Мэнгэ нь голлосон сайд

Хуучирсан мэдээ: 2010.10.26-нд нийтлэгдсэн

Мэнгэ нь голлосон сайд

Парламентын танхим дотор мэнгэ нь голлосон сайд нэг байна аа. Энэ бол С.Ламбаа сайд. Тэрбээр Ардчилсан намд алгасалгүй төр барилцаж явсныхаа үр дүнд дориухан шан хүртсэн нь Эрүүл мэндийн сайдын суудал. Гэвч энэ суудал нь намаасаа  авсан бэлэг бус шийтгэл гэлтэй. Учир нь түүнийг сайд болсноос хойш ЭМЯ, эрүүл мэндийн салбар нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа. Эхлээд H1N1 гэх таньж, мэдэхгүй шинэ вирус гарч түүнийг баахан сандаргасан. Да­раа нь I амаржих газарт нярайн халдвар гарч “ЭМЯ төрөх газарт анхаарлаа хандуулахгүй байна” хэмээх хүчтэй шуургад нэрвүүлсэн. Энэ яриа арайхийн намдаж сайд уужуу амьсгаа авах гэтэл ДОХ-той донорын цусыг 14 хүнд хийсэн гэх мэдээлэл тархлаа. Эдгэшгүй өвчин болох ДОХ манай улсыг нөмрөөд удаж байгаа. Гэтэл хаяанд ирээд байгаа энэхүү өвчнөөс сэргийлэх ёстой салбарынхан өөрсдөө нь тарааж байна хэмээн Эрүүл мэн­дийн сайд С.Ламбаа мөн л шүүмж­лэлд өртөв. Түүнийг зөвхөн шүүмж­лээд өнгөрөх бус суудлаас нь буулгах хэрэгтэй гэж ч ярьж байна.

С.Ламбаа сайд өдий 20 жил улс төрийн хүрээнд танигдаж, төр түшилцэж явахдаа албан тушаал булаалдаж, ам зөрж яваагүй гэдэг. Мөн хүн чанар, хувь хүнийхээ хувьд олонд хүндлэгдсэн нэгэн. Бас шаггүй дуучин болохыг нөхөд нь магтдаг. Тэрбээр хамгийн эмзэг, хүнд салбар болох эрүүл мэндийн салбар хариуцсан нь түүний алдаа болсон гэлтэй. Мэнгэ нь голлосон гэ­дэг шиг түүнд Эрүүл мэндийн сай­дын алба нэг л ээлгүй байна даа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж