“ЦСКА Москва” 85:96 “Майами Хит”

Хуучирсан мэдээ: 2010.10.13-нд нийтлэгдсэн

“ЦСКА Москва” 85:96 “Майами Хит”

ОХУ-ын “ЦСКА Москва” NBA-ын орчин цагийн шилдгүүдийн нэг “Майами Хит”-тэй тогложээ. Уг тоглолт олны таамаглаж байсанчлан “Хит”-ийн давамгайлал дор дууссан байна. “Хит” талбайдаа Оросын багийг 96:85 харьцаатай хожсон юм. Энэ тоглолтонд Двэйн Уэйд гэмтлийн улмаас оролцоогүй ч түүний эзгүйд Оросууд “Хит”-ийн шинэ цэргүүдийг барсангүй.
NBA-ын улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хоёр удаа хүртэж байсан Леброн Жеймс талбайд 26 минутыг өнгөрөөн, 22 оноог авч, талбайг орхисон байна. Учир нь Леброны гуяны булчин зангирсан аж. Тоглолтын дараа Леброн “Би зүгээр. Шөрмөс бага зэрэг татчихлаа. Гэхдээ одоо бүх зүйл хэвийн. Хэрэгтэй гэж үзвэл би дараагийн тоглолтонд ч ороход бэлэн” гэжээ. Харин энэ зун “Хит”-д ирсэн Крис Бош 17 оноо, 8 самбараар багийн нөхдөө хошуучилсан.
Эсрэг багаас Дьюкийн их сургуулийн од Траяан Лэнгдон 20 оноо, Жамонт Гордон 17, Рамунас Шишкаускас 17 оноогоор багтаа тус болсон. Тэдэн дээр нэмэгдэн Смодиш ганцаар 10 онооны босгыг давжээ. Саша Каун дасгалжуулагчийн шийдвэрээр , Ж.Р.Холден эмчийн магадлагаагаар тоглолтыг өнжсөн бол Виктор Хряпа шагайндаа мэс ажиллагаа хийлгээд байгаа билээ.
Тоглолтын эхний хагас өрсөлдөөнтэй жигдхэн үргэлжилж, Армийн төв клуб “ЦСКА” 44:39 харьцаатайгаар давамгайлж байсан ч гуравдугаар үед “Хит”-ийнхэн 32 оноо аван эсрэг багтаа 20 оноог алдан тэргүүллийг авч эхэлсэн байна. Энэ үед Майами 23 оноог дарааллан авсан бөгөөд үүний 19-г нь Хаан Жэймс болон СиБи4 нар авсан.
“ЦСКА-ын АНУ-аар хийх аялан тоглолтын дараагийн тоглолтууд Оклахома, Кливлэнд хотуудад зохиогдох болно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж