Шударга ажиллах амлалт өгнө

Хуучирсан мэдээ: 2010.10.19-нд нийтлэгдсэн

Шударга ажиллах амлалт өгнө

“Шударга ёсны төлөө-2010” арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газраас зохион байгуулж буй шударга ёсны сэдэвт буухиа хэлэлцүүлэг аймгуудад үргэлжилсээр байна. “Шударга ёс” сэдэвт хэлэлцүүлгийг 21 аймгийн Засаг даргын Тамгын газраас орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд, Авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээ, иргэдийн төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар буухиа хэлэлцүүлэг Ховд аймгаас Хөвсгөл аймаг руу шилжээд байгаа юм байна.
Буухиа хэлэлцүүлгийн тухай ээлжит мэдээлэл Дундговь аймгаас ирлээ. Тус аймгийн Засаг дарга Д.Чандмань хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Авлигыг үл тэвчих, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгцээ болгох хэрэгтэй” гээд Авлигын эсрэг олон улсын өдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нд аймгийн Засаг даргаас эхлүүлэн аймгийн төрийн албаны удирдах ажилтнууд, бүх хэлтэс, агентлагийн дарга нар ард иргэдийнхээ өмнө шударгаар ажиллахаа амлах нь зүйтэй гэж хэлжээ.

Буухиа хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ш.Батсүх, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Цэвээнравдан, Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Цэнгэлмаа, Авлигын эсрэг төрийн бус байгууллагуудын сүлжээний тэргүүн Э.Мөнхжаргал нар шударга ёсыг бэхжүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна. Хэлэлцүүлгээс аймгийн төрийн албан хаагчдад хандсан 6 заалт бүхий уриалга гаргаж, үүний дагуу үр дүнтэй ажил зохион байгуулж ажиллахаар тогтсон ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж