Жэки Чан Монголд хийсэн аяллынхаа талаар

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Жэки Чан Монголд хийсэн аяллынхаа талаар

Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чан Монголд аравдугаар сарын 3-5-ны хооронд хүмүүнлэгийн айлчлал хийсэн билээ. Тэрбээр энэ талаараа өөрийнхөө вэб сайтад бичсэнийг орчуулан хүргэж байна.

Монголд хийсэн миний анхны хандивын аялал

Эхний өдөр:

Би өөрийн багийн хамт ням гаригийн өглөө Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу нисэх гэж эрт бослоо. Чингис хаан нисэх буудалд буухад намайг хүүхдүүд, томчууд гээд олон хүн угтсан. Анх удаагаа, тэр тусмаа өөрийнхөө дуртай ажил болох хүмүүнлэгийн ажлаар энд ирж байгаа учир миний сэтгэл их хөдөлж байсан. Монгол улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг. Онгоц газардахаас ч өмнө утаа нь харагдаж байлаа. Шинэ Засгийн газрын зүгээс цэвэр агаарын төлөөх ажлыг сурталчлахад намайг туслахыг хүссэн юм. Гэхдээ би Монголд нэгхэн зүйл хийхийн төлөө ирэхийг хүсээгүй тул хүмүүнлэгийн ажил хийх хүсэлт тавьсан юм. Ингээд миний аялал эхэлж байна.

Бид Монголын хөрөнгө оруулалтын груп болон “Joyful Care Charitable Foundation”-ы хамт миний Монголд хийхийг хүсч байгаа ажлынхаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулсан. Та нар “Joyful Care Charitable Foundation”-ыг миний “Jackie Chan Charitable Foundation” шиг JCCF гэж товчилж болохыг анзаарав уу? Ха ха.

Тэд түүнчлэн намайг дуурайлган хийсэн хөшөө үзүүлсэн. Юу гэж бодож байна? Надтай ижилхэн харагдаж байна уу?


Би гүйлтийнхээ хувцасыг
өмсөн Спортын төв ордон руу очиж, 500 гаруй хүний хамт агаарын бохирдлын эсрэг гүйлтэд оролцсон юм. Тэнд маш олон хүн байсан. Надад зориулсан олон лоозон байсныг би харж байлаа – маш их баярлалаа.
Сүхбаатарын талбай руу очиход удсангүй. Тэнд очиход хотын дарга надад Улаанбаатарын хүндэт иргэний жуух гардуулсан. Би маш олон хүүхэд уйлж байгааг харсан. Магадгүй тэдний сэтгэл их хөдөлснөөс тэгсэн байх гэж бодож байна.

Удалгүй талбайд цугласан хүмүүстэй салах ёс гүйцэтгээд зочид буудал руугаа очиж оройны хандивын хүлээн авалтад зориулан хувцасаа солихоор явсан. Нар жаргаж байсан бөгөөд зочид буудлынхаа цонхоор би энэ зургийг авсан юм.
Хандивын хүлээн авалтын үеэр бид маш их мөнгө цуглуулж, олон сайхан үзүүлбэр үзсэн. Миний хүүхдүүд болох Ла, Зы хоёр намайг хаашаа ч явсан хамт явдаг. Гэхдээ надтай хамт хүмүүнлэгийн ажлаар энд ирсэнд би маш их баяртай байгаа.

Удалгүй хандив цуглуулах ажил эхэллээ. Дуудлага худалдаанд оруулсан эхний зүйл нь Hermes-ийн хийсэн Жэки Чаны ороолт байв. Эхлээд тэд зөвхөн хайрцагийг нь үзүүлж байсан. Ямар л хүн зөвхөн хайрцаг хараад үнэ хаялцав гэж дээ. Тийм  болохоор би тайз руу гүйж очин энэ ороолт нь “Hermes”-ийн ямар нэг компанид бус анх удаагаа нэг хүнд зориулан үйлдвэрлэсэн ороолт гэдгийг тайлбарлаж өгсөн. Дэлхийд энэ ороолт ердөө 600 байдаг ба надад хоёр, гуравхан үлдсэн байсан юм. Би ороолтыг хайрцагнаас нь гарган хүн бүрт ямар сайхан эд болохыг нь харуулсан юм. Ороолтон дээр хэвлэсэн хоёр барын дүрс ил гарлаа.

Би бас хар цагаан гэрэл зурган дээр гарын үсэг зурж, дуудлага худалдаагаар зарсан. Энэ үдэш 100 мянган ам.доллар, 100 мянган Хонг Конг доллар хандивласандаа би маш их баярласан. Би буяны ажилд маш дуртай.

Хоёр дахь өдөр:

Дараагийн өдөр нь би өөрийн багийн хамт Чингис хааны хөшөө рүү явахаар бэлдэв. Өглөөний цайндаа би ихэвчлэн шинэхэн шахсан жүржийн шүүс эсвэл нэг жимс л иддэг. Гэхдээ тэр өдөр би өөрийн дуртай хоолнуудын нэг болох сайхан хавирганы шөл олж уусан юм. Аяга будаа нэмж хийгээд идэхэд өдрийг сайхан эхлүүлэхэд яг хэрэгтэй зүйл минь байсан юм. Өглөөний цайндаа папаяа эсвэл манго иддэг байсан хүн том өөрчлөлт хийсэн байгаа биз?

Идэж дууссаны дараа би явахад бэлэн болсон байсан ч биднийг авахаар ирэх машинууд замын түгжрэлд гацсан байгааг сонслоо. Тэгээд Монголд ирэхээс минь өмнө зам засварын маш их ажил хийгдэж, олон зам хаагдсан байсныг би мэдэж авсан юм. Энэ нь надад төвөгтэй санагдаагүй бөгөөд би компьютерээ асаагаад хөгжим сонсож, авсан зурагнуудаа янзалсан.

Бид машинаар том хөшөө рүү явах замд уул, өвснөө өөр харагдах юм байхгүй байлаа. Зам нь хараахан хатуу хучлагатай болоогүй байсан болохоор маш их донсолгоотой байсан. Эцэст нь ирэх жил бүрэн бэлэн болох энэ хөшөөн дээр ирлээ.

Өчигдөр надад бэлэглэсэн жижиг хөшөө нь бодит хэмжээгээр хийгдэх юм билээ. Энэ Чингис хааны хөшөө шиг том биш ч гэсэн, 10 мянган жижиг хөшөө байрлана гэсэн. Надад ерөнхий зураг төслийг нь үзүүлсэн. Хэрэв зурагтайгаа 80 хувь ижилхэн болсон байхад л үнэхээр үзэсгэлэнтэй болох юм. Ирэх жил ямар болохыг нь үзнэ дээ. Учир нь би буцаж очиж үзмээр байгаа.
Би энд Монголын хөөрхөн хүүхдүүд ба өөрийн хүүхдүүд болох Ла, Зы нартай хамт байна.

Бөхийн тэмцээн үзэхийн өмнө надад морь бэлэглэсэн! Надад Чен Чен ба Лон Лон гэдэг хоёр панда байдаг болохоор би энэ мориндоо ямар нэг өгөхөө мэдэхгүй байлаа. Надад хоёр чихмэл панда, Ла ба Зы, Динг Динг ба Донг Донг гэдэг хоёр муур, Жэй Жэй ба Жонс гэдэг хоёр нохой байдаг. Тиймээс би энэ морио Жэк гэж нэрлэхээр болсон. Яагаад гээч? Яагаад гэвэл Жэк гэдэг нь өөрөө хурдан гэсэн утгатай. Энэ жижиг биетэй морийг дутуу үнэлж болохгүй шүү. Яагаад гээч? Тэд өдрийн цагаар мянган миль, шөнийн цагаар 800 миль давхиж чаддаг. Том морь магадгүй 2000-4000 фут газар давхиад л зогсчихдог. Харин энэ морьд бол үүрд давхиж чадна. Яг над шиг. Ха ха.

Би бусадтайгаа хамт бөхийн тэмцээн сонирхлоо. Хаана ч явсан бай тулааны урлаг бол тулааны урлаг л байдаг гэж бодож байна. Хэдийгээр маш олон орон, өөр өөр стиль байдаг ч эцэстээ бүгд ерөнхийдөө ижилхэн санагддаг юм.
Биднийг өдрийн хоол идэхээр дотогш ороход бидэнд Монгол үндэсний хөгжмийн үзүүлбэр үзүүлсэн. Энэ бүсгүйг хараад, хандивын хүлээн авалт дээрх хоёр нугараач охиныг санахдаа өөрөөсөө “Бүх Монгол эмэгтэй энийг хийж чаддаг юм болов уу” гэж асуусан.


Улаанбаатарт буцаж очоод улсын асрамжийн газар очсон. Хэрэв та намайг мэддэг бол намайг хүүхдэд хэр их хайртайг мэднэ байх. Учир нь тэд энэ дэлхийн ирээдүй. Би 38 хувцасны шкаф, 10 шүүгээ болон өрөөнүүдийн засварт зориулж мөнгө хандивласан.

Би бас номын санг нь янзлах ажилд гар бие оролцож байгаа хэсэг Австрали сайн дурынхантай уулзсан. Тэднийг Каберрагаас ирсэн гэдгийг сонсоод миний сэтгэл их хөдөлсөн. Яагаад гэвэл эцэг эх маань Канберрад олон жил амьдарч, хоёул тэнд тайван нойрсож байгаа юм.

Би хүүхдүүдтэй салах ёс хийхийг хүсээгүй ч бид дараагийн газар руу явах хэрэгтэй байсан юм. Энэ нь Монголын гэр хорооллын бүс юм. Монголын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Би хувиасаа хоёр гэр бүлд хоёр гэр, будаа гурил хандивласан. Та бүхэнд хүний амьдарч байсан гэр болон шинэ гэрийн ялгааг үзүүлэх гэж зургийг нь тавих гэж байсан боловч гэр бүлийнх нь зөвшөөрөлгүйгээр зургийг нь тавьж болохгүй байх.

Орчуулагч тэдний түүхийг ярьж эхлэхэд энэ эмэгтэй уйлж эхэлсэн ба би ч дагаад уйлсан.
Энэ бол ундны усны худаг барих газар хагалах ёслолын үеэр авахуулсан зураг.

Дараад нь бид хот руу явж, 500 өнчин, орон гэргүй хүүхдүүдийг баярлуулахаар театрт очсон. Хэдийгээр бид замын түгжрэлд орсон ч Карате Кид киноны сүүлийн хэсэгт очиж амжсан юм. Хүүхдүүд энэ киног Англи хэл дээр Монгол хадмал орчуулгатай үзэж байлаа. Энэ хүүхдүүд өмнө нь кино театрт огт орж үзээгүй.

Киноны дараа би хүүхдүүдтэй нэгдэн, талархснаа хэлээд салах ёс гүйцэтгэсэн юм.

Оройд нь бид оройн зоогны үеэр хандив цуглуулахад тусласан бүх хүмүүс болон энэ хүмүүнлэгийн аялалыг бүтэмжтэй болгосон бүх хүмүүст талархал илэрхийлсэн. Надаас олон хүн “Жэки, Монголд ирсэнд баярлалаа” гэж хэлж байсан. Би хариуд нь “Яагаад болохгүй гэж? Энэ дэлхий биднийх. Би чинь дэлхийн иргэн шүү дээ” гэж хэлдэг. Би Монголд ирээд Монгол хүн, харин Бээжинд ирвэл Бээжин хүн болно. Ха ха. Хэрэв бүх хүн өөрсдийгөө дэлхийн нэг хэсэн гэж боддог бол бүх улс орныг өөрийнхөө л эх орон шиг бодно. Тэд хүмүүсийг хар, цагаан, улаан, шар арьстан гэлтгүй өөрийн ард иргэд шиг бодно. Мөн ингэж чадвал байгаль орчиндоо ч илүү сайн хандана шүү.

Баярлалаа, Монгол улс аа. Дахин уулзахын ерөөл тавьяа.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж