Газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурахгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.14-нд нийтлэгдсэн

Газрын тосны нийлүүлэлт нэмэгдсэн ч үнэ буурахгүй

Газрын тосны үнэ бага зэрэг буурчээ. Өчигдөр Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр ирэх арваннэгдүгээр сард нийлүүлэлтэд гарах нэг баррель газрын тос 82.20 ам.доллар болсон нь өмнөх өдрийнхөөсөө нэг центээр буурсан үнэ юм. Лондоны ICE бирж дээр нэг баррель нь 83.86 ам.доллар болсон байна.

АМ.ДОЛЛАРЫН ХАНШ НЕФТИЙН ҮНЭД НӨЛӨӨЛЛӨӨ

Газрын тосны үнэ нэг хэсэг эрчимтэй чангаран нэг баррель нь 84 ам.доллараас давж, сүүлийн таван сард байгаагүй өндөр түвшинд хүрсэн билээ. Харин энэ долоо хоногт бага зэрэг буурч, 83 ам.доллар руу орсон байна. Гэхдээ ийм байдал үргэлжилсэн ч 80 ам.доллараас доош орохгүй гэдгийг ажиглагчид онцолж байгаа юм. АНУ-ын Холбооны нөөцийн сан эдийн засгаа дэмжих зорилгоор шинэ бодлого хэрэгжүүлэхээр болсон. Энэ нь газрын тосны ханш тэгтлээ их унахгүй байх гол баталгаа болж байгаа юм. АНУ-д газрын тос, шатахуун үйлдвэрлэгчдийн хувьцааны ханш өнгөрсөн сард огцом нэмэгдэж, сүүлийн 27 жилд байгаагүй их хэмжээнд хүрч байв. Энэ нь уг түүхий эдийн эрэлт их байгаатай холбоотой юм. Үүнээс газрын тосны үнэ өснө хэмээн таамаглаж болно. Гэвч ам.долларын ханш нэлээд хурдацтай унаж байгаа нь газрын тосын үнийн хөөрөгдлийг хязгаарлах гол хүчин зүйл болж байна. Ам.долларын хувьд саяхан евротой харьцах ханш нь сүүлийн найман сар дахь хамгийн бага түвшинд хүрч, иентэй харьцах ханш нь ойрын 15 жилд байгаагүйгээр буурсан билээ. Тиймээс худалдан авагчдын хувьд түүхий эдийг хямд валютаар өөрсдөдөө ашигтайгаар худалдан авах боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржүүд дээр худалдаа хийхэд ашигладаг ам.долларын ханшийн уналт, сэргэлтээс хамаарч өргөн хэрэглээний газрын тос гэх мэт түүхий эдийн үнэ хэлбэлзэж байгаа юм. Газрын тос экспортлогч орнуудын холбооноос (ОПЕК) гаргасан урьдчилсан прогнозод энэ оны эцэс гэхэд дэлхий нийтэд уг түүхий эдийн эрэлт нэмэгдэж, өдөрт 1.13 сая баррель шаардагдах болно хэмээн онцолжээ. Харин ОПЕК-ийн гишүүн бус орнуудын хувьд газрын тосны нийлүүлэлт өдөрт 100 мянган баррелиар нэмэгдэж, 1.01 сая баррельд хүрнэ гэж тооцож байгаа юм. Гэхдээ ОПЕК-ийн хувьд экспортоо хязгаарлаж, квот тогтоосноо цуцлах сонирхолгүй аж. Тэд газрын тосны үнийг хамгийн боломжит, таатай хувилбар дээрээ байна хэмээн үзжээ.

ИРАК ГАЗРЫН ТОСНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ ГОЛ ТОГЛОГЧ БОЛНО

Сүүлийн өдрүүдэд Францад тэтгэврийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэж, улс орон даяар ажил хаялт болж байгаа билээ. Үүнээс болж газрын тосны тээвэрлэлтээр дэлхийд гуравдугаарт бичигддэг “Fos-Lavera” хоолойгоор дам­жуулалт хийх боломжгүй болсон байна. Үүнээс болж ойрын өд­рүүдэд газрын тосны ханш дахин өсч магадгүй аж.

Түүнчлэн түүхий эдийн зах зээлд шуугиан тарьж байгаа нэг мэдээлэл бол Хятадын төрийн мэдлийн “CNOOC” компани АНУ-ын газрын тосны гигант “Unocal”-ын хувьцааг худалдан авахаар үнийн санал тавьсан явдал юм. Өмнө нь 2005 онд мөн санал тавьж байсан боловч тухайн үед “Unocal”-ыг гадны хөрөнгө оруулалттай болгох нь ирэх таван жилд АНУ-ын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц үр дагавар авчирна гэж үзсэн учир хориглож байв. Харин өнөөдөр уг хоригийг цуцалж, худалдахыг зөвшөөрөөд байгаа юм. “CNOOC”-ын хувьд аль хэдийнэ Мексикийн булангийн талбайгаас олборлох эрхийг авчихаад байна. Цаашлаад Техас мужид газрын тосны талбай худалдан авч, Азийн орнууд руу хийх экспортоо өргөжүүлэхийг зорьж байгаа юм. Хятадын төрийн мэдлийн тус компанийн хувьд 10 жилийн дотор өдөрт 500 мянган баррель газрын тос үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай болохын тулд дор хаяж нэг тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. “СNOOC” хэлэлцээрээ амжилттай хийж чадвал энэ нь Хятад, АНУ-ын хооронд эрчим хүчний салбарт хийгдэж буй хамгийн том худалдаа болох юм.

Түүнчлэн Ирак дахь газрын тосны цооног асар их нөөцтэй болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа нь түүхий эдийн зах зээлд нөлөөлж байна. “Бритиш Петролиум”-ын цооног дэлбэрснээс болж Мескикийн булан дахь газрын тосны үйлдвэрлэл хэсэг хугацаанд саатсан. Энэ нь АНУ-гийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байгаа юм. Харин Иракт явуулж буй энхийг сахиулах ажиллагаа эцэслэснээр тус улсаас газрын тос нийлүүлэх боломжтой болсон байна. Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал Нобуо Танака “Ирак газрын тосны зах зээлийн тоглолтод томоохон өөрчлөлт ав­чирна” хэмээн онцолжээ. Одоо­гийн байдлаар Голландын “Royal Dutch Shell” компани Иракийн Маж­нүүн талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдөрт 45 мян­ган баррелийг олборлодог байс­наа 70 мянга болгож нэмсэн байна.

Энэ сарын эхээр Иракийн газрын тосны нөөц 143.1 тэрбум баррель болно хэмээн эдийн засагчид тооцсон билээ. Хэрэв тус улсаас авах газрын тосны нийлүүлэлтийг эрчимжүүлэх юм бол зарим талаараа түүхий эдийн зах зээл ОПЕК-ийн гишүүн ор­нуудаас хараат байх нь багасна хэмээн тайлбарлажээ. Одоогийн байдлаар Иракт газрын тосны нөөц бүхий 10 талбайг илрүүлээд байгаа юм. Урьдчилан тооцоход 2017 он гэхэд өдөрт 12 сая баррель газрын тос үйлдвэрлэдэг болох аж. Гэхдээ энэ нь тус улс дахь улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх эсэхээс нэлээд хамаарах юм. Иракийн Газрын тосны сайд ассан Иссам ал-Чалаби үүнийг онцолж, удахгүй болох сонгуульд ялалт байгуулагчдын бодлого гол нөлөө үзүүлнэ гэжээ. Тэрбээр “Ирак тоглоомыг өөрчлөгч байж болно. Гэхдээ хүмүүсийн хүлээж байгаа шиг тийм богино хугацаанд болж чадахгүй” хэмээн ярьсан байна.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН ХЭЛБЭЛЗЭЛ ВАЛЮТЫН БОДЛОГООС ХАМААРАЛТАЙ

Улс орнууд валютын хан­шаа унагах замаар бараа бүтээг­дэхүүнийхээ өртгийг хямдруулахыг зорьж байгаа. Ингэснээр экс­портлогчдийнх нь өрсөлдөх чадвар сайжирна хэмээн найдах болсон. Энэ нь аажимдаа валютын дайн хэмээх шинэ ойлголтыг эдийн засагт оруулж ирж байна. Валютын дайнд оролцогчдын нэг бол АНУ. Тус улс экспортоо дэмжих зорилгоор ам.долларын ханшийг сулруулахыг зорьж байгаа. Гэхдээ энэ нь экспортын зарим бүтээгдэхүүн, ялангуяа газрын тосны зах зээлийн хувьд төдийлөн ашгаа өгч чадахгүй юм. Олон улсад газрын тосны худалдааг ам.доллараар хийдэг. Тиймээс дээр дурьдсанчлан ам.дол­ларын ханш унавал газ­рын тосных ч мөн дагаж унана. Европын хэрэглэгчдийн хувьд евро, ам.долларын ханшийн хэлбэлзэл ойролцоо байвал энэ нь газрын тосны үнэд нэг их нөлөөлөхгүй. Гэтэл еврогийн ам.доллартай харьцах ханш улам бүр чангарсаар байгаа билээ. Харамсалтай нь баруун Европын орнууд АНУ-тай нэг адил экспортоо дэмжихийг оролдох болсон нь тэдний бодлого хоорондоо уялдаж чадахгүйд хүргэж байна. Үүнээс болж Нью-Йоркийн Хөрөнгийн бирж, Лондоны ICE бирж дээрх үнийн ялгаа багасахгүйгээр үл барам улам нэмэгдэж магадгүй аж. Тиймээс Вашингтон, Брюсселээс хэрэгжүүлж буй валютын бодлогоос хамаарч газрын тосны үнэ хэлбэлзэнэ хэмээн дүгнэж болох юм.

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж