Б.Бат-Эрдэнэ: Тайлбар хийх боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Б.Бат-Эрдэнэ: Тайлбар хийх боломжгүй

Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг УИХ бүтэн гурван сар “нухаад” шийдвэрээ гаргаж чадаагүй суутал Улсын ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригт дуулиан дагуулав. Эх сурвалжуудын өгч байгаа мэдээллээр Улсын ерөнхий прокурорын зүгээс өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хүсч, нууцын зэрэглэлтэй бичиг явуулаад нэмэр болоогүй төдийгүй, Ч.Сангарагчаа даргын талд шийдвэр гарч болзошгүй нөхцөл байдал үүссэн тул сэжигтнээр татахаас аргагүйд хүрсэн гэж буй юм. Иймд бид дээрх асуудалтай холбогдуулж Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нараас дараах асуултад хариулт авлаа.

Х.Тэмүүжин: Сэжигтнээр татсан ч барьж хорихгүй

-Авлигатай тэмцэх газрын дарга нарыг сэжигтнээр татжээ. Сэжигтнээр татсан тохиолдолд эдгээр албан тушаалтнуудыг барьж хорих уу? 

-Барьж хорихгүй. УИХ-аас эдгээр албан тушаалтнуудын халдашгүй байдлын хамгаалалтыг аваагүй нөхцөлд барьж хорих ямар ч боломжгүй юм.  Гэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн үйл ажиллагааны дагуу процесс явдгаараа явна. Сэжигтнээр татна уу, яллагдагчаар татна уу, шүүхэд дуудна уу, тэр бол процессын л асуудал. Биед нь халдаж баривчлах, саатуулах эрх мэдэл одоо бол прокурорт олгогдоогүй байгаа. Яагаад гэвэл УИХ шийдвэрээ гаргаагүй байгаа болохоор.

-Тэгэхээр сэжигтнээр татна гэдэг зөвхөн байцаалт авах л хүрээнд хийж байгаа процесс гэсэн үг үү?

-Тийм, ээ эхний шат явж байна л гэсэн үг.

-УИХ-аас эдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай тодорхой шийдвэр гаргаагүй байхад Улсын прокурорын газраас сэжигтнээр татах эрх байдаг юм уу?

-Тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх нь бий. Гагцхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мөрдөх юм уу, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүйгээр мөрдөх байсан юм уу гэдэг хоёр сонголт л байсан. Прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлж мөрдье гэдэг саналаа УИХ-д тавьсан. УИХ-ын зүгээс ийм шийдвэр гаргаагүй байна. Шийдвэр гараагүй учраас цагдан хорих юм уу, хувь хүнийх нь эрх чөлөөнд халдах ямар ч боломж эрх байхгүй. Гэхдээ хуульд заасан тодорхой процесс явна, яагаад гэвэл энэ нь Эрүүгийн хэргийн процесс учраас.

Б.Бат-Эрдэнэ: Тайлбар хийх боломжгүй

-Авлигатай тэмцэх газрын дарга нарыг сэжигтнээр татжээ. Танай байнгын хороо тэдгээр албан тушаалтнуудын бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаад байгаа. Асуудлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Сэжигтнээр татсан асуудал гэдэгт тодорхой тайлбар хийх боломж алга. Хууль зүйн байнгын хороо намрын чуулган эхэлснээс хойш хоёр ч удаа хуралдаад асуудлаа хэлэлцээд гаргачихсан. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан байсан ч, Улсын ерөнхий прокурор гадаадад томилолттой учраас асуудлыг хойшлуулсан. Ирэх долоо хоног/энэ долоо хоног/-ийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж, хойшлуулсан.

Д.Дэмбэрэл: Шалгах байцаах нь прокурорын өөрийнх нь асуудал

 -Улсын ерөнхий прокурорын зүгээс АТГ-ын дарга нарыг сэжигтнээр татсан гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар дуулсан мэдээлэл юу байна вэ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг авч хэлэлцэх байсан ч, Улсын ерөнхий прокурор гадаадад яваа гэдэг шалтгаанаар хойшлогдчих юм?
-Өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд энэ асуудлыг оруулахаар ярьж байсан. Улсын ерөнхий прокурор гадаад руу ажлаар явсан гэсэн мэдээллийг өчигдөр ирүүлсэн, учраас ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан. Прокурор ирнэ биз, тэгэхээр хэлэлцэж таарна. Миний хувьд Авлигатай тэмцэх газрын дарга нарыг Улсын ерөнхий прокурорын газраас сэжигтнээр татаад шалгаж байгаа юм байна л гэж ойлгосон. Шалгах байцаах нь прокурорын өөрийнх нь үүргийн асуудал. Яагаад гэвэл Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нь оролцох, тэр дундаа дээрээс нь ямар нэг байдлаар оролцож чиглүүлэх гэсэн оролдлого байж таарахгүй.  Ингэх юм бол Монгол оронд шударга ёс хэрэгжих,биеэ даасан байгууллагын үйл ажиллагаа цаашид зүгширч явна гэсэн ойлголтгүй болно. Нэг үгээр хэлбэл, төр өөрийнхөө төвшинд зохих механизмууд нь ажиллаж чадахгүй байдалд хүрэх аюултай учраас хэн нэгэн хүн дээрээс нь заах, чиглүүлэх, буруу зөрүүг нь ажиглаж байх шаардлаггүй.

-Ирэх долоо хоног/энэ долоо хоног/-т чуулганаар асуудал орж ирэхэд санал хураалтыг илээр явуулах болов уу яах бол?
-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо асуудлаа оруулаад ирнэ биз. Гишүүд ярьж байгаад олонхиороо л шийднэ. Үүнд УИХ-ын дарга юм уу, хэн нэг албан тушаалтан санал хураалтыг ийм байдлаар явуулах ёстой гэж УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, зааж болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл олонхиороо шийддэг учраас.

-УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хоёр ч удаа хуралдаад санал хураалтыг нууцаар явуулъя гэдэг шийдвэрт хүрсэн. Гишүүдийн хувьд саналыг илээр явуулах нь сүүлд гарч болох үр дагавраас сэргийлж байгаа гэх юм. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Саналаа илээр өгөхөөс гишүүд айна гэдэг байж болохгүй зүйл. Ард түмнээсээ хууль батлах эрх авчихсан хүн аль нэг талдаа санал өгнө шүү дээ. Тэр нь заавал нууц байх шаардлаггүй,  ямар ч айлт байх ёсгүй гэж бодож байна. Төрийн албан хаагчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлаар л  саналаа өгч байгаа. Үндсэн хуулийн 6.7-д Засгийн газрын гишүүдийг томилоход хуульд өөрөөр заагаагүй бол саналыг илээр хураана гэж заасан байдаг. Санал нууцлая гэдгийн цаана төрийн албан хаагчийг ялангуяа шийдвэрлэхэд тэр нөхөр буцаад бидэнд ямар нэг байдлаар хар буруу загначихах болов уу гэсэн ойлголттой байж болохгүй. Бас төрийн албан хаагч шударга этгээд л юм бол тэгж бодож ажиллах ёсгүй.

-Хэрвээ УИХ-аас “Авлигатай тэмцэх газрын дарга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн шийдвэр гарвал Улсын ерөнхий прокуророос сэжигтнээр татсаныг хүчингүй болгох уу, яах вэ?
-Үгүй, шалгах ёсоороо шалгагдаад явна. Тэр бол хамаарахгүй асуудал.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж