G20-ийн уулзалт өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

G20-ийн уулзалт өндөрлөлөө

ОУВС-д шинэчлэл хийнэ

Эдийн засгийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч 20 орны сангийн сайд нар бямба гаригт Өмнөд Солонгос улсад уулзсан нь өнгөрсөн долоо хоногийн дэлхийн санхүү, эдийн засгийн зах зээлийн онцлох үйл явдал боллоо. “G20” буюу Их-20-ийн сайд нар Олон улсын валютын сангийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулахаар тохиролцсон байна. Энэ ажлын хүрээнд дэлхийн эдийн засаг дахь хүчний тэнцвэр өөрчлөгдөж байгааг ОУВС-гийн үйл ажиллагаанд тусгах болж байгаа юм. Нэгэнт БНХАУ болон Энэтхэг зэрэг орнуудын эдийн засгийн өсөлт огцом нэмэгдэж, санхүүгийн чадвар өсч буйтай холбогдуулан энэхүү  шинэчлэлийг хийж байгаа юм.

Тус байгууллагын захирал Доминик Штраусс-Кан энэ талаар “Энэ бол Олон улсын валютын сангийн түүхэнд болж буй хамгийн том бодлогын шинэчлэл”  хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна. Энэхүү өөрчлөлтийг хийснээр ОУВС-гийн үйл ажиллагаа илүү үр дүнтэй, оновчтой болж, олон улсын валютын болон санхүүгийн системийн үйл ажиллагаан дахь тус байгууллагын үүрэг роль жинхэнэ утгаараа болно хэмээн хэлжээ. Гэхдээ Их-20-ийн уулзалтаар мөн ОУВС-г улс орнуудын эдийн засгийн бодлогод илүү сонор сэрэмжтэй байхыг үүрэг болгож байгаа юм.

“Бид маш сайн ажиллагаатай, тогтвортой олон улсын валютын систем бий болгохын төлөө ажиллах болно. Иймээс ч ОУВС-г энэ талаар хийж буй ажлаа илүү гүнзгийрүүлэхийг уриалж байна” хэмээн сайд нар уулзалтын үеэр онцолжээ.
Дэлхийн зах зээл дээр сүүлийн үед, тэр тусмаа БНХАУ болон АНУ-ын хоорондын худалдаанд ажиглагдаж буй “ханшийн дайн”-ыг зогсоохын тулд энэхүү шинэчлэлийг хийж байгаа юм. БНХАУ-ын эрх баригчид мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг албаар бодит байдлаас хэт доогуур барьж байгаа. Энэ нь АНУ зэрэг гадаад худалдааны зөрүү алдагдалтай гарч буй орнуудын олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг сулруулж байгаа нь энэхүү дайны гол шалтгаан гэж зарим орнууд үзэж байгаа юм. АНУ-аас ч мөн адил ОУВС-г мөнгөн тэмдэгтийн маргаанд илүү оролцож, зохицуулалт хийх ёстой гэж эртнээс сануулж байсан юм.
Хэдийгээр БНХАУ юанийн ханшийг өсгөж өөрийн өрсөлдөх чадвараа хэвээр хадгалах бодлого боловсрууж байгаа ч энэ нь хэзээ бэлэн болох нь тодорхойгүй байгаа.

Түүнчлэн ОУВС-гийн 24 гишүүн бүхий зөвлөлийг өөрчлөх байсныг Их-20-ийн сайд нар болиулжээ. Штраусс-Каны хэлснээр хөгжиж буй орнуудад зай тавьж өгөх зорилгоор Европ хоёр суудлаа өгөх болсон байна. Ингэснээр санал хураах эрхийн таван хувийг шилжүүлж, Бразиль, ОХУ, Энэтхэг болон БНХАУ ОУВС-гийн гол арван хувьцаа эзэмшигчдийн тоонд орох болж байна. АНУ-аас Европыг нөхцөл байдлыг ойлгож, удирдагчийн зөв үлгэр дуурайл үзүүлж буйг сайшаасан байна.

“Тус байгууллагын зөвлөлийн гишүүнээр маш удаан ажилласан Европын орнуудын хувьд квотоо шилжүүлнэ гэдэг маш хүнд шийдвэр. Гэхдээ шинээр хүч түрэн гарч ирж буй эдийн засгуудыг дэмжих нь зүйтэй гэсэн зөвшилцөлд хүрсэн” хэмээн албаны хүмүүс хэлж байна. ОУВС-гийн нийт хувьцааны 17 хувийг АНУ эзэмшдэг. Тус улсын зүгээс хөгжиж буй орнуудын санхүүгийн асуудалд туслалцаа үзүүлэхэд их хэмжээний зээл тусламжийг тодорхой нөхцлөөр олгодог билээ. Харин Япон улс хувьцаа эзэмшлээрээ хоёрдугаарт ордог бол Герман, Франц болон Британи орнууд удаах байрт ордог юм.

Харин БНХАУ-ын эдийн засаг сүүлийн 30 жилд маш сайн байж, 2008-2009 оны дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралыг амжилттайгаар даван гарсан нь дэлхийн санхүү, эдийн засгийн чадамж зүүн тийш чиглэж буйг харуулж байгаа юм. Тус улс одоо ОУВС-гийн гол тоглогчдын нэг болох нь тодорхой байна. Өнгөрсөн оны гурав­дугаар сард ОУВС “уян хатан” кредитийн бодлого боловсруулж, одоог хүртэл шинэчлэн найруулж байгаа билээ. Мөн Өмнөд Солонгос улс илүү өргөн цар хүрээг хамарсан “санхүүгийн аюулгүй байдлын сүлжээ” бий болгох санал тавьсан байгаа юм. Энэ нь БНХАУ зэрэг орнуудыг хэт их хэмжээний валютын хуримтлал үүсгэх шаардлагыг багасгах ёстой. Штраусс-Каны хэлснээр энэ асуудлыг судалж байгаа аж.


Ам.долларын ханш болон хөрөнгийн биржийн индекс

Баасан гаригт долоо хоногийн бирж хаагдах үед Их-20-ийн орнуудын уулзалттай холбогдуулах хөрөнгийн биржүүд дээрх байдал маш тогтворгүй байлаа. Ам.долларын ханш өсөлт, бууралттай байсан бол  дэлхийн хамгийн том хөрөнгийн биржүүдийн индекс ч мөн адил байв. Их-20-ийн уулзалт амралтын өдрүүдээр буюу ихэнхи биржүүд хаалттай байх үед болсон тул хөдөлгөөн шинэ долоо  хоногт харагдах юм. “Wall Street” дээр “S&P” дээр “Nastaq” биржүүдийн индекс өссөн бол “Dow Jones”-ын индекс буурсан байна. Баасан гаригийн төгсгөлд ам.долларын ханш ялимгүй буурсан ч сүүлийн таван долоо хоногийн турш бусад гол мөнгөн тэмдэгтийн эсрэг уналтыг зогсоож чаджээ. АНУ-ын Эрдэнэсийн сангийн нарийн бичгийн дарга Тимоти Гэйтнер гадаад худалдааны ашиг, алдагдлыг хязгаарлах арга хэмжээ авахыг санал болгож байгаа. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувиас хэтрэхгүй байлгах бодлого юм. Гэхдээ үүнд Герман зэрэг хүчтэй экспортын ашиг олсон орнуудын зүгээс эсэргүүцэл үзүүлж байна.

Түүнчлэн хөгжиж буй орнуудын бодлого боловсруулагчид АНУ-ын дэлхийн санхүүгийн хямралын бодлогыг учир дутагдалтай хэмээн шүүмжилж байгаа юм. Тэд АНУ-ыг доройтож буй эдийн засгаа сэргээхийн тулд банкны системд их хэмжээний бэлэн мөнгө цутгаж, ам.долларын ханшид нөлөөлж болзошгүй хэмээн санаа зовж байна. Өнгөрсөн нэг сарын хугацаанд ам.долларын ханш бусад мөнгөн тэмдэгтүүдийн эсрэг бараг долоон хувиар унасан билээ. Хэдийгээр өнгөрсөн долоо хоногт байдал сэргэсэн ч хөрөнгө оруулагчид уг мөнгөн тэмдэгтийн ханшийг дахин унахгүй байх баталгаа алга гэж үзэж байна.

Баасан гаригийн арилжааны эхэн үед ам.долларын ханш өсөлттэй байсан ч бирж хаах мөчид 0,06 хувиар унасан байна. Гэхдээ евро, Их Британийн паунд, иен зэрэг гол мөнгөн тэмдэгтүүдийн багцын эсрэг энэ долоо хоногт 0,52 хувиар өссөн байна. Энэ нь есдүгээр сарын дунд үеэс хойш харагдаагүй өсөлт юм. Еврогийн ханш 0,22 хувиар өсч, 1,3950 ам.доллартай тэнцэж байгаа бол иен, ам.долларын ханш өөрчлөгдөлгүй 81,35 иен байлаа. Хөрөнгийн биржүүдийн хувьд “Wall Street” дээр “Dow Jones”-ын индекс 0,13 хувиар унажээ. Харин “S&P” буюу “Standard and Poor”-ын индекс 0,24 хувиар, “Nastaq”-ийнх 0,8 хувиар өссөн байдалтай байна. Хэдийгээр “Dow Jones”-ын индекс баасан гаригт уналттай гарсан ч, дээрх гурван биржийн индекс долоо хоногийн хэмжээнд өсөлттэй байгаа юм.
Европын хөрөнгийн биржүүдийн дээрх хувьцааны үнэ буурсан байна. “FTSE” биржийн индекс 0,35 хувиар буурч, нийт оноо нь 1089,45 байлаа. Түүнчлэн Азийн биржүүд дээр байдал харьцангуй сайн байв. Японы “Nikkei” биржийн индекс 0,54 хувиар өссөн бол “MSCI Asia Pacific” бирж дээр 0,09 хувийн өсөлт ажиглагдаж байна.

Уул уурхай

Эрчим хүчний зах зээл дээр байдал тогтворгүй байлаа. ОХУ болон Колумбийн экспорт багасч, БНХАУ их хэмжээний нүүрс импортолж эхэлж буйгаас болж Европт халаалтын нүүрсний үнэ долоо хоногийн сүүлээр 100 ам.доллараас давж, хоёр сарын өндөрлөгт хүрлээ. Ажиглагчдын үзэж буйгаар БНХАУ энэ жилд 100-110 сая тонн нүүрс импорлох магадлал өндөр байгаа гэнэ. Гэхдээ нүүрсний хэрэгцээ цаашид тийм ч ихээр нэмэгдэхгүй гэж зарим байгууллага үзэж байна. Учир нь Европын эдийн засаг санхүүгийн хямралаас гарч буй бөгөөд хэрэглэгчид хямд үнэтэй байгалийн хийг сонгох нь ихсэж байгаа юм. Ямартай ч энэ жил Европын орнуудын нүүрсний импорт өмнөх оныхоос бага байх нь тодорхой байгаа гэж хөрөнгө оруулагчид хэлжээ.  АНУ-ын WTI маркийн түүхий нефтийн үнэ баррель нь 1,13 ам.доллар буюу 1,4 хувиар өсч, 81,69 ам.доллар байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт алтны ханш тогтворжиж эхэлж байна. Нэг унц алт 3,40 ам.доллараар өсч, 1327,33 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь долоо хоногийн эхэн үеийн алдагдлаа нөхөж байгаа юм. Бусад үнэт металлын хувьд мөнгө 16,69 ам.доллар, цагаан алт 1673 ам.доллар, харин паллади 589 ам.доллараар баасан гаригийн арилжааг дуусгав. Суурь металлын зах зээлд зэсийн үнэ 8309,5 ам.доллар, хөнгөн цагаан 2326,5 ам.доллар, цайр 2494 ам.доллар, харин никель 23405 ам.доллараар тус тус нэг тонн нь арилжаалагдав.
Их-20-ийн ОУВС-гийн талаар баримтлах шинэ бодлого дэлхийн хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөөлөх нь тодорхой байгаа билээ. Энэ өөрчлөлт ирэх долоо хоногт илүү мэдрэгдэх юм.

Э.ОЧИРТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж