Цэцэрлэгүүд ханиад гарах эрсдлийг нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Цэцэрлэгүүд ханиад гарах эрсдлийг нэмэгдүүлжээ

Нийт нутгаар хүйтэрч байгаа тул өвөлд бэлтгэж амжаагүй иргэдийг ханиад томуунаас сэрэмжлэхийг мэргэжлийн бай­гуул­лагаас зөвлөж байна. Энэ талаар бид нийслэлийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Оюунчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Гэнэтийн хүйтрэл, утаа зэр­гээс болж жил, жилийн өвөл манайд ханиад томуу ихэсдэг. Энэ жилийн хувьд байдал ямар байна вэ?

-Энэ сарын байдлаар ханиад, томуугаар 10 мянган хүний дунд 20-50 хүн өвчилсөн байна. Үндсэндээ амбулторын нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс харьцангуй бага байгаа юм. Одоогоор илэрсэн ноцтой тохиолдол алга. Гэхдээ гэнэтийн хүйтрэлээс болж ханиад, амьсгалын замын халдварт өвчин нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа бага насны хүүхдүүд өвчлөх тун эрсдэлтэй байгаа. Тиймээс иргэд бага насны хүүхэддээ анхаарлаа хандуулж, дулаан хувцаслаж, эрүүл тэжээллэг хоол хүнс хэрэглүүлэх хэрэгтэй. Бас манай иргэд болж өгвөл утаа бага гаргадаг түлшийг хэрэглэвэл үр дүн гарах л байх.

-Энэ жилийн хувьд зургаан настай хүүхдүүд сургуульд орж байгаа болохоор эцэг, эхчүүд илүү анхаарах хэрэгтэй байх тийм үү?

-Энэ жилээс эцэг эхчүүд хүүх­дээ цэцэрлэгт өгөх нь нэлээд нэмэгдсэн. Бас зургаан настай хүүх­дүүд сургуульд орж байна. Үүн­тэй холбоотойгоор бага насны хүүхдүүдийн нягтрал ихэсч байгаа. Сургууль, цэцэрлэгүүд анги дүүргэлтээ хэтрүүлж авч ханиад томууны эрсдэлтэй нөхцөл бий болгож байна. Цэцэрлэгүүд нь “Эцэг эхчүүд хүсч байгаа юм чинь” гээд тоогоо нэмдэг. Ингээд нэг анги 40-50 хүүхэдтэй болчихоор л эрсдэлтэй болж байгаа юм. Бага насны хүүхдүүдийн хувьд их эмзэг. Ангиас нэг л хүүхэд ханиад тусчихвал бусад нь тусчихдаг. Тиймээс хүүхдийн байгууллагууд буюу цэцэрлэг, бага сургууль мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй. Уг нь аль болох олон хүүхэд авахгүй байвал сайн. Боловсролын хувьд ч, эрүүл мэндийн тухайд ч. Ерөөсөө бага насны хүүхэд гэлтгүй эцэг эхчүүд ч ханиад хүрч болно. Насанд хүрсэн хүмүүс хөнгөн хэлбэрээр өвчилчихөөд тоохгүй яваад байдгаас ханиад нь хүндрэх нь бий л дээ. Тэгээд эргэж хүүхдэдээ халдвар тараадаг. Хөнгөн хэлбэрийн ханиад 3-5 хоногт л эдгэрэх ёстой. Үүнийг л манайхан анхаарч, сэрэмжтэй байх хэрэгтэй байна.

 -Сүүлийн үед нүдний ханиад гэж бас нэг төрлийн өвчлөл гарч, иргэд ихээр халдварлаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Энэ жилийн хувьд нүдний ханиад ихэслээ гэсэн мэдээлэл ирээгүй. Өнгөрсөн өвлийн хувьд ганц нэг мэдээлэл ирсэн.  Тандалт хийхэд нүдний ханиадаас илүү бага насны хүүхдүүдийн суулгалт их байна. Үүгээр голдуу 0-5 насны хүүхдүүд өвдөж, нийт өвчлөлийн 89 хувийг эзэлж байгаа. Харин нүдний ханиадын хувьд ганц нэг л бүртгэгдэж байгаа байх. Ер нь эмчлэх арга нь адилхан. Тиймээс энэ өвчнөөр өвчилсөн бол харьяа өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай арга хэмжээг авах хэрэгтэй.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж