Хүний эрхийн илтгэлээ танилцуулах уулзалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн илтгэлээ танилцуулах уулзалт хийнэ

Монголын төрийн бус байгууллагуудын Форумаас Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх мэдээллийг энэ оны дөрөвдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн. Хүний эрхийн тулгамдсан асуудлууд, энэ салбарт ахиц дэвшил гаргахад зайлшгүй авч хэрэгжүүлбэл зохих санал, зөвлөмжийг тус мэдээлэлд тусгасан байна. Энэхүү мэдээллээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнуудад хүргэх зорилгоор аравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай уулзалт зохион байгуулахаар болсон байна. Уулзалтыг хэнтэй хийх, хаана явуулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногийн мягмар гаригт хийх хэвлэлийн бага хурлын үеэр дэлгэрэнгүй танилцуулах ажээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2006 оны 60/251 тоот шийдвэрээр НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг дөрвөн  жил тутамд дүгнэн хэлэлцэх зорилготой Хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR- Universal Periodic Review) хэмээх цоо шинэ механизмыг бий болгосон бөгөөд энэ эрхийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд олгосон.UPR нь тухайн улсын хүний эрхийн төлөв байдлыг Засгийн газрын хариуцан бэлтгэсэн Үндэсний илтгэл, НҮБ-ын хүний эрхийн бусад механизмаас өгсөн үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж болон ТББ, хүний эрхийн үндэсний байгууллага зэрэг бусад оролцогч талуудаас ирүүлсэн олон талын мэдээлэлд тулгуурлан хэлэлцдэгээрээ онцлог юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж