Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг хэлэлцэнэ

Төрийн ордонд өнөөдөр дөрвөн Байнгын хороо хуралдахаар зарлагджээ. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “А” танхимд эхэлж Төрөөс мөнгөний бодлогын талаар 2011 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болсон байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл”-ийн хоёрдугаар үе шатны Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар зөвшилцөх аж.

Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд эхлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр болов. Засаг захиргааны нэгжийг өөрчлөх тухай  томоохон өөрчлөлтүүдийн талаар энэ үеэр яригдах бололтой.

Хэлэлцэх асуудлын дараалалд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн орж байна.

Үдээс хойш Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанууд тус тус хуралдах бөгөөд Дархлаажуулалтын тухай хуулийн төсөл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн Нэмэлт II Протоколд нэгдэн орох тухай асуудал, Улсын ерөнхий прокурорын орлогчийг томилох саналыг зөвшилцөх зэрэг асуудлаар хуралдахаар болсон байна.

Э.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж