Ерөнхийлөгч Францын сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Францын сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж буй Францын Засгийн газрын гишүүн, Гадаад худалдааны сайд хатагтай Анн -Мари Идракийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс ардчиллын замыг сонгосон цагаас эхлэн Франц улс дэмжиж ирсэнд талархаад, Францын Гадаад худалдааны сайдын манай улсад хийж буй анхны айлчлал нь Монгол,Францын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргөжих шинэ төлөв, илрэл гэж үзэж байгаагаа тэмдэглэв. Сайдыг дагалдан Франц улсад төдийгүй дэлхийд дээгүүрт ордог компаниудын төлөөлөгчид ирж, Монгол-Францын бизнес форум зохион байгуулж байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэсэн үйл явдал гэж үзэж буйгаа мөн Ерөнхийлөгч илэрхийллээ.
Тэрбээр “Францын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчдийн айлчлал Монгол Улсад их бүтээн байгуулалт эхэлж буй цаг үетэй давхцаж байна. Ялангуяа манай хоёр орны хооронд уул уурхайн салбарт хамтын ажиллагаа өргөжиж буй нь бусад салбарт Францтай хамтрах сонирхлыг бий болгож байна. Манай улс цөмийн энергийн талаар баримтлах бодлогоо 2009 онд баталсан бөгөөд энэ салбарт ихээхэн туршлагатай Франц улс дэмжиж хамтран ажиллаж буйд бид талархаж байна” гэв. Францын Гадаад худалдааны сайд хатагтай Анн-Мари Идрак хариу талархал илэрхийлээд, ярианыхаа эхэнд Франц улсын Ерөнхийлөгч Н.Саркозигоос Монгол Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидлыг гардуулан өглөө. Ерөнхийлөгч Н.Саркози энэхүү захидалдаа Франц, Монголын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байгаагаа нотолжээ. Хатагтай Анн-Мари Идрак, Монгол Улсад хийж буй айлчлал нь амжилттай эхэлж байгааг дурдаад, манай хоёр орны хамтын ажиллагааны чухал салбарууд нь уул уурхай, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол гээд эдгээрийг төлөөлөх нэр хүндтэй, туршлагатай бизнесменүүд ирснийг дуулгалаа.

“Энэ айлчлалын үеэр манай хоёр Засгийн газрын хооронд цөмийн энергийн салбарт хамтран ажиллах Хэлэлцээр байгуулагдана. “Арева” бол ураны салбарт дэлхийд тэргүүлэгч компани. Энэхүү Хэлэлцээр  нь Аревагийн хувьд үйл ажиллагаагаа улам бүр хариуцлагатай, баттай болгох суурь болох нь дамжиггүй. Түүнчлэн Монгол Улс болон Европын Холбооны хооронд хийж буй бүхий л яриа хэлэлцээг Франц улс дэмжиж байдгаа дахин нотолж байна” гэж сайд Анн-Мари Идрак ярив. Тэрбээр мөн цаазаар авах ялаас түдгэлзсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг Франц улс дэмжиж байгааг дахин нотлоод, энэ бол Ерөнхийлөгчийн зүгээс хүний эрхийг дээдэлсэн маш том алхам гэж үнэлдгээ илэрхийллээ. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэх бусад боломжийг ярилаа.

Эх сурвалж President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж