Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

Федерер нэг номер

Ганцаарчилсан төрөлд дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт, харин хосын төрөлд тэргүүлж байсан Шведийн алдарт теннисчин Жунас Бёркман өдгөө дэлхийн чансаанд гуравдугаарт эрэмбэлэгдээд байгаа Рожер Федерерийг эргэлзэх зүйлгүй өнөө цагийн шилдэг хэмээн тодотгожээ. “Швейцарь цаг” хочит Федерер энэ жил ердөө хоёрхон тэмцээнд түрүүлсэн ч түүний талаар Бёркман “Федерер бол огт өөр ангиллын тоглогч. Тэр одоогийн нэг номер Надалиас бүх талаараа илүү” гэжээ.

Надалийн хувьд энэ жил долоон тэмцээнээс аваргын цом хүртээд байгаа. Тэрбээр Францын нээлттэй тэмцээн, Уимбльдон, Америкийн нээлттэй тэмцээнүүдэд түрүүлж, нэг улирлын хугацаанд “Их дуулга”-ын гурван цом хүртсэн билээ.

Харин Бёркманы үзэж буйгаар Надаль болон Федерер нарыг “Их дуулга”-ын дөрвөн тэмцээнээр л харьцуулахад хангалттай гэнэ. Надаль есөн түрүүтэй бол Федерер 16 “Их дуулга”-ын цомын эзэн. Мөн 23 “Их дуулга”-ын цувралд дарааллан хагас шигшээд шалгарсан гайхамшигтай амжилтын эзэн юм. Швед од “Федерерийн амжилтыг эвдэхэд Надальд хүндхэн байх болно. Тэр гэмтэл бэртэл авахгүй тоглож байж л түүний амжилттай зэрэгцэнэ. Тэр бэртлээс үүдэн олон ч тэмцээн өнждөгөөрөө Рожероос ялгаатай” гэсэн байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж