Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

Монгол, Туркийн харилцаа эрчимтэй хөгжиж байна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Шадар сайд Бүлэнт Арынч тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Турк улс Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал хураалтаа амжилттай явуулсанд Ерөнхий сайд баяр хүргээд Улаанбаатар хотноо болж байгаа Монгол-Туркийн Хамтарсан хорооны хуралд амжилт хүсэв.  

Түүхэн харилцаатай манай хоёр улсын эдийн засаг, нийгэм, боловсролын салбар дахь амжилттай харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжих боломж байгааг тэрээр хэлээд “Орхон говь” төслийг хамтран хэрэгжүүлэхэд анхаарахыг хүслээ. 

Монгол, Турк улс хэдийгээр газар зүйн хувьд хол оршдог ч түүхийн улбаатай харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт амжилттай хөгжиж байгааг Шадар сайд Бүлэнт Арынч тэмдэглэв.

Тэрбээр албан ёсны айлчлалынхаа хүрээнд Эрдэс баялаг, эрчим хүч, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тухайлбал Стамбул-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг хийх, транзит тээврийг хөгжүүлэх, эрчим хүчний салбарт хамтрах, Туркийн хөрөнгө оруулагчид, барилгачдыг монголд оруулах боломжийн талаар ярилцжээ.

Турк Улс манай улсын цэргийн салбарт туслалцаа үзүүлэх тухай Санамж бичигт удахгүй гарын үсэг зурах бөгөөд үүний дараа Элчин сайдын яамандаа харилцан цэргийн атташе суулгахаар төлөвлөж байна. Терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, ялангуяа хүн наймаалах хэрэгтэй хамтран тэмцэх, монголчуудын нэгэн адил туркийн иргэд монголд нэг сар визгүй зорчих зэрэгт анхаарахыг Шадар сайд Бүлэнт Арынч хүслээ.  

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдыг Монгол Улсад албан ёсоор урьсан урилгаа Ерөнхий сайд С.Батболд дахин нотлов гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж