Өнөөдөр Парламентын ойн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.10.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Парламентын ойн өдөр

Өнөөдөр Парламентын 20 жилийн ойн баярын өдөр. УИХ-ын 2010 оны долдугаар сарын 9-ний өдрийн 47 тогтоолоор Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойг энэ оны аравдугаар сард тэмдэглэхээр шийдвэрлэж, ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Г.Батхүүгээр ахлуулан байгуулсан билээ. Тэгвэл энэхүү ойг өнөөдөр тэмдэглэх юм. Баярын хүрээнд өчигдөр уг ойд зориулсан “Монгол Улсын байнгын ажиллагаатай Парламентын төлөвшил, хөгжил” сэдэвт онол, практикийн хурал өчигдөр Төрийн ордны “Б” танхимд болж, УИХ-ын дэд дарга Н.Энхболд,  Г.Батхүү, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж,  ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн захирал, хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид нар илтгэл тавьсан юм. Харин өнөөдөр ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан 12.00 цагаас Төрийн ордны Их танхимд болох ба үргэлжлүүлээд 13.00 цагаас УИХ-ын цахим архивын нээлт, 14.30 цагаас Парламентын түүхийн хөгжлийн музей, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болох юм. Түүнчлэн ойг тохиолдуулан Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж