан  Ц.Эрдэнэчулуун нь  бизнесийн сургалтаар дэлхийн топ таван сургуулийн тоонд  тогтмол  жагсдаг Наваррагийн их сургуулийн /IESE/ Олон улсын бизнесийн удирдлагын мастерт тэтгэлгээр  суралцах урилгыг хүлээн авсан байна. Тивээ төлөөлж энэ хүндтэй шагналыг гардсан  Ц.Эрдэнэчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Та сая Монгол Улсынхаа нэрийг дуудуулж олон улсын нэр хүндтэй шагналын эзэн болоод ирсэн байна. Яагаад заавал бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг онцгойлж энэ шагналыг өгдөг юм бэ?

-Энэ их онцгой шагнал юм билээ. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгчид ирдэг юм байна. Ер нь дэлхийн чиг хандлагаар ХХI зууны эдийн засгийн хөгжилд Энэтхэг ч биш, Хятад ч биш,ерөөсөө эмэгтэйчүүд голлох үүрэг гүйцэтгэнэ гэж  үздэг болжээ. Тиймээс бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулдаг болсон гэж зохион байгуулагчид нь хэлж байна лээ. Хил хязгааргүй худалдаа, хил хязгааргүй бизнес хөгжиж байгаа үед орон орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хооронд нь танилцуулж, шинэ зууны хөгжлийн хурдцыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

-Монгол эмэгтэй тивээ төлөөлнө гэдэг сонин байна. Та яаж тэр өндөр шагнал хүртээгчдийн нүдэнд өртөж чадав?

-Монгол бас ч гэж гаднынхны нүдэнд өртдөг болсны шинж гэж бодож байна. Би мундагтаа нүдэнд нь өртлөө гэхээсээ илүү Монгол Улс маань олон улсын анхааралд өртдөг болсон байна шүү гэж бодсон. Аль орны төлөөлөд шагнал олгох вэ гэдэг бодлого цаана нь байж таарна. Азиас хэнийг авах вэ, Ц.Эрдэнэчулууныг авчих уу гэхээсээ өмнө Монголоос хүн авъя л гэж үзсэн байж таараа шүү дээ. Тийм болохоор Монголоороо бахархах сэтгэл төрж байсан.

-Та бас сургуульд сурах урилга хүлээж авсан юм байна. Шагнуулсан хүмүүстээ өгдөг урилга юм уу?

-Тийм байна. Шагнал хүртэхээс гадна том том хүмүүсээр бизнесийн ухааны хичээл заалгаж номын дуу сонсоод ирлээ. Бас Наваррагийн их сургуулийн /IESE/ Олон улсын бизнесийн удирдлагын мастерт тэтгэлгээр суралцах урилга хүлээн авлаа.Захирал нь өөрөө ирсэн байна лээ. Харвардын их сургуультай хамтарч хөтөлбөр зохион байгуулж байгаа юм байна. Сургалтаараа дэлхийд эхний хоёрт ордог хөтөлбөр юм байна.

-Сургуульдаа хэзээнээс сурах вэ?

-2011 оны аравдугаар сараас эхэлнэ. Сургалтын төлбөрийн 60 хувийг хөнгөлж байгаа. 104 сая төгрөгтэй тэнцэх юм байна лээ. Дал гаруй мянган евро болж байсан. Нэг жил зургаан сарын хөтөлбөрт сурна. Улирал бүр нэг сар очиж сураад бусад үед нь онлайнаар хичээлээ хийнэ. Барселон, Мадрид, Шанхай, Нью-Йорк гээд тав зургаан газар очиж хичээлээ хийнэ. Тийм сайхан хөтөлбөр байдаг юм байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж