“Органик, Ногоон бүтээгдэхүүн”- үүд дэлгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.10.15-нд нийтлэгдсэн

“Органик, Ногоон бүтээгдэхүүн”- үүд дэлгэгдлээ

Энэ сарын 14-18-ны хооронд МҮХАҮ Танхимын шинэ байранд “Органик ба Ногоон бүтээгдэхүүн” нэртэй үзэсгэлэн гарч байна. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн бага байгаль орчны нөлөө үзүүлж буй бүтээгдэхүүнийг “ногоон бүтээгдэхүүн” гэж нэрлэдэг. Харин байгалийн гаралтай, хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй цэвэр бүтээгдэхүүнийг “органик” хэмээн тодорхойлдог. Уг үзэсгэлэнд байгалийн нөөцийн хэрэглээг илүү үр ашигтай болгох бохирдол хог хаягдлыг дахин боловсруулах арьс шир, модон эдлэл, ноос ноолуур, гар урлал, хүнс гэх таван чиглэл дэх бүтээгдэхүүнүүд байлаа. Оролцогчид  хөдөө орон нутаг болон ОХУ- ын Эрхүү, Улаан-Үүд, Москва хотуудаас ирж оролцон эко орчинд хор нөлөөгүй “ногоон” бүтээгдэхүүнүүдийг зарж борлуулж байв. Ногоон бүтээгдэхүүнийг дагаад “эко шошгожуулалт” гэсэн тэмдгийг олгодог. Энэхүү тэмдэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнүүд дундаа хамгийн сайн, нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн утгатай аж. Одоохондоо манай улсад энэ тэмдгийг авсан бүтээгдэхүүн байхгүй байгаа гэнэ. Тиймээс үзэсгэлэнгээр дамжуулан мэргэжилтнүүд  ойрын гурван жилдээ дээрх эко үзүүлэлтийг хангасан бараа бүтээгдэхүүнийг гаргаж ирэх ажээ. Энэхүү үзэсгэлэнд нийт ард иргэдийг өргөнөөр оролцуулах зорилгоор өдөр бүр 11, 13, 15, 17 цагуудаас УИД- Драмын театр –МҮХАҮ Танхим чиглэлд үнэ төлбөргүй автобус явах ажээ.

Р.Нямжаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж