Кёкүшюүзан Б.Батбаяр ёкозуна Асашёорюүгийн эсрэг хууль батална

2010 оны 2 сарын 24

Мэргэжлийн сумо бөхийн их аварга Асашёорюүг зодог тайлсантай холбоотой мэдээлэл өнөө хэр Японы хэвлэл, мэдээллийн хэрэгслийн анхаарлын төвд байсаар байна. Асашёорюүг Хавайн арал хүртэл дагаж, мөрдөх болсон хэвлэлийнхэнд хэдхэн хоногийн өмнө арлын оронд хөл тавьсан Кёкүшюзан Д.Батбаяр бас нэгэн “өгөөш” болжээ. Сэтгүүлчид түүнийг Японы онгоцны буудалд буусан даруйд нь бүчин авч, их аварга Асашёорюүг зодог тайлсанд ямар бодолтой байгааг нь сонирхсон байна. Харин Монголын парламентын гишүүн Кёкүшюзан Д.Батбаяр сэтгүүлчдийн асуултад хачирхалтай зүйл ярьжээ. 
Ёкозуна Хакухо М.Даваажаргалын хуриманд оролцохоор гэргий Т.Баясгалангийн хамт “Нарита” нисэх буудалд газардсан Кёкүшюзаны товч ярилцлагыг Японы “Nikkan Sports” сонин ийн буулгасан байна.
...Энэ сарын эхэнд зодог тайлсан Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюүтай нутаг нэгт сүмоч, одоогийнн Монголын парламентийн гишүүн Кёкүшюүзан Д.Батбаяр  хоёрдугаар сарын 21-ний өдөр болсон ёкозуна Хакүхогийн хуриманд оролцохоор 19-нд Токиогийн “Нарита” нисэх буудалд буув. Кёкүшюзан нисэх буудалд байх үедээ Японы хэвлэл, мэдээллийнхэнд өгсөн ярилцлагадаа: “Монголын бөхчүүдийн дунд хэрэгжүүлэх шинэ хуультай болно. Гэмт хэрэг үйлдсэн болон цагдаагийн байгууллагад байцаагдсан бөхийг зодог тайлуулдаг байх хуулийн төсөл санаачлахаар ажиллаж байгаа” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Манай үндэсний бөхөөр барилддаг тамирчид гэмт хэрэг үйлдчихээд жилдээ нэг болдог улсынхаа баяр наадамд ямар ч гэм хийгээгүй хүн шиг барилдаж байдаг. Зургаа, долоон жилийн өмнө нэгэн улсын цолтой бөх согтуугаар танхайрч, гэмгүй иргэд рүү галт зэвсэг хэрэглэж, түүний уршгаар гурван иргэн амь насаараа хохирсон байтал тэр хүн шоронгоос гараад бөхөө барилдсан тохиолдол байдаг. Хүнийг хэвтэрт ортол нь зодсон ч бөхөө барилдаж л байдаг энэ явдал яавч зүйд нийцэхгүй. Тийм учраас би ийм байдлаар танхайрсан бөхчүүдийг хүчээр зодог тайлуулдаг байх хуулийн төслийг ирэх дөрөвдүгээр сард УИХ-д өргөн барих болно” гэв.
Кёкүшюзаны ийм санал гаргах болсон шалтгаан нь ёкозуна Асашёорюү Японы иргэнд гар хүрснээс болж, сүмогийн холбооны “шахалтаар” зодог тайлсантай холбоотой юм байх. Тэр энэ талаар,
Д.Батбаяр: “...Одоо л хамгийн тохиромжтой цаг үе таарч байна. /Хуулийн төсөл боловсруулах болсон санаа нь япончуудын дайралтаар зодгоо тайлсан гэгдэж буй монгол их аваргын хэрэг явдлаас үүдэлтэй юм байх/. Миний санаачлах хуулийн санаа оноог Японы сумогийн холбоо ч анхааралдаа авах хэрэгтэй, дэмжинэ гэж найдаж байна” хэмээн яриагаа үргэлжлүүллээ.
Монголын үндэсний бөхийн ертөнцөд хүчтэй нь хүндлэгддэг гэсэн яриа байдаг боловч зөвхөн “хүчтэй” л бол болдог бус бөхийн жудагтай байх нь чухал гэсэн санаагаар энэхүү “Анти Асашёорюү” хуулийн төсөл удахгүй тус улсын их хуралд хэлэлцэгдэх бололтой. Гэхдээ зөвхөн нэг спортын төрөлд зориулсан хууль тогтоомж гаргадаг парламенттай улс Японд бол байж боломгүй зүйл. Харин энэ зүүдээ биелүүлэхээр Кёкүшюзан гишүүн ихэд хичээж байгаа бололтой.
Эх сурвалж: “Nikkan Sports” сонин. Япон.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна