Бодитойгоор харах эрдэм

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Бодитойгоор харах эрдэм

“Ном судар уншиж Бурханыг эрж хайдаг, харин бясалгал хийж Бурханыг олдог” хэмээн Христийн шашины лам, ариун Падрэ Пио нэгэнтээ айлдсан байдаг.

Буддын шашины уламжлалд бясалгагч нь бясалгал хийж амьсгалаа авахдаа бусдын зовлонг өөртөө шингээж, харин амьсгалаа гаргахдаа нарны илч туяа түгдэг лүгээ адил бусдад жаргал баясгалан түгээдэг хэмээн үздэг.Энэ үнэн бол бусдын
зовлонг өөртөө шингээж,бусдад жаргал түгээдэг “бясалгал” хэмээх их
эрдмийн тухай өгүүлье.

Сүүлийн жилүүдэд “бясалгал” хэмээх үг та бидний амьдралд гүн гүнзгий нэвтэрч, бясалгал заалгадаг хүмүүсийн тоо ч олширч, хамгийн сонин нь заадаг багш нарын тоо ч тэрнээс дутуугүй олон болсон мэт санагдана. Бясалгал бол тодорхой зорилго бүхий, хүний бие, оюун ухаан, сэтгэл санаагаа нэгэн зэрэг бүрэн дайчилж хийдэг нэг ёсны цогц “дасгал” юм.

Өрнийн орнуудад “бясалгал” хэмээх үг нь латины “meditatum” буюу махчлан орчуулвал “эрэгцүүлэх” гэдэг үгнээс гаралтай. Дорнын орнуудад “бясалгал” нь санскрит “dhyai” буюу “ажиглах”, “бясалгах” гэсэн үгнээс үүдэлтэй. Монголчууд бурханы шашинаар дамжуулан “даяан” хийх хэмээх ойлголттой
болж,бясалгалыг хөгжүүлсэн уламжлалтай ард түмний нэг. Бясалгал нь
анхнаасаа шашин, шашины зан үйлтэй холбоотой байсан нь ойлгомжтой.
Христийн шашин, исламын шашин, буддын шашины аль аль нь бясалгалын их,
бага уламжлалтай.Христийн шашин дотроо Өрнийн ба Дорнын хэмээх хоёр том
урсгалтай байсан бөгөөд Өрнийн уламжлалд нь бясалгалыг ариун Библи
судрыг тодорхой аргаар унших замаар үйлддэг бол (унших, бодох, залбирах,
эрэгцүүлэх хэмээх дөрвөн үйлдлийг нарийн дэс дараалалтайгаар хийнэ
гэсэн үг), түүний Дорнын уламжлалд нь “эсихазм” хэмээх урсгал бясалгалын
өвөрмөц аргыг хөгжүүлсэн аж (Исүсийн нэрийг олон дахин давтаж бясалгал
хийнэ).

Исламын шашинд бясалгалыг “дикр” хэмээх залбиралын арга төлөөлдөг гэж үздэг бөгөөд энэ нь товчхон тайлбарлавал “Коран” сударт буй Аллахын 99 ариун нэрийг олон дахин давтана гэсэн үг. Хожим Исламын шашинд “суфизм”-ын уламжлал хөгжихөд бясалгалын арга нь нарийсч боловсронгуй болсон байна. Энэ уламжлалд гол нь бясалгагч Аллах бурхантай шууд холбоо тогтоохыг зорино.Буддын шашиныг бясалгалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бурхан багш өөрөө бодь модны дор бясалгал хийж нирванд хүрсэн бөгөөд түүний сэргээж, шавь нартаа болон зовлонгийн хүрднээс гарахыг эрмэлзсэн хүн бүрт зааж, захиж үлдээсэн бясалгалын арга нь өнөөдөр хүртэл хадгалагдан иржээ.

Энэ бол Випассана бясалгалын арга юм. Випассана хэмээх үгийг махчлан орчуулвал аливаа юм, үзэгдлийг бодитойгоор харна гэсэн үг. Сонирхуулахад санскрит хэлний “dhyai” хэмээх “бясалгах”-ыг илэрхийлсэн үг монгол хэлэнд “даяан” хэмээн хувирч орж ирсэн бол хятад хэлэнд “чань”, япон хэлэнд “зэн” хэмээн хувиран орж ирсэн гэж үздэг. Зүгээр нэг үг зээлэх хэмжээнд бус бүр бясалгалыг эрхэмлэдэг, эрхэмлээд зогсохгүй өвөрмөц бясалгалын аргыг хөгжүүлж бурханы хутагийг олж болох тухай сургасан бүхэл бүтэн томоохон уламжлал болж хөгжсөн байна.

Бясалгалыг ерөнхийд нь хоёр төрөл хэлбэрт хуваана. Нэг нь “төвлөрөх бясалгал”. Бясалгагч анхаарлаа нэг юм, үйлдэл, эсхүл дүрс дээр тогтоож төвлөрүүлнэ гэсэн үг. Тухайлбал, уруулын дээд хэсэг болон хамрын үзүүр, нүхээр орж, гарч буй амьсгалын урсгалыг мэдрэхэд төвлөрүүлэх (ингэхийг “анапанасати” хэмээн нэрлэх нь бий), эсхүл ямар нэгэн бурхан, сахиус, багшийнхаа дүрийг төсөөлж, түүнд анхаарлаа төвлөрүүлнэ. Ерөөсөө анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно гэдэг их чухал эрдэм, чадвар. Хоёрдох нь “оюун ухааны бясалгал”. Бясалгагч анхаарлаа төвлөрүүлж, аливаа нэгэн юм, эсхүл үйлдлийг бүхэлд нь ажиглана. Ийм нөхцөлд ямар нэгэн мэдрэмж мэдрэгдэхэд түүнийг таалах, эсхүл үл таалах маягаар хүлээж авч үл болно. Түүнийг эрэгцүүлэхгүй, түүний тухай бодол санаа хөгжүүлэхгүй зүгээр л ажиглана. Энэ бол зүгээр л анхаарал төвлөрүүлэхээр хязгаарлагдахгүй гэсэн үг. “Оюун ухааны бясалгал” хийснээр аливаа юм, мэдрэмжийг хуурамч, мөнх бус учир таалж шунах, эсхүл үзэн ядаж дургүйцэх зэрэг аль ч “алдаа”-г гаргахгүй байхыг сурна. Энэ нь цаанаа ямар утга учиртай вэ гэдгийг хойно тайлбарлах болно.

Дашрамд хэлэхэд Буддын шашины бясалгалын уламжлал Исламын шашины “суфизм”-ын бясалгалын уламжлалд, мөн түүгээр дамжин Христийн шашины бясалгалын уламжлал хөгжихөд нөлөөлсөн хэмээн үзэх нь бий. Энэ талаар шашин шашины төлөөлөгчид, судлаачид нэгдсэн нэг ойлголтонд хүрээгүй ч бясалгалыг томоохон шашин бүр мэддэг, эрхэмлэдэг, хэрэглэдэг гэдэг нь сонирхол татаж байгаа
юм. Ер нь сүүлийн үед шашин хоорондын харилцаа, тэдний нэг нэгэндээ
үзүүлж буй нөлөөлөл олны анхаарлыг татаж, зарим үед шүүмжлэл маргаан
өрнүүлж байгаа билээ. Ялангуяа 20-р зуунд хүмүүсийн, тэдгээрээр дамжин
соёл, шашин хоорондын харилцаа онцгой идэвхжиж, дээр нь мэдээллийн
хэрэгсэл асар хурдтай хөгжиж, мэдээллийн урсгал хил хязгаарт
захирагдахгүй орон орон, тив тивээр чөлөөтэй нэвтрэх болсон нөхцөлд
шашинууд болон шашины зүтгэлтнүүд, сүсэгтнүүдийн хоорондын харилцаа
мэдэгдэхүйц идэвхжсэн юм. Энэ нь нэг нэгнийгээ судлах, нэг нэгнээсээ
сурах, нэг нэгэндээ нөлөөлөх эерэг  харилцаа үүсэх маягаар ч илэрнэ. Мөн
үүний хажуугаар нэг нэгэнтэйгээ сүсэгтнүүдээ булаацалдан өрсөлдөх
замаар, нэг нэгнийгээ муулах, улмаар дайсагналцах сөрөг маягаар ч
илэрдэг.

Энэ тухай Америкийн алдарт эрдэмтэн Сэмюэль Хантингтон “Соёл иргэншлийн мөргөлдөөн” (“Clash of Civilizations”) хэмээх 90-ээд оны эхээр хэвлэгдсэн алдарт номондоо өгүүлсэн нь тухайн үедээ багагүй шуугиан дэгдээсэн билээ. Миний бие 1994 онд АНУ-ын Мэдээллийн агентлагийн урилгаар Хавайд байдаг “Дорно Өрнө төв” (“East West Centre”)-д зочилж,соёлиргэншил судлаачидтай уулзаж энэхүү ном, түүнд дэвшүүлсэн болон анхааруулсан санааны тухай ярилцаж байхад тус төвийн эрдэмтэд соёл иргэншлүүдийн хооронд Хантингтоны хэлсэн шиг тийм хурц мөргөлдөөн болохгүй гэж хэлж байсныг санаж байна.

Гэтэл ийм сөргөлдөөн мөргөлдөөн сүүлийн үед байнга болж байгаа нь үнэн билээ. Гэхдээ тэдгээрийг голдуу соёл иргэншил хоорондын мөргөлдөөн бус, харин ядуу зүдүү амьдрал, ардчилсан ба ардчилсан бус тогтолцооны нөлөө гэх зэргээр тайлбарлахыг оролддог. Хэдийгээр энэ нь бодууштай тайлбар мөн ч гэсэн соёл иргэншлийн үнэт зүйлсийн ялгаа, нэг нэгнийхээ соёлыг үл мэдэх, үл хүндэтгэх байдал нь зөрчлийн суурь болж, улмаар зөрчлийг улам хурцатгаж, “дарин дээр давс” гэдгийн үлгэрээр тэр бүхнийг өдөөн турхирсаар мөргөлдөөнийг төрүүлдэг тухай Хантингтоны номд өгүүлдэгийг анхаарахаас өөр аргагүй. Саяхан та бид
иймэрхүү мөргөлдөөний хамгийн хурц илэрхийлэл – 2001 оны 9-р сарын 11-нд
АНУ-д болсон террорист халдлагын 9 жилийн ойг харуусал гашуудал бүхий
үг хэлж, амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэж “тэмдэглэсэн” билээ. 2001 оны 9-р сарын 11-ний тэр орой би ажлынхаа өрөөнд бичиг цаастайгаа зууралдаад сууж байсан. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Мөнхоргил утасдаж: та телевиз үзэж байна уу? хэмээн асуухад  нь үгүй гэвэл, та телевизээ асаагаач, “Си-Эн-Эн” дээр тавьдаа, аймаар юм болж байна гэсэн. Телевизээ асаагаад “Си-Эн-Эн” дээр тавиад үзвэл Нью-Йоркийн худалдааны төвийн хоёр өндөр байшин шатаж байсан. Байн байн хоёрдох байшин руу онгоц мөргөсний бичлэг давтаж үзүүлээд сэтгүүлч сурвалжлагч нар сандарсан, тэвдсэн байдалтай шуурхай сурвалжлагуудыг явуулж байсан юм. Удалгүй хоёр байшин ч доошоо суун нурж, сандарч тэвдсэн, шоконд орсон хүмүүс гудамжаар гүйлдээд, яах учраа олохгүй байгаа нь илт харагдаж байсан.Би Вашингтонд суугаа Элчин сайд Чойнхор луу холбоо барихад Чойнхор сайд: бид бүгдээрээ машиндаа суугаад явж байна. Вашингтон хотынхныг тэр аяараа хотоос гарахыг зөвлөсөн, хэдэн мянган машин хайвэй дээр явж байна гэсэн. ГХЯ-ныханд Улаанбаатарт суугаа АНУ-ын ЭСЯ-ныхантай холбоо барьж байдлыг тодруулах, мөн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт мэдэгдэх үүрэг өгсөн. Тэр шөнөдөө АНУ-ын талд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлсэн. Энэ чинь юу болж байна аа? гэж энэ балмад халдлагыг үзэж харсан, сонссон, цочирдсон бүх хүн тэр өдрүүдэд бодсон бизээ. Тэр өдрөөс хойш дэлхий ертөнц огцом өөрчлөгдөж, огт өөр болсон гэж хэлж болно. зарим судлаачид чухамхүү тэр өдөр 20-р зуун дуусч, 21-р зуун бодитойгоор эхэлсэн гэж үздэг.

Монгол Улс ч дэлхийн ийм өөрчлөлтийг гярхай ажиж, түргэн ухаарч, бий болсон шинэ нөхцөлтэй уялдуулж шуурхай арга хэмжээ авах шаардлагатай байсан, арга хэмжээнүүдийг ч авсан. Тэдгээрээс хамгийн хүнд хэцүү арга хэмжээ нь Иракт монгол цэргүүдийг явуулах шийдвэр байсан юм. Шийдвэр харьцангуй түргэн гарсан. Гэхдээ хүнд нөхцөлд гарсан. Тодорхой эрсдэлтэй ч байсан. Одоо эргэж харахад тийм шийдвэр гаргасан нь олон талаараа зөв байж. Монголын цэрэг, офицерүүд улсынхаа нэрийг гаргаж, өөрсдөө ч их юм сурсан. Монгол Улсын нэр хүнд өссөн. Монголыг мэддэг, мэдээд зогсохгүй тооцдог хүмүүс, улс орны тоо нэмэгдсэн. Вашингтонд Цагаан ордонд “Мянганы сорилтын сан”-гаас Монгол Улсад 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авах гэрээнд Буш Ерөнхийлөгчтэй хамт гарын үсэг зурж байхад өөрийн эрхгүй монголын цэрэг, офицерүүдээрээ бахархах сэтгэл төрж байсныг нуух юун. Иракт болон энхийг сахиулах үйлст оролцож өөр орнуудад алба хаасан цэрэг, офицерүүд гаднаасаа харахад андашгүй байдаг. Нуруу нь цэх, хөдөлгөөн нь цэгцтэй, нүүр нь нээлттэй, нүд нь итгэлтэй. Харваас сэтгэл зориг нь цэх, цэгц болсон улсууд шиг санагддаг.

Хэдийгээр тэр адал балмад халдлагаас хойш бүхэл бүтэн 9 жил улиран одсон ч өнгөрсөн 9-р сарын өдрүүдэд Нью Йорк хотын хоёр өндөр байшин сүйрсэн яг тэр газар исламын шашины сүм барих, эсэх тухай маргаан дэгдэж, түүнийг эсэргүүцэгчид Коран судрыг шатаахыг завдаж, зарим нь бүр шатаагаад авсан билээ. Бас л нэг зөрчил. Магадгүй ирээдүйн нэг мөргөлдөөний эхлэл.

Ер нь зөрчил мөргөлдөөн үүсэх “шалтаг шалтгаан” олон байдаг. Зүйрлэвэл хүний биенд олон төрлийн нян байдаг, гэхдээ хүн ядрах, даарах, халууцах  зэрэг хэвийн бус байдалд ороход аль нэгэн төрлийн нян идэвхжиж, улмаар хүн өвддөг. Үүнтэй адил улс үндэстнүүд хоорондоо, эсхүл нэг улс дотор олон үндэстэн хоорондоо эвтэй найртай байдаг ч газар нутаг, үүх түүх, шашин соёлын ялгаатай байдал, эдийн засгийн тэнцвэргүй нөхцөл зэрэг нь ямар нэгэн “гэнэтийн” үйл явдал болоход хурцадмал байдлыг үүсэх “аюул занал”-ыг дотроо агуулж байдаг. Тийм учир улс хоорондын болон нэг улсын доторхи үндэстэн хоорондын харилцааны “эмзэг” байдлыг аль болохоор хурцатгаж, зөрчил болгож “өвдөөх”-гүй байхыг зорьж байх нь чухал.

Харамсалтай нь сүүлийн үед янз янзын санаатай болон санамсаргүй хэлсэн үг, хийсэн үйлдлийн улмаас, мөн соёл шашины (олон шашин сүсэгтнүүдээ булаацалдан нэг нэгнийхээ орон зай руу халдаж тэмцэлдэнэ гэсэн үг)болон нийгэм-эдийн засгийн (хэт баян ба хэт ядуугийн ялгаа хурдан нэмэгдэж байгаа явдал)ялгаа, зөрүү улам гүнзгийрснээс шалтгаалан нийгэм доторх үндэстнүүд болон давхаргуудын харилцаа, мөн улс үндэстнүүдийн хоорондын харилцаа сөргөлдөөн, мөргөлдөөний хэлбэр рүү шилжих, хямарч “өвдөх” явдал үе үе гарч байна.Ийм нөхцөл байдлыг гол өдөөгчид, хамгийн овжин “ашиглагч” этгээдүүд нь нэг талаас үндсэрхэг үзэлтнүүд буюу өөрсдийгөө бусдаас дээгүүр тавигчид, нөгөө талаас бусдыг шүтэгчид буюу өөрсдийгөө бусдаас доогуур тавигчид юм. Ер нь үндэсний үзэл үндсэрхэх үзэл болоход нэг л алхам, бүр сөөмхөн төдий зай байдаг. Харин сонирхолтой нь үндсэрхэх үзэл хоёр туйлширсан байдлаар илэрдэг гэж хэлж болно: нэг бол өөрийнхөө соёл, эрх ашгийг хэт дөвийлгөж бусдыг басамжлах, эсхүл өөрийнхийг бүр үгүйсгэж, бусдын соёлд бууж өгөх. Тодруулвал, хэт үндсэрхэх үзэлтэн буюу сөргөлдөөн мөргөлдөөнийг өдөөгч нэгэн нэг бол бусдын дээр гарах гэж зүтгэнэ, эсхүл аль хэдийн бусдын доор орчихсон явж байж мэднэ. Аль аль нь буруу бөгөөд энэ хоёр замын алинаар ч явсан мухардал, зөрчил сөргөлдөөнд орно.

Өөрийгөө хэт дөвийлгөх, бусдыг хэт шүтэх хоёр яахлаараа адилхан байдаг билээ? гэж асууж болно. Нэг нь нөгөөдхөөсөө том, эсхүл жижиг шашин соёл, үндэстэн ястан гэж байдаггүй тул дээрх хоёр туйлширсан байдал хоёулаа буруу гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Тодруулвал, өөрийн соёлыг бусдынхаас дээгүүр тавьж, эрх ашгаа хэт дөвийлгөн бусдад тулгаж, үндэстэн ястнаа аврагч этгээдийн дүрд хувилах нь өөрөө юу ч хийж бүтээгээгүй мөртлөө өөр хүмүүсийн урьд өмнө хийж бүтээснийг өөртөө хамаатуулж шууд “томроно” гэсэн үг. Эсхүл бусдын  соёл, эрх ашигт бууж өгч, түүнийг шүтсэнээр, тэр соёл, эрх ашгийг илэрхийлэгч болж, түүнд өөрийгөө хамаатуулах замаар бас “томроно”. Аль аль нь амархан “томрох” арга, гэхдээ даан ч явцгүй. Аль аль нь нэг шашин соёлыг нөгөөгийнх нь дээгүүр тавих гэсэн туйлшрал мөн бөгөөд ингэх нь ойлголцолыг буй болгох бус, харин зөрчлийг өдөөсөн оролдлого болно.Уг нь өөрийн соёл, эрх ашгийг бусдын соёл, эрх ашгийн
дээр нь ч биш, доор нь ч биш эн тэнцүүлэн зэрэгцүүлэн тавьж, хооронд нь
уялдуулан зохицуулж, тэнцвэртэйгээр гүйцэлдүүлэх нь хамгийн зөв зам болно. Гэхдээ ингэхийн тулд өөрийнхөө болон бусдын соёл, эрх ашгийг судалж мэдэх хэрэгтэй, улмаар хүндэтгэх шаардлагатай. Ийм амьд, эерэг харилцааг бий болгож тогтоон төлөвшүүлэхэд
буруугаар ашиглавал шашинууд ихээхэн саад учруулна, харин зөв ухаарвал
хамгийн их тус хүргэнэ. Юуны түрүүн бусдыг биш, эхлээд өөрийгөө ялахын
тухай хамгийн ил тод номлодог Буддын шашин үүнд их үүрэг гүйцэтгэх
бололцоотой.Магадгүй тийм ч учир өнгөрсөн зуунд Дорнын соёл, шашины
уламжлал, түүний доторБуддын шашин Барууны сэхээтнүүд, соёл, урлагийн
томоохон зүтгэлтнүүд,эрдэмтдийн дунд ихээхэн сонирхол татаж, дэлгэрсэн
байдаг. Эл шашины нэгэн өвөрмөц урсгал, том давалгаа Өрнө, Дорнын соёл,
шашины харилцаанд хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Энэ бол та бидний
сонирхож буй “бясалгал” буюу “даяан хийх”хэмээх ойлголттой үгийн үүсэл
гарал, нэр томъёо, үйл ажиллагааны арга хэлбэрээрээ нягт холбоотой “зэн
буддизм” юм. Энэ урсгал болон түүний нөлөөллийн тухай товч дурдая.

20-р зууны дундуур Баруунд Японы “зэн буддизм“ ихээхэн сонирхол татаж, сэхээтнүүдийн дунд нэг ёсны “моодонд” орсон. Энэ нь Баруунд христийн шашины нэр хүнд харьцангуй унасан, “хэрэглээний нийгэм” бүрэлдэн тогтож байгааг эсэргүүцэж эхэлсэн, эд баялаг элбэг дэлбэг болох тусам оюун ухааны ядуурал нэмэгдсэнийг шүүмжлэх болсон, хөрөнгөтний ертөнцийн төр засаг, ер нь тэр үеийн нийгмийн харилцааны хэв маяг нь тулгамдсан асуудлууд (Вьетнамын дайн, “хүйтэн дайн”, Маккартизм, оюутан залуучуудын хөдөлгөөн г.м.)-ыг зөв зүйтэй, ухаалаг аргаар шийдвэрлэж чадахгүй байсан, нийгэмд бүх нийтээрээ эрхэмлэн баримтлах үнэт зүйлс алдагдсан, үеүдийн хооронд нас, үнэт зүйлс, амьдралын хэрэгцээ, зорилгын хүчтэй ялгаа гарч эхэлсэн зэрэг олон шалтгаантай холбоотой байсан гэж хэлж болно.

Ямар ч байсан Барууны ертөнц гүн гүнзгий хямралд орсон байжээ. Тэр ертөнцийн
ухаантай хүмүүс өөрийн ертөнцийн хямралт байдлыг даван туулах гарц олохын тулд эрэл хайгуул хийж, Дорнын ертөнцийг урьд урьдахаасаа илүү сонирхож, судалсан байна. Улмаар тэрхүү эрэл хайгуул нь тэдэнд “зэн буддизм”-ыг нээжээ.“Зэн буддизм”-ын тухай олон зуун ном судар байдаг тул би энд түүнийг тайлбарлах шаардлагагүй, боломж ч байхгүй, чадах ч үгүй. Хамгийн гол нь “зэн буддизм” нь “даяан хийх” гэсэн үг, ойлголттой нэг язгууртай, тийм учир “бясалгал”-тай холбоотой, энэ урсгал соёл иргэншил хоорондын харилцаа, түүний дотор Өрнө, Дорныг хооронд нь ойртуулан ойлголцоход чухал хувь нэмэр оруулсныг тэмдэглэх хэрэгтэй. “Зэн буддизм”-д “коан” хэмээх багш болон шавь хоорондын харилцан яриан дээр тулгуурласан сургаалууд чухал үүрэгтэй. “Зэн буддизм”-ын лам болон сүсэгтнүүд “коан”-уудыг бясалгаж, багштайгаа ярилцаж, нирваанд хүрэхийг хичээнэ. Багштайгаа “ярилцах” нь өвөрмөц арга хэлбэртэй. Зарим үед багш нь шавьтайгаа ярилцахдаа огт юу ч хариулахгүй дуугүй байна, эсхүл шавийнхаа толгой, дал мөр, нуруу руу саваагаар цохино, хажуунаас нь сонссон хүнд ойлгогдохгүй, бүр утгагүй гэж хэлж болохоор үг хэлнэ, загнана, эсхүл инээдтэй юм хэлнэ, бүр тас тас хөхөрнө. Энэ нь хоёр хүний хоорондын яриа заавал нэг нэгэндээ үг хэлснээр хязгаарлагдахгүй байх боломжтойг харуулж байна. Зарим үед дуугүй байх, эсхүл үг хэлэхгүй ч өөр нэгэн үйлдэл хийх нь тэр хоёрын хоорондын ойлголцолыг илүү гүнзгий утга учиртай болгодог байна.“Зэн буддизм”-ын нэгэн алдартай “коан” сургаалыг энд жишээ болгоё. Нэг удаа шавь нь багш дээрээ “би Буддаг олчихлоо, Бурханы хутагийг олчихлоо” хэмээн хашгирсаар гүйж иржээ. Нэг ёсны багшдаа гайхуулах, “амжилт”-аа хуваалцах, өөрөөрөө бахархахыг бодсон биз. Багш нь хариуд нь “наад Буддагаа хая” гэжээ. Шавь нь ч дээд зэргийн гайхаж: “Буддагаа хая гэнээ? Би ингэж удаан бясалгаж, ийм их хичээл зүтгэл гаргаж олсон Буддаг минь хая гэнэ үү? Ямар сонин багш вэ?” хэмээн багшдаа дургүйцжээ.Тэгээд багшийнхаа хэлснийг үл тоож, өнөөх “олсон Буддагаа”
эрхэмлэн өөрийгөө нирваанд хүрсэн хэмээн боджээ. Гэхдээ “зэн буддизм”-ын
шашины лам байсан тул багшийнхаа хэлснийг өөрийн эрхгүй бодож
эрэгцүүлдэг, бас бясалгадаг байлаа. Нэг удаа бясалгаж байгаад “Буддагаа хая” гэж хэлсэн багшийнхаа үгийн цаад утга учрыг зөв онон ухаарч, багшийнхаа хэлсний дагуу “Буддагаа хаяж”, сая жинхэнэ ёсоор бурханы хутагийг олсон байна. Багш нь яагаад “Буддагаа хая” гэж хэлсэн бэ? гэвэл шавь нь “Буддаг оллоо” гээд санаандаа “хиймэл Будда” зохиосныг багш нь олж харсан байна. “Хиймэл Будда” жинхэнэ бурханы хутагийг олоход нь саад болох учир шавьдаа “Буддагаа хая” гэж хэлжээ. Ер нь бурханы хутагийг олно гэдэг өөрөө өөртөө зохиож олсон “хиймэл дүрүүд (бурхад)-ийг хаяна” гэсэн үг.

Энэ утгаараа хүмүүс бид сайн, муу “хиймэл дүрүүд”-ийг өөрсдөө зохиож, тэднийгээ шүтэж, тэдэндээ итгэж, эсхүл тэднээсээ айж, үзэн ядаж амьдардаг. Өөрөөр хэлвэл тэдэнд ухаан санаагаа мэдүүлж, “эрхэнд нь ордог” гэсэн үг. Олон “хиймэл дүр” зохиож, тэднийхээ “эрхэнд орох” тусам хүн өөртөө болон өнөөдөртөө эзэн болж чаддаггүй. Тийм учир “зэн буддизм”-ын багш шиг тэдэнд өөрсдийнхөө зохиосон “хиймэл дүрүүдээ хая” гэж хэлэх хэрэгтэй.

Хүн голдуу нэг юм, хүнийг хэт шунаж хүсэхдээ, эсхүл зовж зүдрэхдээ “хиймэл дүр буюу бурхан” зохиож бүтээдэг. Уг нь хэн нэгнийг шүтлээ гээд тэр хүн хэзээ ч таны шүтэж хүссэн шиг тийм сайн хүн болохгүй, мөн хэт үзэн ядсан хүн чинь ч тийм муу хүн болохгүй. Гэхдээ “хиймэл дүрүүд буюу сайн ,муу  бурханууд” гэж зөвхөн хүн бус, бас байгууллага, үзэгдэл, ойлголт ч байж болно.

Монголчууд бидний өөрсдөө зохиосон, бидний өнөөгийн амьдралд шууд нөлөөлж буй “хиймэл дүрүүд”-ийн заримаас нь дурдвал “догшин дүртэй, муухай хардаг Чингис хаан”, “ардчилсан Монгол Улс” (үнэн хэрэг дээрээ амжилтанд хүрэхдээ мартдаг, алдаа гаргахдаа ашиглаж хариуцлагаас мултардаг жирийн л нэг хэрэгсэл болсон “ардчилал”), Монголд Монголыг авч явж чадах “МАХН”, “АН” гэдэг хоёрхон нам бий, Монгол Улс яг одоо хөгжих гэж байна, Монгол Улс яг одоо сөнөх гэж байна, хамтарсан Засгийн газар байгуулсны ачаар том том асуудлыг “шийдэж чадлаа” гэх зэрэг болно. Хүн бүрт, мөн тухайн улс орны ард түмэнд өөр өөрийн “хиймэл дүр” олон бий. Ихэнх тохиолдолд хүмүүс, эсхүл ард түмэн “хиймэл дүрүүд”-ийг өөрсдөө зохиож, тэднийхээ “эрхэнд орж” амьдардаг, харамсалтай нь тэгэж буйгаа ухаардаггүй.

“Хиймэл дүрүүд” таны амьдралд ихээхэн саад болох тул тэднээс салах хэрэгтэй.
Салахдаа заримыг нь засаж, заримыг нь бүр орхиж сална. Таныг “хиймэл дүрүүд”-тэй байх, тэдэнд итгэж “эзэмдүүлсэн”, тэднээр “бүслүүлсэн”, тэдний “эрхэнд орсон” байхыг намууд, Засгийн газар,  хэвлэл мэдээлэл, бүр таны найз нөхөд, дайснууд бүгд хүснэ. Та хэдийчинээ олон “хиймэл дүр”-д итгэсэн байна, төдийчинээ таны итгэлийг барьж таныг хуурах, төөрөлдүүлэхэд амар болно. Намууд сонгуульд хуурна, Засгийн газар амлалтаа одоо л биелүүлэх гээд байгаа юм шиг хуурна, хэвлэл мэдээлэл худлаа мэдээ түгээсэн мөртлөө танд үнэн хэмээн итгүүлнэ, найз нөхөд чинь ашиглах гэж хуурна, дайснууд чинь таныг буг чөтгөр болгож, бусдад итгүүлж, явах суух газаргүй болгохыг оролдоно.

Дэлхийн ХХ зууны хөгжмийн соёлыг цоо шинэ эмх цэгцэнд оруулсан алдарт “Битлз” хамтлагийн гоцлогч Жон Лэнноны “Бурхан” буюу “God” хэмээх дуунд чухамхүү “хиймэл дүрүүд”буюу “хиймэл бурхадаас” салах тухай, тэгсний дараа өөрийн нэртэй, өөртөө эзэн болсон хүн төрдөг тухай, бодит байдлыг бодитойгоор олж харж чаддаг тухай өгүүлсэн байдаг. Энэ алдарт дууны үгийг чадан орчуулсаныгаа толилуулая.

Бурхан
              
Өвчин зовлон тохиолдоход бид
Өөртөө Бурхан бүтээж шүтнэ.
Давтан хэлье:
Өвчин зовлонтой учрахдаа бид
Өөртөө Бурхан олж шүтнэ.
Даанч одоо би
Илбэнд итгэхээ больсон
И-цинд итгэхээ больсон
Библид итгэхээ больсон.
Тарот хөзөрт ч итгэхгүй
Тамдунасан гэхГитлерт итгэхгүй
Тэнгэрт хальсан гэх Исүст итгэхгүй.
Буудуулсан Кеннедид итгэхээ больсон
Буддад бас итгэхээ больсон.
Тарнид итгэхгүй
Гитад ч итгэхгүй.
Йогт итгэхгүй
Ноёдод ч итгэхгүй.
Элвист итгэхээ больсон
Циммерманд итгэхээ больсон
Битлзт ч итгэхээ больсон.
Би одоо өөртөө итгэнэ
Бас Йокод итгэнэ
Бодит байдал ердөө л энэ.
Зүүд-мөрөөдөл дууссан
Зөв, буруу гэж хэлэхгүй.
Мөрөөдөл-зүүд өчигдөр дууссан
Мөргөж байх шаардлага одоо алга болсон
Мөрөөддөг нэгэн байснаа больсон.
Далайн гахай байснаа
Дахин төрсөн
Би Жон болсон.
Хайртай найзууд минь
Хаашаа ч бүү яар
Зүүд-мөрөөдөл дууссан
Зүгээр л тууштай амьдар.
Дууны шүлгийн англи эхийг дор сийрүүлэе.

God

God is a concept
By which we measure
Our pain
I’ll say it again
God is a concept
By which we measure our pain
I don’t believe in magic
I don’t believe in I-ching
I don’t believe in Bible
I don’t believe in tarot
I don’t believe in Hitler
I don’t believe in Jesus
I don’t believe in Kennedy
I don’t believe in Buddha
I don’t believe in Mantra
I don’t believe in Gita
I don’t believe in Yoga
I don’t believe in kings
I don’t believe in Elvis
I don’t believe in Zimmerman
I don’t believe in Beatles

I just believe in me

Yoko and me
And that’s reality
The dream is over
What can I say?
The dream is over
Yesterday
I was the Dreamweaver
But now I’m reborn
I was the Walrus
But now I’m John
And so dear friends
You’ll just have to carry on
The Dream is over.

Саяхан 70 насных нь ойг дэлхий даяар өргөн тэмдэглэсэн Жон Лэннон  энэ алдарт дуугаа “Битлз” хамтлаг тарсаны дараахан бичсэн. Амьдралд нь их  өөрчлөлт орсон, урьд өмнө өөртөө бий болгосон “хиймэл дүрүүд-бурхадууд”-ад итгэж байгаа нэртэйгээр төөрөлдөж явснаа ухаарч, тэднээс салж буйгаа, салах ёстойг, ингэснээр “далайн гахай” байснаа “дахин төрж” Жон хэмээх өөрийн нэртэй хүн болж байгаагаа “Бурхан” дуундаа өгүүлж байна.

Ямар ч сайхан нэртэй байсан хуурамч юм буй болгож, түүндээ итгэж хуурагдан
төөрөлдөж явах нь буруу гэдгийг, чухамхүү өөртөө итгэх, өнөөдөртөө эзэн болох
тухай санааг илэрхийлсэн, жинхэнэ “зэн-будизм”-ын философи шингэсэн гэж хэлж болохоор дуу юм. Өндөр боловсрол, эрэгцүүлж бодох чадвар, аливаа үйлдлийг дангаар нь бус бусад үйлдлийн шүтэлцээн дунд олж харах, ойлгох оюун ухаан, өөртөө болон өнөөдөртөө эзэн болох эр зориг танд “хиймэл дүрүүд”-ээс салах, эргэн тойрноо бодитойгоор харж амьдрахад тус болно. Өөх бол хэтрүүлсэн хоол, залхуу зан хоёроос гаралтай байдаг лугаа адил таны төөрөгдөл буюу “хиймэл дүрүүд” таны хүсэл шунал, эсхүл үзэн ядалтаас үүдэлтэй. Тэгвэл “бясалгал”-аас өөр хүсэл шунал, үзэн ядахаас салгах чадвартай эрхэм эрдэм байхгүй гэж хэлж болно.

“Зэн буддизм” өөрт нь хүчтэй нөлөөлсөн, эргээд өөрийнхөө бичсэн зохиол бүтээлээрээ Барууны ертөнцөд хүчтэй нөлөөлсөн хүн бол Америкийн алдарт зохиолч Сэлинжер билээ. Би түүний уран бүтээлийг оюутан ахуй цагаасаа сонирхож, “зэн буддизм”-ын зарчмууд ба Сэлинжерийн зохиолуудын хоорондын холбоог судалсан бүтээлүүдийг Москвагийн “Площадь Ногина” метроны буудал дээр бууж, Гадаад утга зохиолын номын санд очиж захиалан уншдаг байснаа санаж байна. Судлаачид Сэлинжер чухамхүү яагаад “зэн буддизм”-ыг сонирхох болсон бэ? гэдгийг ойлгох, тайлбарлах гэж оролддог. Юуны түрүүн Сэлинжер болон тэр үеийн сэтгэгчид Барууны нийгмийн харилцаа хуурамч, албан ёсны төр засгийн бодлого, шийдвэр голдуу буруу, шинэ тутам тулгамдсан асуудлуудад зөв хариу өгч чадахгүй байна, хүн бүр эрх, эрх чөлөөгөө гагцхүү өөрийнхөө сайн сайхны төлөө эдлэх гэж зүтгэснээр нийгэм хоорондоо хүйтэн хөндий харьцаатай, амиа бодсон хүмүүсийн хиймэл, хэврэг нэгдэл болж байна, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэдгийн цаана хүн бүр нэг нэгнийгээ сонсохгүй, харин дэмий шуугилдаж, хүмүүс зүгээр л “ хоосон шуугиан” дунд амьдарч байна, бүгд зөвхөн албан тушаал, мөнгө хөрөнгө, ашиг хонжооны төлөө хөөцөлдөж байна хэмээн үзэж байсан тул аль болохоор Барууны гэгдэх ертөнцийн аливаа юмнаас татгалзах, түүний гадна буй ертөнцөөс үнэт зүйлийн цогц болсон үзэл баримтлал, итгэл үнэмшлийг олж авахыг эрмэлзэж байсан юм. Тийм учраас Японы “зэн буддизм” хэмээх үнэт зүйлс, зорилго бүхий цогц үзэл тэдний сонирхлыг татсан бизээ.Нөгөө талаар наанаа ойлгомжтой мэт боловч үнэн хэрэг дээрээ хуурамч нийгмийн харилцааг илэрхийлэгч, “ойлгомжгүй” болсон албан ёсны “хуурамч, үхмэл” хэлийг бодвол, эхлээд сонсох, уншихад ойлгомжгүй мэт боловч цаанаа илэрхийлж буй цогц санаа нь хүний оюун ухаан, зүрх сэтгэлд хүрч байгаагаараа “ойлгомжтой”, “амьд” хэлээр илэрхийлсэн, шуугиан чимээнээс хол байх, хүнд өөрийгөө таньж мэдэх, “хиймэл дүрүүдийг хаяж”, тэднээсээ салахад тусалдаг “зэн буддизм” хэмээх шинэ шашин Сэлинжэр болон түүний үеийнхнийг эзэмдсэн бизээ. Бас нэгэн сонирхолтой жишээ. Сэлинжэр нь судлаачдын үздэгээр “зэн буддизм”-ын нөлөөн дор бичсэн гол бүтээлүүдээ туурвисныхаа дараа “хуурамч” нийгмээсээ өөрийгөө тусгаарлаж, нэг ёсны түүнтэй “холбоогоо тасалж”, олон жилийн турш, өнгөрсөн жил бурхан болтлоо бараг хүнтэй уулзахгүй, ярихгүй, харилцахгүй амьдарсан юм. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд онцлон тэмдэглэе: Сэлинжер ингэж амьдрах арга замаа сайн дураараа, өөрөө сонгосон билээ.

“Бясалгал”-д бас юм ярихгүй байх зарчмыг баримталдаг. Бид “үг олдож үхэр холдлоо” гэдэг. Оросууд “үг олдвол нүгэл болно” буюу “при многословии не избежать греха” гэдэг. “Зэн буддизм”-ыг судалж, оюун ухаанаараа ухаарч, сэтгэл
зүрхээрээ мэдэрсэн Сэлинжер “хуурамч” нийгмийн буй болгосон “Барууны соёл
иргэншил хамгийн хөгжилтэй”, “Кока-кола” хамгийн гоё ундаа” гэх мэт олон “хиймэл дүрүүд”-ээс салж ангижрахын тулд, нэг ёсны удаан “бясалгал” хийж, тийнхүү дуугүй болсон ч байж магадгүй. Гэхдээ Сэлинжэр шиг хүн дуугүй болно гэдэг тухайн нийгэм болохгүй байгаагийн л шинж. Цаад утгаараа сэхээтнүүд, эрдэмтэд, улмаар ард түмний нэг хэсэг нь дуугүй болж байна гэсэн үг. Ер нь наанаа шуугиантай нийгэм байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэг дээрээ сэхээтнүүд, ард түмэн нь дуугүй болдог, түүний дуу хоолой нь сонсогдохоо больдог тохиолдол байдаг. Өнөөдөр манайд ч гэсэн сэхээтнүүд, эрдэмтэд, ард түмэн нь дуугүй болсон нийгэм тогтжээ гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй. Ард түмэн дуугүй болно гэдэг шууд ярихаа больчихно гэсэн үг биш. Харин сонгуульд саналаа өгөхөд тэр нь тоологдохгүй будилдаг бол, санал нь худалдагдаж байгаа бол, амалсан амлалтыг нь шаардахад төр засаг анх сонсож байгаа юм шиг царайлж мэдэн будилдаг бол, эсхүл санаа амар дүлий дүмбэ оргиж буй бол, хүсэл, өргөдөл гаргаж хүний хэлээр ярьж тайлбарлаж шийдүүлэх гэж учирлахад түүнийг нь “ойлгохгүй” царай гаргаж, харин ганц “ойлгодог” хэлээрээ буюу олон арван хүнд суртлын шат дамжлага дамжуулж, эсхүл сая сая төгрөгийн хээл хахуулиар шийдэж байгаа бол, төр засгийн шийдвэр бодитой тооцоо судалгаан дээр тулгуурлахгүй, зөвхөн улс төр-эдийн засгийн бүлэглэлүүдийн ашиг сонирхолд нийцүүлж хуйвалдааны аргаар гардаг бол, тэр нь ард түмний эрх ашигт бараг нийцэхгүй байгаа бол сэхээтнүүд, эрдэмтэд, ард түмний дуу хоолой, санал бодол сонсогдохгүй, нэг ёсны ард түмэн дуугүй болсон, түүнийг дуугүй болгосон байна гэсэн үг юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд голдуу эрхтэн дархтаны эрх ашигт үйлчилж буй бол, захиалгат сэтгүүл зүй хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дороо хумиж байгаа бол бас л ард түмнээ дуугүй болгосны нэгэн нотолгоо. Ард түмнээ дуугүй болгосноор төр засаг өөрөө өөртэйгээ л ярьдаг, өөрийгөө л сонсдог, өөрийнхөө л төлөө ажилладаг болно. Ингэснээр улс орны хөгжил дэвшил мухардалд орж, монгол хүний хөгжил зогсож байна гэсэн үг.Ер нь хүнийг дуугүй болгож хөгждөг нийгэм байхгүй, иргэн нь дуугүй болсон, дуу нь сонсогдохгүй, тоогдохгүй байдалд байгаа нь тухайн нийгэм гүнзгий хямралд орсоны хамгийн тод нотолгоо мөн.Хүмүүс нэг нэгнийгээ, төр засаг ард түмнээ сонсдог чихтэй байх хэрэгтэй. Хамгийн гол нь “сэтгэлийн чих” буюу оросоор “совесть”-той байвал болоо. “Сэтгэлийн чих” байвал хүний зовлонг заавал тэр хүнээр өөрөөр нь яриулж биш, ярихгүй байсан ч сонсож чадна. “Сэтгэлийн чих”-гүй буюу “совесть”-гүй бол мянга яриад, бүр хашгираад ч хүний зовлонг сонсохгүй, олж харах ч үгүй.Гэхдээ сайн дураараа дуугүй болох, мөн хүчээр дуугүй болгохын хооронд зарчмын ялгаа бий.

Сэлинжер өөрөө дуугүй болсны цаана хуучин нийгмийн хямрал, шинэ нийгмийн эхлэлийн зөрчил байсан. Магадгүй буй болсон шинэ нийгэм нь ч санаанд нь хүрээгүй бизээ. Ямар ч байсан 50 орчим жилийн турш дуугүй байсаар байгаадөнгөрсөн жил бурхан болсон.Харин тоталитар дэглэмтэй нийгэм болон манайх шиг “хуурамч ардчилал”-тай нийгэм ард түмнээ хүчээр дуугүй болгодог. Арга нь л өөр өөр. Тоталитар нийгэмд нэг сонин, нэг телевиз, нэг радио, нэг нам байдаг тул бүгдийг нэгэн дуу хоолойтой болгож, үнэн хэрэг дээрээ дув дуугүй болгодог.“Хуурамч ардчилсан” нийгэмд луйврын сонгуультай учир сонгуулийн дүн, амлалт нь хамаагүй болно, Хамтарсан Засгийн газар гэсэн нэртэй бас нэг л “нам”-тай байна.

“Хуурамч ардчилал”-ын үед захиалгат сэтгүүл зүй цэцэглэж, олон сувгаас нэгэн
зэрэг худал цацагдана.Тэр дунд ард түмний буюу үнэний дуу хоолой живнэ, ингэснээр мөн л бүгд дуугүй болно. Эхний тохиолдолд чимээгүй нам гүм тогтоно.
Хоёрдох тохиолдолд шуугиантай нам гүм ноёрхоно.Ийнхүү бид “чимээгүй
хашгираан” бүхий нийгэмд аж төрнө. Би 1994 онд Соёлын сайд байхдаа
АНУ-ын мэдээллийн агентлагийн шугамаар Америк явсан юм. Тэд надаас
Америкт очоод хэн хэнтэй уулзах хүсэлтэй байна вэ? гэж асуухад нь
Сэлинжертэй уулзах юмсан гэж хэлсэн. Өөрийн улсынхаа ерөнхийлөгчтэй
уузахгүй байгаа тэр хүнтэй уулзана гэдэг бүтэхгүй талдаа хэмээн мэдэж
байсан. Гэхдээ надад тэр хүнтэй уулзаж чадсан, чадаагүй уулзах хүсэлтээ илэрхийлэх нь чухал байсан юм. Мэдээжийн хэрэг уулзаж чадаагүй.

Гэхдээ 30 орчим хоног Америкаар явахдаа хоёр-гурван хоног өнгөрөөд л АНУ-ын
мэдээллийн агентлагийн хүмүүсээс Сэлинжертэй уулзах юу болж байна? гэж асууж “зовоодог” байлаа. Тэд эхлээд уулзуулж чадах юм шиг удахгүй холбоо бариад хэлнэ гэж байснаа, сүүлд нь үнэхээр чадахгүй гэж үнэнээ хэлж билээ. Одоо Сэлинжерийн “бясалгал”-аас Випассанагийн бясалгал руу шилжиж, энэ чухам ямар бясалгал болохын тухай товч өгүүлэе. Шуудхан хэлэхэд бясалгал хийх амаргүй. Гэхдээ бас л шулуухан хэлэхэд үнэхээр хэрэгтэй. Хэрэгтэй юм хэзээ амархан байлаа? Хүнд хэцүү л байдаг шүү дээ.

Випассана бясалгал-д  нэг удаа ороход доод тал нь арван хоног сууна.
Хорь, гуч хоногийн бясалгалууд байдаг. Хамгийн урт нь 90 хоног. Чадвал
Сэлинжер шиг олон жилээр ч сууж болно. Ер нь бясалгал бол хүний насан
туршдаа салшгүй хамт байх ёстой амин чухал зүйл юм. Энэ утгаараа
тасралтгүй үйл явц бөгөөд бясалгалаас бясалгалд бид гэгээрэл рүү алхам
алхамаар ойртоно гэсэн үг. Бясалгалын үед ярьж болохгүй, дохио зангаагаар ч харьцаж үл болно.
Зөвхөн багшаасаа мэдэхгүй, ойлгохгүй байгаа зүйлээ асууж болно. Цагаан
хоол иднэ. Орой цай л ууна. Гар утас, компьютер, ном, сонин бүгдийг тушаана. Санаа бодлыг чинь сарниулахгүйн тулд тийнхүү түр хурааж байгаа юм.Эхний гурван хоног анхаарлаа төвлөрүүлэх дасгал хийнэ. Амьсгал орж гарах тэр хэсэг газар буюу хамрын хоёр нүх, дээд уруул дээр анхаарлаа төвлөрүүлнэ. Хүний анхаарал сармагчин лугаа адил тул байнга ийш тийш үсчинэ, нэг л мэдэхэд хаа хамаагүй тэнэж явна. Тэглээ гээд сандрах, гутрах хэрэггүй. Дахин өнөөх газраа анхаарлаа төвлөрүүлнэ. Ингэж 3 хоногийн турш анхаарал төвлөрүүлэх дасгал хийнэ. 4 дэх өдрөөс эхлэн төвлөрүүлсэн анхаарлаа толгойныхоо орой дээрээс хөлнийхөө хуруу хүртэл явуулна. Ингэж байхад биений гадаргуун дээр илэрч байгаа мэдрэмжийг ажиглана. Тааламжтай мэдрэмж байж болно, тааламжгүй мэдрэмж ч байж болно. Удаан завилж суухад бие чилж өвдөнө. Тэгсэн ч анхаарлаа төвлөрүүлж зүгээр л ажиглана. Тааламжтайд нь сэтгэл татагдан шунаж, тааламжгүйг нь тээршаан үзэн ядаж үл болно. Тайван амгалан ажиглана. 6 дахь өдрөөс эхлэн анхаарлаа төвлөрүүлж, толгойны оройноос хөлний хурууны үзүүр хүртэл явуулдаг байсан дээрээ нэмээд эргээд хөлний хурууны үзүүрээс толгойны орой хүртэл явуулдаг болно. Мэдээжийн хэрэг анхаарал хаа хамаагүй тэнэхийг завдана, эсхүл тэнэнэ. Төвлөрүүлж, дээрх дасгалыг үргэлжлүүлэн хийнэ. Мөн л тааламжтай болон тааламжгүй мэдрэмжүүдийг анхаарлаа төвлөрүүлэн шунаж хүсэлгүй, тээршааж үзэн ядалгүй тайван амгалан ажиглана. Гол утга нь ингэж дасгал хийснээр та шунах болон үзэн ядах сэтгэлд автахгүй байх “их эрдэм”-ийг сурна. Энэ нь үйлийн үрээ нимгэлэх, арилгахтай шууд холбоотой.

Хүн үйлийн үрээсээ салж чадвал бурханы хутагийг олно гэдэг. Харин үйлийн үр нь шунал тачаал, үзэн ядалтын,мунхаг харанхуйн аль нэгээс, эсхүл аль алинаас нь тэжээгдэнэ. Хүн өөрөө ч сайн мэдэлгүйгээр өдөр бүр юманд шунаж, эсхүл үзэн ядаж үйлийн үрээ нэмэгдүүлнэ. Тэгэхээр тааламжтай, тааламжгүй мэдрэмжийг тайван амгалан
ажиглаж хянаж чаддаг болсноор шунал тачаалд болон үзэн ядах сэтгэлд
автагдахгүй байж чаддаг болно гэсэн үг. Улмаар үйлийн үрийг тэтгэж
зузааруулдаг шуналын болон үзэн ядалтын үндсийг таслана. Үйлийн үр өөх лүгээ адил бөгөөд хүсэх шунах болон зэвүүцэн үзэн ядах хэмээх “хоол”-ноосоо салвал нэмэгдэхээ болино,Улмаар багассаар арилна.

Ийм нарийн бясалгалын  цогц аргыг Бурхан багш сэргээж, та бидэнд өвлүүлэн үлдээсэн байна. Энэ бясалгалын арга Бирмад хадгалагдан үлдэж, У Ба Кин хэмээх багшаас Гоенка багш сурч, одоо Випассана бясалгалын төвүүдийг олноор байгуулж
олон мянган хүнд  бясалгалыг үнэ төлбөргүй зааж буян үйлдэж байна.Товчхон тайлбарлахад ердөө л энэ. Гэхдээ тайлбарлахад амархан. Хийхэд хэцүү. Харин хэцүү гээд байлгүй “бясалгал” хийж байж л үйлийн үрээсээ сална шүү дээ. Миний мэдэрч ойлгосноор “бясалгал” хийхэд хүний оюун ухаан гэхээс илүү далд ухамсар буюу оросоор “подсознание”, англиар “subconscious” ажилладаг. Бясалгал шинжлэх ухааны үндэстэй. Тэр утгаараа “бясалгал” нь алдарт Фрейдийн онолтой ихээхэн ойрхон гэж хэлвэл хэтрүүлсэн болохгүй бизээ.

20-р зууны эхэнд Фрейд хэмээх сэтгэл зүйч хүний сэтгэлийг судалж шинэ онол гаргасан нь сэтгэл зүйн хөгжлийг ихээхэн хурдасгасан билээ. Фрейдийн онолыг хялбаршуулвал, хүнд оюун ухаанаас гадна далд ухамсар гэж байдаг бөгөөд тэнд хүний бага балчир наснаасаа туулж өнгөрүүлсэн амьдралын айдас, баясал, бусад дурсамж хадгалагддаг. Тэр бүхний нийлбэр нь үйлийн үр ч гэж хэлж болно. Хүн насан туршдаа далд ухамсарт буй сайн, муу дурсамжаа хүчээр дарна, нууна, мартана, эсхүл мартахыг хүснэ. Гэхдээ тэр хүчээр дарагдсан айдас хүйдэс, баяр баясгалан үе үе гарч ирнэ, Хүний ухамсар, оюун ухаанд хүчтэй нөлөөлнө. Далд ухамсар хүний төлөвшил, амьдрал, сэтгэл санааны өөрчлөлтөд хүчтэй нөлөөлдөг тул түүнийг судалж хүний сэтгэл санааг засаж хэвийн байдалд оруулна,хадгална.

Тэгвэл бясалгал бас л хүний далд ухамсарыг нээж, тэнд хуримтлагдсан үйлийн үрийг нимгэлж, улмаар арилгана. Далд ухамсарт нууцлагдсан юмс эмх замбараагүй байдаг. Үлгэрлэвэл нэг өрөөнд эд бараа, ном судар, хоол унд, хог новш гээд бүх юм зэрэг байна гэсэн үг. Бясалгал нь тэр бүхнийг эхлээд цэгцэлнэ, дараа нь цэвэрлэнэ.

Бясалгал хийснээр та шуналын сэтгэлээ дарж үзэн ядалтад автахаа болино,
Аливаа юм, үзэгдлийг бодитойгоор харах чадвартай болно. Өөртөө эзэн болж
байна гэсэн үг. Мөн өнгөрсний болон ирээдүйн “хиймэл дүрүүд”-эд
татагдаж, тэдний эрхэнд орохоо болино, өнөөдөртөө эзэн болно. Энэтхэгийн алдарт гуру Ошогийн “зэн буддизм”-ын тухай эрэгцүүлэхдээ өнөөдрийн тухай болон өөртөө эзэн болох тухай хэлснийг саная. Тэрээр “зэн буддизм” бол өнгөрсний тухай, эсхүл ирээдүйн тухай сургаал биш хэмээн үздэг байсан. Харин өнөөдрийн буюу одоо цагийн тухай цогц сургаал юм. Өнөөдөр буюу одоо цаг хэзээ эхэлж, хэзээ дуусч буйг хэн ч баттай хэлж үл чадна. Өчигдөр буюу өнгөрсөн хэзээ дууссаныг, эсхүл маргааш буюу ирээдүй хэзээнээс эхлэх гэж буйг баримжаалж болно, харин одоо цаг чухам яг хэзээ эхэлж, хэзээ дуусч буйг хэлэхэд хэцүү. Хэзээ ч дуусахгүй байгаа мэт санагдана. Тэр утгаараа одоо цаг бол үнэн хэрэг дээрээ мөнх үргэлжилнэ. Чухамхүү үүний тухай л “зэн буддизм” номлодог. Өөрөөр хэлвэл “зэн буддизм” бол өнгөрсний, эсхүл ирээдүйн тухай сургаал номлол биш, харин өнөөдөр буюу яг одоо цагийн тухай, тэр утгаараа хэзээ ч дуусдаггүй мөнхийн тухай цогц сургаал мөн билээ.

Өнгөрсөн цаг хугацаа, эсхүл ирээдүйн тухай ойлголт төсөөлөл нь “хиймэл дүрүүд”-ийг буй болгоно, бид тэднээс айж, эмээж, эсхүл тэднийг шүтэж, тэдгээрт шунаж амьдарна. Тэдний “эрхшээл”-д орно. Өөрөө хэн ч биш болно, өнөөдөр маань, одоо хэмээх үнэт цаг хугацаа юу ч биш мэт санагдана. Ингэснээр мөнх юм, нирвааны тухай хэзээ ч ухаарахгүй.

“Зэн буддизм”-д өнөөдрийг мөнх болгохдоо “бясалгал” хийж байж л болгохын тухай номлодог. Ингэсний ачаар та өөрөө өөртөө эзэн болно, өнөөдөртөө буюу одоодоо эзэн болно. Хэн ч таны бие, сэтгэлийг “эзэмдэж” чадахаа болино, “хиймэл дүрүүд”-ээсээ салж, тэдний “эрхшээл”-ээс гарна. Чухамхүү тийм учраас би бясалгал хийх хэрэгтэй гэж хэлж байгаа юм. Гэхдээ энэ бол хэцүү зүтгэл.Амьдрал сонин шүү дээ, муухай юм хийхэд амархан, аяндаа болчихдог, хялбаршуулан хэлвэл юу ч хийхгүй байхад муухай юм аяндаа болчихдог. Харин “сайн юманд садаа мундахгүй”. Сайн юмыг заавал зүтгэж байж бүтээнэ.Сайн юм аяндаа болдоггүй. Тийм ч учраас сайн юм хийхийг зорьдог, тэгэхийн тулд бусдыг бус, хамгийн түрүүн өөрийгөө засахыг шаарддаг юм. Зүгээр суувал муу юм хийнэ гэсэн үг, сайн юмыг хийж бүтээнэ гэвэл заавал хичээл зүтгэл гаргах хэрэгтэй хэмээн номлодог Буддын шашин хамгийн идэвхтэй, хамгийн шинжлэх ухаанч шашин гэж хэлэх нь зөв буйзаа. Бясалгалтай холбогдуулж мухар сүжиг, сайн багшийн
тухай зарим санаа бодол төрснөө хуваалцая. Өнөөдөр хүмүүс амиа бодож,
өөрийнхөө сайн муу хэрэг зоригийг бүтээхийн тулд юу ч хийж болно хэмээн
боддог, тийм бодлоо гүйцэлдүүлэхийн тулд ямар ч хэрэг хийхээсээ үл айдаг
болсныг “прагматик” хандлага гэж “зөвтгөж” тайлбарладаг билээ. Энэ нь үнэн хэрэг дээрээ нөгөө л үйлийн үр хэмээх гинж гавалыг улам урт, бат бэх болгож байна гэсэн үг.Олон хүн шашинд сайнаар
яривал их “прагматик”, муугаар яривал явцуу эрх ашигтаа нийцүүлж ханддаг
болжээ. Муу муухай юм хийчихээд алдаагаа өөрөө засахын оронд түүнийгээ
өөр хүнээр цайруулахын тулд нэг лам дээр очиж, “хандив” өгч ном уншуулж,
засал хийлгэнэ. Бүр байтлаа “хараал” хийлгүүлнэ. Тэгээд бас “болчихлоо”
гэж бодно. Лам нар маань энэ хүсэлд нь хөтлөгдөнө, “хандив”-ыг нь авч,
“туслах” гэж оролдоно. Тэр байтугай ном уншуулахад тусгай тариф тогтоож
үйлчилнэ. Нүгэл, буян хоёрыг шууд мөнгөөр үнэлж чадна гэдэг их өвөрмөц
“прагматик эрдэм” шүү. Хэн их хандив өгч байна, тэрэнд их үйлчилнэ гэсэн
“прагматик” зарчим үйлчилдэг болно. Байтлаа уламжлалт Буддын шашин
маань голдуу дарга нар болон бизнес эрхэлж буй хүмүүсийн сонгуульдаа,
бизнестээ ашиглахад л хэрэглэдэг “прагматик” шашин болж байна. Харин
жирийн иргэд ихээхэн хэмжээний “хандив” өгөх боломжгүй тул тэр болгон
ном уншуулж “нүгэл”-ээ нимгэлүүлж чадахгүй, “нүгэл”-тэйгээ зууралдсан хэвээр байх болно. Ингээд Монголын нийгэмд хүн ам маань “нүгэлгүй” дарга нар болон баячууд,
“нүгэлдээ баригдсан” жирийн ард иргэд гэсэн хоёр хэсгээс бүрддэг болох
нь ээ. Мэдээжийн хэрэг дарга нар болон баячууд цөөн, харин жирийн ядуувтар ард иргэд олонхи нь.Энэ байдлаар цааш үргэлжилвэл уламжлалт Буддын шашин маань
баяжсан цөөнхийн явцуу эрх ашигтаа нийцүүлэн үйлчлүүлдэг шашин болохвий
гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй төрж байна.

Уг нь лам нар маань Буддын шашинаа тийм болгоё гэж боддоггүй бизээ.
Мухар сүжигтэй буюу шашинд “прагматик” маягаар ханддаг дарга нар болон
бизнесменүүд нүглээ цайруулах гэж тэднийг “эвдэж” байна. Өөр хүнээр ном
уншуулснаар тухайн хүний нүгэл алга болж, үйлийн үр нь арилдагсан бол
өнөөдөр та бид огт нүгэлгүй ертөнц, улс орон, гэр бүлд амьдрах байсан
бизээ. Хүн үйлийн үрээ чухамхүү өөрөө л хүсвэл, хүсээд зогсохгүй
зүтгэвэл арилгана. Хүсэхгүй бол, эсхүл хүсээд байгаа мөртлөө зүтгэхгүй
бол үл арилна.“Бясалгал” хийнэ гэдэг хүн өөрөө нүглээ арилгаж, үйлийн үрээ устгахын
тулд зүтгэж байгаа цогц үйл ажиллагаа. Хийхэд хэцүү, гэхдээ зайлшгүй
хэрэгтэй. Сайн юм амархан бүтдэггүй.

Нөгөө талаар “хүн хэлэхээс нааш ухаарахгүй, цаас чичихээс нааш
цоорохгүй” гэж ярьдаг. Сайн багш таарвал том аз. Миний бие 1982 онд шавь
орсон анхны багшаа халуун дотноор дурсаж явдаг. Сайн багшийг ялгаж
таньдаг байхад тус болох болов уу хэмээн миний учирсан багш, ариун
явдалтнуудын заримыг нь дурсая. Монгол Улсад Энэтхэгийн Элчин сайдаар
ажиллаж байсан Кушок Бакула Ринбүүчий, Христийн шашины алдарт гэлэнмаа
Тереза эх, Випассана бясалгалын их багш Гоенка нарын тухай хэдэн үг
хэлье

Сайн багш өөрийгөө шүтүүлэх дургүй байдаг. Миний санахад Бакула Ринбүүчий хэзээ ч өөрийгөө шүтүүлэхийг эрхэмлэж байгаагүй. Харин дэндүү энгийн юм уу гэмээр байдаг байж билээ. Том хүн энгийн байсан ч томоороо, жижиг хүн хичнээн сүртэй дүр эсгэвч жижгээрээ л үлдэнэ.

Би 1992 онд Энэтхэгийн Калькутта хотод очихдоо аз болж алдарт Тереза
эхтэй уулзаж билээ. Уулзах хүсэлт тавихад саяхан өөрөө өвдөөд боссон ч
Хатанбаатар эмч бид нарыг уриалгахан хүлээж авсан. Жижигхэн биетэй, агуу
энэрэнгүй сэтгэлтэй, зөөлөн гартай, хүнийг нэвт шувт хардаг хурц
нүдтэй, үргэлж инээмсэглэсэн нигуур царайтай Тереза эхтэй уулзаж ярихад
ертөнцийн хамгийн энгийн хүнтэй учирсан мэт сэтгэгдэл төрсөн. Дэргэд нь
байсан гэлэнмаа нарын гаднах төрх байдлыг харахад бараг бүгдээрээ Тереза
эхээс илүү том, чухал “дарга” нар шиг харагдаж байж билээ.Харин Тереза эхийн зургийг өмнө нь харсан учир түүнийг амархан таньсан. Хамгийн энгийн яриа өрнүүлсэн ч амьдралын хамгийн хүнд хэцүү асуултуудад хариу авсан юм шиг санагдсан.Энэ зун Энэтхэгийн Мумбай хотод Випассана бясалгалд суусны
дараа бясалгалын багш Ширэндэв нарын хамт Гоенка багштай уулзсан.
Гоенка багшийн зургийг өмнө нь үзэж хараагүй байсан бол зүгээр нэг
тэтгэврийн өвгөн байна гэж бодно. Би Гоенка багшид хандан ажигласнаа наргиан болгож: -Энэтхэгийн гуру буюу их багш нар голдуу урт үстэй, том сахалтай, ширүүн харцтай, нүүрэндээ оо энгэсэг тавьсан, сүрдмээр нэртэй байдаг. Тэгтэл та жирийн халимагтай, сахалгүй, нигуурандаа будаггүй, зөөлөн харцтай, жирийн нэртэй байх юм гэж хэлэхэд инээж: -Нээрээн тийм шүү. Анх Бирмаас Энэтхэгт ирж Випассана бясалгал зааж эхлэхэд хүмүүс, та үсээ ургуул, сахал тавь, нэрээ соль, манай Энэтхэгт гуру буюу их багш нар гаднаа тийм дүр төрхтэй байвал түүнийг шүтэж, олон хүн шавь ордог юм гэж хэлж зөвлөж байсан. Тэгэхэд нь би хариуд нь, би өөрийгөө шүтүүлэх гээгүй, харин Бурхан Буддагийн та бидэнд захиж үлдээсэн Випассана бясалгалын техникийг зааж өгөх зорилготой. Энэ бясалгалыг хийхэд урт үс, том сахал, сүржин нэр, ширүүн харц хэрэггүй. Намайг шүтэх хэрэггүй. Ер нь хүн шүтнэ гэдэг өөрөө өөртөө эзэн болохгүй байна.
Бясалгалыг ёсоор нь хийж чадахгүй байна гэсэн үг гэж хэлж байсан.
Тэрнээс хойш олон арван жил өнгөрчээ. Одоо хүртэл том сахалгүй, урт
үсгүй, сүртэй нэргүй л байна, болж л байна.

Випассана бясалгалыг олон арван мянган хүн сурч, үйлийн үрээ арилгахын тулд
хичээл зүтгэл гаргаж байна. Олон арван оронд дэлгэрч байна гэсэн юм.Нээрээн ч Випассана бясалгалын буюу аливааг бодитойгоор харах чадварыг хөгжүүлдэг бясалгалын багш хэмээх “хиймэл дүр” бүтээх шаардлагагүй нь ойлгомжтой. Сайн багшийн шинж бол энгийн байх чадвар. Мөн өөрийгөө шүтүүлэхийг үл зорино.Дашрамд хэлэхэд Цолмонгийн маань зөвлөснөөр Австралийн зохиолч
Робертсийн “Шантарам” хэмээх номыг Мумбай хотод худалдан авч уншсан нь
миний хувьд энэ зуны нэгэн тэмдэглэлт үйл явдал боллоо. Робертсийн 
“Шантарам” зохиолын үйл явдал гол нь Мумбай хотод өрнөдөг бөгөөд гол
баатар нь Австралиас Мумбай хотод зугтаж ирээд амьдрана. Чингэхдээ тус
хотоор дамжин Энэтхэгийг, Энэтхэгээр дамжин Азийг,Азиар дамжин ертөнцийг
таниж мэднэ. Энэ бол түүний хувьд, мөн уншигчийн хувьдамь эрссэн
амаргүй “аялал” болдог. Энэ зохиолыг олж уншихыг та бүхэнд зөвлөе.

Хүн байх хичнээн амаргүй, гэхдээ хичнээн сонирхолтой, бас утга учиртайг энэ номоос олж уншиж болно.Сайн багшийн бас нэг эрхэм шинж бол яг хэлснээрээ
байх чадвар. Бакула Ринбүүчий, Тереза эх, Гоенка багш аль аль нь бусдад
зааж сургаснаараа байж чаддаг. Тийм учир бага ярьдаг ч байж болно. Үг,
санаа, үйл гурав нь нэг цул байж ийнхүү байдаг бизээ. Та бид уран
донгоддог мөртлөө явдал нь задгай, ярьсандаа хүрдэггүй олон хүнийг мэднэ
дээ. Бид өөрсдөө ч бас тиймэрхүү улс мөн гэвэл хэтрүүлсэн болохгүй. Үгээрээ бус үйлээрээ үлгэр жишээ болно гэдэг жинхэнэ сайн багшийн чадвар. Үгээр сургах үнэхээр амархан. Тийм “багш” нар, албан тушаалтнууд бараг өдөр бүр телевизээр гарч байна. Харин үг, үйл нь нийлдэг, үйлээрээ үлгэр жишээ болох нь туйлын хэцүү тул тийм багш ховор таардаг. Тийм багштай учирсан хүн өөрийгөө азтайд тооцож болно.Ингээд Випассана бясалгал буюу аливааг бодитойгоор
олж харах чадвар суулгадаг бясалгалын тухай санал бодлоо хуваалцлаа.
Бясалгал хийнэ гэдэг “мундаг” болно гэсэн үг биш. Бурханы хутагийг
олчихсон гэсэн ч үг биш. Гэхдээ ямар ч байсан бусдын эрхшээлд
орохгүйгээр, өөртөө, өнөөдөртөө эзэн болж амьдрахыг зорино гэсэн үг.
Бүгдээрээ ядахдаа тийм зорилготой болцгооё.

Бясалгал буюу түүний зарчмууд хамгийн түрүүн манай өнөөгийн өөрсдийгөө “нүгэлгүй” гээд байгаа төр засаг, өндөр албан тушаалтнуудад хэрэгтэй, бас тэдэнд шууд хамаатай.Тэд эргэн тойрноо, байгаль орчноо, улс орноо, ард түмнийхээ амьдралыг бодитойгоор олж харж сурах хэрэгтэй. “Нүгэлтэй” хэмээн тэдний үздэг ард түмнийхээ, сэхээтнүүд, эрдэмтдийнхээ дуу хоолойг битгий боймло, харин жаргалынх нь хуурамч биш, зовлонгийнх нь
үнэн дууг сонсдог бол. “Сэтгэлийн чих” буюу “совесть”-той болцгоох
хэрэгтэй.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг ёсоор нь ханга. Нийгэмд сонинуудаар болон телевизийн сувгуудаар захиалгат, “төлбөрт үнэн” буюу худал цацаж, шуугиан дэгдээж, ард түмнээ төөрөгдүүлж, хуурч мэхэлдгээ зогсоох хэрэгтэй. Хамтарсан Засгийн газар хэмээх хамаг булхайгаа нуух “хана хэрэм” босгосныгоо “бурхан” бүтээчихсэн юм шиг битгий хамгаал, хүмүүсээс түүнийгээ шүтэх, түүнд итгэхийг бүү шаард. Хамтарсан Засгийн газар бол нөгөө л хаяж, гээх ёстой “хиймэл дүр “мөн. Хуурч молигдохоо больж, луйвар булхайгаар биш, шудрага сонголтоор албан
тушаалд гарч, гарсан хойноо хэлсэн амалсандаа хүрч, үг, үйлдлээ хооронд
нь яв цав нийцүүлдэг байх хэрэгтэй.

Дээрээ хуйвалдаж, авлига, хээл хахууль идэж, доороо ард түмнээ ядууралд идүүлж буйг шүүмжилсэн болгоныг “буг чөтгөр” хэмээн зарлаж, “намнах” гэдгээ орхих хэрэгтэй. Энгийн даруу бай, эрх тушаалаа ашиглаж, өөрсдөдөө зориулж эд хөрөнгө хуваарилах аливаа ажиллагаагаа таслан зогсоох хэрэгтэй.

Энэ бүхнийг хийхэд хэцүү, гэхдээ хийхгүй бол шудрага нийгэм тогтохгүй, улс орон хөгжихгүй, ард түмэн жаргахгүй.Хэцүү ч гэсэн хийхээс өөр арга байхгүй.Эс хийвээс хийх чин хүсэл эрмэлзэлтэй, эрдэм чадалтай, бас эр зориг, зүрх сэтгэлтэй нь ард түмнийхээ шаардлага, дэмжлэгээр хэзээ нэгэн цагт зайлшгүй хийх болно.Эдгээр алдаа завхралыг аль болохоор эрт таслан зогсоох тусмаа хаа
хаанаа гарз хохирол багатай байна, удах тусам хор хохирол нь нэмэгдэж
улам их болно.Бодитой үнэн ийм байна.

Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж