С.Баярцогт “нууцаа” задлав

Хуучирсан мэдээ: 2010.10.25-нд нийтлэгдсэн

С.Баярцогт “нууцаа” задлав

Өнгөрөгч бямба гаригт “Кемпински” зочид буудалд С.Батболдын танхимын гишүүдийн сэтгүүчидтэй хийсэн “Зангиагүй уулзалт” нэлээд ширүүхэн уур амьсгалд болж өнгөрсөн. Өнгөрсөн намар яг өдийд Гадаад харилцааны яаманд хийсэн Засгийн газрынхаа 100 хоног дээр зургаан сайдаа үлдээчихээд өөрөө МҮОНТВ-д бичлэгэнд орохоор явчихсан байсан С.Батболд сайд энэ удаа сайд нарыгаа тойруулж суулгачихаад бүтэн хоёр цагийн турш ганцаараа ярив. Телевизийн олон камер, энд тэндээс шарах “паржуктор”-т шарагдаж залхсан заримынх нь нойр хүрээд нүдээ нухалж эхэлсэн. Ядахдаа өөрийнхаа ярих цагийн талыг нь сайд нартаа өгөөд, салбар салбартаа хийсэн ажлаа хэлээд өгөх таван минут гаргасан бол нүд нь сэргээд ирэхгүй юу.

За, тэгээд арай гэж танхимын тэргүүн ярьж дуустал овоо цөс ихтэй нэг сурвалжлагч босоод “Та нар яасан их ярьдаг юм, яасан их төсөл хөтөлбөр баталдаг юм. Түүний оронд хотын төвийн гэр хорооллоор яваад хүмүүсийн амьдралтай танилц” гэж хэлсэн нь уулзалтын танхимд бөмбөг тавьсан аятай юм болж, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар Ерөнхий сайдынхаа өмнүүр орон “Та нар яахаараа дандаа болохгүйг нь хардаг, болж бүтэж байгаагаа харж болдоггүй юм” хэмээн чоно зээр хөөдөг шиг “өртөөлж” ирээд нөгөө муу хүүхнийг загнав.

Хэвлэлийн хурал дээр болсон энэ нэг “эвгүй” уур амьсгалыг мартагнахын тулд үүний дараа болсон үдийн хоолон дээр сайд нар багагүй хүч зарна лээ. Сангийн сайд С.Баярцогт хамгийн түрүүнд уучлал гуйгаад “Хэрвээ та нар дараа нь ямар нэг байдлаар ашиглахгүй гэвэл би энд байгаа бүх хүмүүсийн инээлгэх дуу дуулж чадна шүү” гээд

“Янаг хайрын сэтгэл чинь над дээр юм бол
Ямааны чинь бэлчир дээр хангий хангий
Амраг хайрын сэтгэл чинь над дээр юм бол
Адууны чинь бэлчир дээр хангий хангий…”
гэсэн этгээд үгтэй хошин дууг таван бадаг дуулав. Мэдээж тэнд цугласан хүмүүс бүгд элгээ хөштөл инээсэн. Харин “хангий” гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? гэж асуухад С.Баярцогт сайд “Хүн болгон өөрөө яаж "эвдэрсэн", түүгээрээ л хүлээж авдаг” гэсэн утгатай орос зүйрлэлээс иш татсан нь бүр ч их хачир нэмэв.

Б.ЗАЯА   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж