АТГ хүнд нөхцөлд ажиллаж байна гэж шинжээчид үнэлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

АТГ хүнд нөхцөлд ажиллаж байна гэж шинжээчид үнэлжээ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны шинжээчдийн баг энэ оны гуравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, хэрэгцээнд үнэлэлт өгөхөөр манай улсад ажиллажээ. Ямар үнэлэлт өгсөн талаараа албан ёсны дүгнэлтээ саяхан манайд ирүүлсэн байна.

Энэ талаар болон Авлигатай тэмцэх газрын гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар тус газрын Гадаад харилцаа, олон улсын эрх зүйн асуудал хариуцсан ажилтан Н.Баясгалантай ярилцлаа.

-НҮБ-ын Ман­суу­руулах бодис, гэмт хэрэг­тэй тэмцэх алба­наас хэчнээн хүний бүрэл­дэхүүнтэй шин­жээчийн баг манай улсад ажилласан бэ. Ба­гийн­хан ямар дүгнэлт хийсэн байна?

-НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зөвлөх Алан Дойг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн авлигатай тэмцэх асуудал хариуцсан мэргэжилтэн Самуэль Де Жегер, Базелийн засаг­лалын институтын ажилтан Педро Гомес Перейра, мөн институтын төрийн хариуцлагын тогтолцооны хэлтсийн дарга Ян Кристофер Рихтер нарын шинжээчид манай улсад Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, хэрэгцээнд үнэлэлт хийх зорилгоор ажилласан.

Шинжээчид Монгол Улсын Ав­лигатай тэмцэх газар үйл ажиллагаагаа хүнд нөхцөлд явуулж бай­на гэсэн үндсэн дүгнэлт хийснээ саяхан манайд ирүүлсэн байна. Энэ дүг­нэлтийнхээ үндэслэл бол­гон хэд хэдэн асуудлыг дурдсан байгаа.
Тухайлбал, манай улсад улс төр, эдийн засгийн элитүүдийн нөлөө, эрх мэдлийн төвлөрөл үүссэн, эд баялаг болон эрх мэдлийн статусыг богино хугацаанд олж авах гэсэн эрмэлзэл их, төрийн албанд хувийн ашиг сонирхлыг хамгаалах үзэл нь ардчилал, хууль ёс, олон нийтэд хандсан бодлогоос урьтаж нийгэмд хэв маягаа тогтоож байгаа, Авлигатай тэмцэх газрын одоогийн боломж, хүчин чадлаас хэтэрсэн үр дүн шаарддаг, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад  харьяалагдвал зохих эрүүгийн хэргийн төрөл дутуу, гүйцэтгэлийг хэмжих үзүүлэлт бүхий авлигатай тэмцэх стратеги боловсруулах шаардлагатай гэсэн үндэслэлүүдийг дурьдаж өгсөн байна.

-НҮБ-ын шинжээч­дийн өгсөн үнэлэлт гэдэг утгаараа мэ­дээж боди­той байх л даа. Тэгэхээр таны дурьдсан үндэслэлийг, өөрөөр хэлбэл бэрх­шээ­лийг арилгах чиг­лэлээр яаж ажил­лах ёстой вэ. Энэ талаар?

-Мэдээж бэрхшээлийг да­ван туу­­лахын тулд тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.  Эдгээрээс хамгийн чухал ач холбогдолтой нь Авли­гын эсрэг НҮБ-ын конвенцид үндэсний хууль тогтоомжийг нийцүүлэх явдал юм. Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгож, эрх зүйн орчноо Авлигын эсрэг НҮБ-ын конвенцид нийцүүлснээр олон асуудал, бэрхшээлийг шийдэх боломжтой гэсэн бодлогыг Авлигатай тэм­цэх газраас барьдаг. Энэ чиглэлээр ч тодорхой ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа.
Дашрамд дурьдахад, 2009 онд Катар Улсын Доха хотноо болсон Авилгалын эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон орнуудын бага хурлын гуравдугаар чуулганаар уг конвенцийн хэрэгжилтийг хянаж, үнэлэх механизмыг баталж, оролцогч улс бүрд конвенцийн хэрэгжилтийг таван жил тутамд нэг удаа хянан үнэлж байхаар шийдвэрлэсэн юм.  Энэ шийдвэрийн дагуу энэ оны 11 дүгээр сард НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас томилсон шинжээчид Мон­гол Улсад ирж, НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг  хянаж, үнэлгээ дүгнэлт хийх гэж байгаа.

Шинээр батлагдсан үнэ­лэх механизмын дагуу тус конвенцид нэгдэн орсон улс орон бүр үндэсний хэмжээндээ конвенцийн хэрэгжилтийн байдлын талаар тодорхой зүйл заалт тус бүрээр нь судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, хэдийгээр конвенцийн үзэл баримтлал үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон боловч хөрсөн дээрээ яаж хэрэгжиж байгаа эсэхийг тогтоох, хангалтгүй хэрэг­жиж байгаа зүйл заал­туудыг хэрхэн хэрэгжүүлэх талаар санал боловсруулах үндсэн чиг үүрэг бүхий шинжээчдийн баг болон удирдах зөвлөлийг төрийн болон хувийн хэвшил, иргэний нийгмийн тө­лөөл­лийг оролцуулан байгуу­лахаар болсон. Монгол Улсын хувьд энэхүү шинжээчдийн багийг ажил­л­уулж эхлээд байгаа ба шинжээчид НҮБХХ-ийн Монгол Улсад Шударга ёс, Ил Тод Байдлыг Хөгжүүлэхэд Дэмжлэг Үзүүлэх Төсөлтэй нягт хамтран ажиллаж байна.
Монгол улс Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хянаж үнэ­лэх, механизмыг боловс­руулах ажилд эхний шатнаас нь эхэлж идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг хянаж үнэлэх, механизмыг батлахаас өмнө хэрэгжил­тийг хянах аргыг 29 орныг сайн дурын үндсэн дээр хамруулан туршсан бөгөөд Монгол Улс эдгээр 29 орны нэг болж тухайн санаачлгад идэвхтэй оролцсон. Тус конвенцийн хэрэгжилтийг хянах аргыг туршсан улс орнууд бие биедээ харилцан үнэлгээ өгсөн бөгөөд 2009 оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэг­тэй тэмцэх албанаас томилсон шинжээчдээс бүрдсэн баг манай улсад ажиллаж, Конвенцийн хэрэгжилтэд үнэлгээ хийсэн.

-Ямар үнэлгээ өгсөн бол?

-Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийн талаар өөрийн үнэлгээний мэдээл­лээ НҮБ-д явуулсны дагуу НҮБ-аас Монгол Улсыг Авлигын эсрэг конвенцийг хэрэгжүүлэх талаар хийж бай­гаа ажлаараа 29 орноос дөрөвдүгээрт буюу манлайлах байдалтай  байна гэж урьдчилан үнэлсэн. Шинжээчид газар дээр нь ирж шалгаад, энэ үнэлгээгээ өөрчлөөгүй.
 
-Авлигатай тэмцэх газрын гадаад харил­цаа хариуцсан ажил­тан мэдээж улс орны хэмжээнд авлигатай тэмцэх чиглэлээр га­даад харил­цаа,  хам­тын ажиллагааны чиглэлийг тодорхойлж явдаг байх. Ийм чухал ажлыг хариуцсан ажилт­ны хувьд тань асуухад гадаад хамтын ажиллагааны хүрээнд манай улс авлигатай яаж тэмцэж байна вэ?

-Гадаад орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага, олон улсын байгууллагуудтай харилцан хамтын ажил­лагаагаа хөгжүүлэх, авлига­тай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр амжил­тад хүрсэн гадаад улс орон, ижил төстэй байгууллагуудын тэргүүн туршлагыг судлан, сурал­цах, бүс нутгийн болон олон улсын төвшин дэх авлигын эсрэг хамтын ажиллагаа, арга хэмжээнүүдэд идэвх­тэй оролцон байр суу­риа илэрхийлж, авлигатай тэмцэх шударга ёсыг бэх­жүүлэх чиглэлээр байгуул­лагын зүгээс болон Монгол улсын хэмжээнд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн ололт амжилтаа сурталчлах,  олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх чиглэлээр хамтын ажил­лагааг хөгжүүлэх гэх мэт гол бодлого, чиглэлийг барьж ажилладаг.

Глобалчлалын үйл явцын нөлөөгөөр авлигын төрлийн гэмт хэргүүд ч мөн глобалчлагдаж хил хязгааргүй болсон.  Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд улс орнуудын хил хязгаар ихээхэн хүндрэл учруулж байгаа. Иймд урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, мөрдөн шалгах гэсэн авлигын эсрэг уламжлалт гүрван үзүүрт стратеги дээр олон улсын хамтын ажиллагааг нэмж үндсэн дөрвөн үзүүрт стратегийг бий бол­гох шаардлагатай бөгөөд идэвхтэй, харилцан үр ашигтай олон улсын хам­тын ажиллагааны үндсэн дээр авлигатай амжилттай тэмцэнэ гэсэн үзэл баримт­лал дээр сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг санал нэгдээд байгаа.

-Гадаад харилцаа, хам­тын ажиллагааны хүрээнд авлигатай тэм­цэх чиглэлээр хий­сэн ажлаасаа тодорхой ажил, арга хэмжээг дурьдаж хэлэхгүй юу?

-2009 онд Катарын Доха хотноо болсон Авлигын Эсрэг НҮБ-ын конвенцид нэгдэн орсон талуудын бага хурлын гуравдугаар чуулганаар  конвенцийн хэрэгжилтийг дүгнэх ме­ха­низ­мыг хэлэлцэж, батлахад Ч.Сангарагчаа болон Тамгын хэлтсийн дарга идэвхтэй оролцсон.

 Мөн манай ажилтнууд 2009 онд Австрийн Вена хотноо болсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийх сайн дурын ажлын хэсгийн уулзалтад оролцсон.
Түүнчлэн, “Азийн Хөгж­лийн Банк-Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгж­лийн Байгууллагын Ази Номхон Далайн Бүс Нутаг дахь Авлигын эсрэг санаачилга” олон улсын байгууллагын удирдах бүлгийн уулзалт болон бүс нутгийн семинаруудад идэвхтэй оролцож бүс нутгийн хэмжээнд өөрс­дийн дуу хоолойгоо хүргэсээр ирлээ.

Филиппин улсын Ма­нила хотноо болсон Ази Номхон Далайн Бүс Нутаг дахь Авлигын эсрэг санаачилга олон улсын байгууллагын удирдах бүл­гийн 14 дэх удаагийн уулзалт болон “Авлигын Улс Төрийн Эдийн Засаг” сэдэвт бүс нутгийн семинарт Ч.Сангарагчаа дарга  “Азийн хөгжлийн банк-эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ази номхон далайн бүс нутаг дахь авлигын эсрэг санаачилга” олон улсын байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын урилгаар оролцож, “Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын бие даасан хараат бус байдлын эрх зүйн зохицуулалт” сэдвээр тавьсан илтгэлийг семинарт оролцогчид өндрөөр үнэлсэн.

Монгол Улсын Авлига­тай тэмцэх байгууллага Авлигын эсрэг байгуул­лагуу­дын олон улсын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элссэн, олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох Интерполтой  авлигатай тэм­цэх асуудлаар хамтран ажиллах харилцан мэдээлэл солилцох боломжтой болсон.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Олон улсын Эрүүгийн цагдаагийн бай­гууллага-ИНТЕРПОЛ, Европын авлигын эсрэг байгууллагын тусламж дэмжлэгтэйгээр Авлигын эсрэг олон улсын анхны академийг байгуулахаар идэвхтэй ажилласны үр дүнд 2010 оны есдүгээр сарын 2-3 ны өдрүүдэд Австрийн Вена хотын Хопбаргын хурлын төвд “Төсөөллөөс Бодит Байдалд: Авлигын Эсрэг Тэмцэх Шинэ, Нэгдмэл Арга Хандлага” сэдвийн доор өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан байгаа. Энэ уулзалтын үеэр Авлигын эсрэг академийн албан ёсны нээлтийг хийсэн. Эл арга хэмжээнд манай байгууллагаас албан ёсоор төлөөлөгч оролц­сон. Авлигатай тэмцэх газар тус академийн үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцож, акаде­мийн сургалтад алба хаагч­даа эхний ээлжинд хамруу­лахаар ажиллаж байгаа.

Дашрамд хэлэхэд Ав­лига­тай тэмцэх газрын гадаад харилцааг хөг­жүүлэх үйл ажил­лагаа нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалд бүрэн нийцэж түүний хүрээнд явагддаг. Тус үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол улсын гадаад харилцааны нэн тэргүүний зорилт” хэмээн заасан байдаг. Тиймээс ч хоёр хөрш улстай болон БНСУ гэх зэрэг цөөнгүй улс орнуудтай авлигатай тэмцэх ажлын чиглэлээр хоёр талт хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, харилцан туршлага солилцон ажиллаж байна.

-Олон улсын зарим байгууллагууд мөн авлигатай тэмцэх үйл ажиллагааг чадавх­жуу­лах чиглэлээр ма­най улс­тай нэлээд өргөн хүрээнд харил­цаж, дэмжлэг үзүүлдэг гэж ойлгодог. Энэ талаар?

-Олон улсын донор байгууллагуудтай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь бидний хувьд мөн чухлаар тавигддаг. Одоогийн байдлаар манай байгууллага дээр Дэлхийн банк болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр холбогдох төслүүд хэрэгжиж байгаа. Үүнээс гадна НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба Азийн хөгжлийн банк зэрэг бусад олон улсын байгууллагуудтай нягт харилцаа холбоотой ажилладаг. Бид олон улсын донор байгууллагад манай байгууллагын өм­нө тул­гамдаж буй асуу­дал, хэрэгцээтэй тусламж дэмжлэгийн талаар тогт­мол мэдээлэл хүргэж нээлттэй харилцах бод­лого барим­талдаг. Хамгийн сүүлийн жишээг дурьдахад, АТГ-ын дарга  Ч.Сангарагчаа  манай хүмүүс өнгөрсөн хоёрдугаар сард Дэлхийн Банкнаас Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулсан “Авлига, санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах чиглэлийн хамтын ажиллагааг Ази тивийн хэм­жээнд эрчимжүүлэх нь” сэ­дэвт олон улсын бага хуралд урилгаар оролцож Монгол Улсын хэмжээнд авлигатай хэрхэн тэмцэж, мөрдөн шалгаж байгаа талаар илтгэл тавьсан. Бага хурлын үеэр манай төлөөлөгчид Дэлхийн банкны холбогдох албаны ажилтнуудтай уулзаж Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэг­жилтийн явцад авли­гаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах талаар зарчмын тохиролцоонд хүрсэн.

-Та түрүүн яриандаа авлигатай тэмцэх га­зар ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад орнуудын турш­лагыг су­далж, тэд­ний турш­лагаас судалдаг гэлээ. Ту­ха­йлбал, ямар ул­сын туршлагаас судалж ирэв. Суралц­сан туршлагаа хэрэг­жүүлэх боломж нөхцөл эрх зүйн хүрээнд хэр нээлттэй байдаг вэ?

-Манай байгууллага ажилтнуудаа сургах, мэргэшүүлэх чиглэлээр гадаад орнуудтай хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөтгөн хөгжүүлж байгаа. Энэ чиглэлээр Австрали, АНУ, ХБНГУ, Индонези, Канад, БНСУ, БНХАУ, Хонконг, Макао, зэрэг улс орнуудтай хамтран ажиллаж байна. Албан хаагчид гадаад улс орнуудад сургалтад хамрагдахдаа сурч мэдсэн зүйлээ ажил, албандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх төдийгүй ма­най байгууллагын хэл­тэс, албад бодлого боловс­руулан тодорхой ажлуудыг хийж байна.

-Авлигын эсрэг НҮБ-ын кон­вен­цид үндэсний хууль тог­тоомжийг нийцүүлс­нээр авлигын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчин сайжирна, боловсронгуй болно гэдэг. Тэгэхээр  олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Авли­га­тай тэмцэх газар яаж ажиллаж байна вэ?

-Авлигатай  тэмцэх  хам­гийн боловсронгуй, хам­гийн дэвшилттэй олон улсын эрх зүйн баримт бичигт тооцогддог Авли­гын эсрэг НҮБ-ын конвенцийн VI дүгээр бүлгийн 46 дугаар зүйлийн нэг дэхь хэсэгт  “Оролцогч улсууд энэхүү конвенциор тодорхойлсон авлигын гэмт хэрэгт мөрдөн байцаах, яллах, шүүх ажиллагаа явуулахад эрх зүйн хамгийн өргөн хүрээний туслалцааг бие биедээ үзүүлнэ” гэсэн бол долоо дахь хэсэгт нь “Тухайн оролцогч улсууд хоорондоо эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ байгуулаагүй тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийн хувьд энэ зүйлийн 9-өөс 29 дэх хэсгийг хэрэглэнэ” гэж заасан байдаг. Конвенцийн энэхүү зохи­цуулалт нь авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах, гэмт хэрэгтэн шилжүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаан олгох чиглэлээр дэлхийн улс орнуудын хууль сахиулах байгууллагуудын хамтыг ажиллагааг шинэ төвшинд гаргах боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн юм.

Бид конвенцийн дээрх заалтуудыг баримтлан Авлигатай тэмцэх газарт шал­гагдаж буй эрүүгийн хэргүүдэд эрх зүйн харилцан туслалцаа авах хүсэлтийг хэд хэдэн орны холбогдох албадад зохих журмын дагуу хүргүүлж, харилцан хамтарч ажиллаж байна.

Б.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж