Дэлхийн банкны уулзалтад С.Баярцогт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.10.18-нд нийтлэгдсэн

Дэлхийн банкны уулзалтад С.Баярцогт оролцлоо

Монгол Улсын Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй Монголын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болсон Дэлхийн банк, Олон улсын валютын сангийн 2010 оны Жилийн чуулга уулзалтад энэ сарын 7-ноос 12-ны өдрүүдэд оролцов.
Энэ оны Жилийн чуулга уулзалт нь Монгол Улсын Засгийн газар, ОУВС-ийн хамтран хэрэгжүүлсэн эдийн засгийг тогтворжуулах “Стэнд-бай” хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууссантай давхцаж буйгаараа онцлог юм. ОУВС, Дэлхийн банк төдийгүй бусад олон улсын санхүүгийн байгууллага, түншлэгч орнууд энэхүү хөтөлбөрийг манай улс амжилттай хэрэгжүүлэх замаар хямралыг даван туулсан явдлыг сайшааж, эдийн засгийн хөгжлийн шинэ эрин үед орж байгааг цохон тэмдэглэж байв. Эдгээр байгууллагууд цаашид Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Сангийн сайд С.Баярцогт цаг агаарын өөрчлөлтийн эсрэг Балигийн хуралд оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ  Дэлхийн банкны дулаарлын эсрэг сангийн хөрөнгийн дийлэнхийг дэлхийн дулааралд ихээр нөлөөлж буй орнуудад хуваарилж байгаа нь зөв хэдий ч цаг агаарын өөрчлөлтөд үзүүлэх нөлөөлөл багатай жижиг улс орнууд тус өөрчлөлтийн сөрөг нөлөөнд илүүтэй өртөж байгааг цохон тэмдэглэж, цаашид хүн ам багатай, жижиг орнуудад зориулсан дэд сан байгуулах саналыг дэвшүүлэв. Түүнчлэн Монгол Улс цөлжилтийн асуудалд ихээхэн ач холбогдол өгч буйг мэдэгдээд, дэлхийн дуаарлын эсрэг дуу хойлоогоо нэгтгэх зорилгоор Өмнөговь аймгийн Гашуун хоолойд Монгол Улсын Засгийн газрын хуралдаан зохион байгуулсныг онцлов.

Түүнчлэн Дэлхийн банк группын бага, дунд орлоготой орнуудад зээл, тусламж олгодог Олон улсын хөгжлийн ассоциацийн 16 дахь хуралд  үндсэн илтгэгчээр оролцож, ассоциацийн гишүүн 79 орныг төлөөлж үг хэлэв.  Сангийн сайд хэлсэн үгэндээ ассоциацийн зүгээс хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд нь гишүүн орнуудад хямралыг даван туулах, ядуурлыг бууруулах, тогтвортой хөгжлийг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсныг  тэмдэглэж, цаашид олсон амжилтыг бататгах зорилгоор донор орнуудын дэмжлэг нь нэн чухал гэдгийг мэдэгдэв. Тэрээр манай улс хөгжлийн шаардлагын дагуу Олон улсын хөгжлийн ассоциаци (IDA)-аас хөнгөлөлттэй зээл авдаг байсан үеийг “төгсгөж”, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк (IBRD)-наас арилжааны нөхцөлтэй зээл авах эрх бүхий орнуудын эгнээнд элсэх чиглэлээр цаашид хамтран ажиллахаар болов. 

Энэхүү жилийн чуулга уулзалтад 180 гаруй орны сангийн сайд, төв банкны ерөнхийлөгч, олон улсын нэр хүнд бүхий банк, санхүүгийн төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн 10 000 гаруй төлөөлөгчид оролцсон талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж