Амжилтаараа ялгар: Дэлхийн хамгийн баян Солонгос хүн

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Амжилтаараа ялгар: Дэлхийн хамгийн баян Солонгос хүн

Тэрбумтан гэхээр та хамгийн түрүүнд ямар хүнийг төсөөлдөг вэ? Долоо
найман машин аваад уначихмаар үнэтэй зангиа зүүж, лусын дагина шиг
хүүхэн дагуулж, ухаанд багтамгүй тансаг машин унасан, дээгүүр  харсан их
зантай, “би би” гэсэн хүн төсөөлөгддөг байж болох юм. Амьдрал
дээр энэ улиг болсон гэмээр төсөөлөлд таарах тэрбумтан гэж байхад
таарахгүй тэрбумтан гэж бас байх.Жишээлэхэд, хаа явсан газраа би
тэрбумтан байна харж байна уу гэж цээжээ балбаж, үргэлж олны анхаарлын
төвд явдаг Дональд Трамп гэдэг тэрбумтан бий. Тэгвэл Форбс сэтгүүл 5,5
тэрбум долларын хөрөнгөтэй гэж мэдэгдэхээс өмнө ийм нэртэй тэрбумтан
байдгийг явцуу хүрээний цөөн хэдэн хүнээс бусад нь мэддэггүй явсан
Владимир Ким гэж хүн байна. Казахстанд төрж өссөн Солонгос үндэстэн энэ
хүнийг дэлхийн хамгийн баян Солонгос хүн гэж Форбс сэтгүүл албан ёсоор
зарласан юм.Өөрөөр хэлбэл энэ хүн Казахстаны иргэн ч гэлээ Солонгос
гаралтай болохоор Самсунг корпорацийн захирал гэх мэт Солонгосын толгой
баячуудаас давж гарсан хөрөнгөтэй гэсэн үг.

Дональд Трампын талаар сонирхуулж бичээгүй хэвлэл мэдээллийн хэрэгсэл
гэж байхгүй болохоор В.Ким гэгч энэ нууцлаг тэрбумтны талаар
сонирхуулахаар шийдэв.Ер нь их нууцлаг хүн болохоор өнгөрсөн амьдралынх
нь талаарх мэдээлэл тун хомс.Ямар ч л байсан дайны үеэр Казахстанд нутаг
заагдан цөлөгдөж   ирсэн Солонгосчуудын удам гэдэг нь хөдөлшгүй
үнэн.ЗХУ-ын үед сургууль төгсөж, мэргэжил эзэмшсэн тэрээр эвлэлийн
шугамаар барилгын салбарт ажиллаж байсан гэх.Тэнд ажиллаж байхдаа
хэрэгтэй хүмүүстэй дотно харьцаатай болсон нь хожим ихээхэн хэрэг болсон
аж.Учир нь тэр хэрэгтэй хүмүүс нь ЗХУ задран унаж, Казахстан тусгаар
улс болох үед улс төрийн өндөрлөгт гарчээ.

Ингээд Ким Солонгос угсаа гарал, нөлөө бүхий танилуудынхаа ачаар
1992-1995 онуудад “Казахстан-Самсунг” үйлдвэрийн захирлаар ажиллаж
байгаад 1995 онд “Жезказганцветмет” гэдэг компанийн захирал болов. Энэ
“Жезказганцветмет” гэдэг нь тухайн үедээ жилдээ 200 мянган тонн зэс
хайлуулан гаргадаг асар том үйлдвэр.Зэс л хайлуулж гаргадаг ялгаатайг нь
эс тооцвол манай Эрдэнэтийн үйлдвэртэй адилхан гэж болно.Ийм том
үйлдвэрийн захирлаар зүгээр нэг “шалдан банди” тавигддаггүй нь
ойлгомжтой.Кимийг захирал болох үед “Жезказганцветмет” тийм өндөр хүчин
чадалтай атлаа арчаагүй удирдлагаасаа болж 180 сая гаруй долларын өрөнд
орчихсон, дампуурлын ирмэг дээр ирээд байжээ.Иймд Казахстаны засгийн
газар нь үйлдвэрийн хяналтын багц хувьцааг “Самсунг” корпорацид таван
жилийн хугацаатайгаар түр шилжүүлэн өгч.Өөрээр хэлбэл Самсунгийнхан
таван жилийн хугацаанд үйлдвэрийн жинхэнэ эзэд болжээ.Хариуд нь мэдээж
Казахстанд багагүй зээл өгсөн нь ойлгомжтой.Ингээд энэ хугацаанд
Самсунгийнхан үйлдвэрийг ажиллуулахдаа өгсөн зээлээ эргүүлэн авсан
төдийгүй чамгүй ашигтай ажиллан үйлдвэрийг хөл дээр нь босгосон байна.

Таван жил өнгөрсөн 2000 он болоход тэд өөрийн мэдэлд байсан хяналтын
багц хувьцаагаа Казахстаны төрд эргүүлэн өгчээ.Харин энэ үед байр сууриа
ихээхэн бэхжүүлж аваад байсан Ким Казахстаны улс төрийн элитүүдэд буюу
Назарбаев ерөнхийлөгчийн тойрон хүрээлэлд өөрийгөө найдвартай хүн гэж
ойлгуулж чадав.Үүнийхээ ачаар Казахстаны төр нь үйлдвэрийн хяналтын багц
хувьцааг түүний мэдэлд шилжүүлэн өгчээ.Энэ наймааны талаар элдэв цуу
яриа их байдаг.Жишээлэхэд, өөрсдөө хувьчлаад авчихвал хэл аманд орох
гээд байсан нөлөө бүхий улс төрчид нийлж байгаад сайн ажиллаад, бидний
хэтэвчийг зузаалаад байгаарай гэсэн нөхцөлтэйгээр тэр том үйлдвэрийн
эзэн болохыг нь зөвшөөрсөн гэх.Ингээд Ким ахар богино хугацаанд хэдэн
тэрбум доллараар тооцогдох хөрөнгийн эзэн болон хувирсан байна.Ажиллаж
байх хугацаандаа уул уурхайн салбарт ухаалаг удирдлага хийж чадвал асар
их ашиг өгч чадна гэдгийг сайн ойлгосон тул эзэн нь болсныхоо дараа
үйлдвэрийг тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ орд газрыг хөгжүүлэхэд
ихээхэн хөрөнгө шиджээ.

Одоогийн байдлаар 450 сая долларын хөрөнгө оруулалтыг энэ зорилгоор
хийчихсэн, дараагийн таван жилд ахиад 700 сая долларыг хийх гэж байгаа
аж.Өөрөөр хэлбэл үйлдвэрийн хамаг шүүсийг нь шахчихаад хаяад явж чадах
байсан ч тэгсэнгүй, цааш хөгжүүлэх нь дээр гэж Ким цаад хүмүүстээ
ойлгуулсан хэрэг. “Жезказганцветмет”-ийг  удалгүй “Казахмыс” гэдэг
корпораци болгон өөрчилжээ. Одоогоор энэ корпорацид Жезказганы зэс
хайлуулах үйлдвэр, Балхашийн уулын төмөрлөгийн үйлдвэр, Жезкентийн уулын
баяжуулах үйлдвэр, Дорнод Казахстаны зэс химийн комбинат зэрэг
үйлдвэрүүд багтдаг юм байна.Эндээс үзвэл Ким нь уул уурхайн салбарын
ачаар хөрөнгө чинээтэй болж Казахстандаа төдийгүй дэлхийд томоохонд
тооцогдох хүн гэдэг нь харагдаж байна.

Лондонгийн бирж дээр хувьцаагаа зардаг болсны ачаар Ким хөрөнгөө
ганцхан өдрийн дотор хоёр дахин үржүүлээд авсан тухай нэг мэдээ сонин
хэвлэлээр гарч эхэлсний дараа л ийм нэртэй тэрбумтан байдаг гэдгийг олон
нийт мэдэх болжээ.Ажилчиддаа сарын 600 долларын цалин өгдөг, удирдах
ажилтан нь Европт ч чамлагдахааргүй цалин авдаг, ажилтнуудынхаа нийгмийн
асуудалд ихээхэн анхаардаг тухайгаа Ким гуай нэг бус удаа мэдэгдэж
байсан.Улмаар томоохон үйлдвэрийн дотор байдаг хулгай, өндөр үнээр эд
зүйл шахдаг асуудлыг шийдсэн гэж мэдэгдэж байсан хүн.Өндөр үнээр
хэрэггүй юм шахдаг асуудлыг шийдсэн байдал нь сонин.Энэ талаар товч
сонирхуулъя.Эхлээд худалдан авах шаардлагатай байгаа эд зүйлсийн
жагсаалтыг хангамж хариуцсан салбарынхан захиралдаа явуулна.

Үүний дараа авах үнийн дээд хязгаарыг заасан жагсаалтыг ерөнхий
захирал нь батлаад хангамж хариуцсан хэлтэстээ буцаан өгдөг
аж.Хангамжийнхан нь энэ жагсаалтыг аваад шууд авахаар явдаггүй үнийг
зохистой болгох зорилго бүхий өөр нэг салбарт өгнө.Энэ салбарын
ажилтнууд нь заасан үнэнээс хямд боловч чанар адил бүтээгдэхүүн нийлүүлж
чадах хүний эрэлд гардаг.Тэгээд илүү гарсан үнийн зөрүүнийхээ талыг нь
цалингийн урамшуулал болгож авдаг бол үлдсэн талыг нь үйлдвэр нийгмийн
асуудалд зарцуулахаар авч үлддэг аж.Энэ зарчмын ачаар ноён Кимийн
үйлдвэрүүд чамлахааргүй их мөнгө хэмнэдэг болсон гэх.Манай томоохон
үйлдвэрүүд энэ арга барилыг туршаад үзэхэд илүүдэхгүй л байх.

Ноён Кимийн удирддаг үйлдвэрүүд нь өнгөрсөн жилд гэхэд л 800 сая
гаруй долларыг татвар суутгал хэлбэрээр Казахстаны төсөвт оруулсан
гэхээр ер нь их сайн, бараг гэгээрсэн хүний дүр төрх харагдаж байгаа
байж болох юм.Гэвч юм болгон хоёр талтай байдаг нь ертөнцийн
жам.Тэгэхээр магтсан бус шүүмжилсэн эх сурвалжууд энэ эрхмийн талаар юу
гэж байгааг дурдах хэрэгтэй биз.Юуны өмнө мань хүнийг тэр их хөрөнгийг
эрийн сайндаа бус харин зүй бус арга ашиглан авсан гэж буруутгаж байдаг.

Цаашилбал, гэмт хэргийн том бүлэглэлүүдтэй холбоотой төдийгүй нэг
овгор нь хэт томроод байхар нь Чечений хөлсний алуурчдад захиалж байгаад
зурагных нь өмнө зул асаалгасан тухай нэлээд дуулиан гарсан.

Энэ бүхний үнэн худлыг нь энд тунгаах нь хэцүү ч гэлээ 5,5 тэрбум
долларын асар их хөрөнгийг тойрсон энэ мэтийн дуулиан, хардалт сэрдэлт
байхгүй байсан бол харин ч жинхэнэ сонирхолтой зүйл байх байсан биз.
Ямар ч байсан Владимир Ким Казахстаны болон дэлхийн хамгийн баян
Солонгос хүн ажээ.

Б.Бадрал

Эх сурвалж: www.mglradio.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж