Д.Амьбөх: Боулингийн тамирчдын халааг бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Д.Амьбөх: Боулингийн тамирчдын халааг бэлтгэж байна

Боулинг сонирхогчдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амьбөхтэй ярилцлаа.

-Сонирхогчдын боулингийн аварга шалгаруулах тэмцээн үр­гэл­жилж байна. Тэмцээний үйл явцаас сонирхуулна уу?

-Тийм, өнгөрсөн жилээс эхлэн Нийслэлийн ЗДТГ-тай хамтран боу­линг сонирхогчдын дунд “City cup” тэмцээнийг нийслэлийн ойн өдрийн өмнө уламжлал болгон зо­хиохоор болсон юм. Энэ жилийн тэмцээнд олон баг оролцож байгаа учир гурван хэсэгт хуваагдан “Big bouling” төвд өрсөлдөж байна. Эхний ээлжийн тоглолт 11-нд хэв­лэлийнхний дунд болсон. Энэ тэм­цээнээс NTV, TV9 телевизийн баг шалгарч, 24-нд болсон тэмцээнд 14 баг орсноос долоон баг нэмэгдэн есөн баг тунаж үлдээд байна. Тэмцээний 30-нд болох гурав дахь ээлжийн тоглолтод 16 баг оролцож, мөн л долоон баг шалгарах ёстой. Харин 31-нд шалгарсан 16 баг хүчээ сорьж аваргаа тодруулна.

-Олон баг оролцож байгаа гэлээ. Тэгэхээр жил ирэх тусам тэм­цээний цар хүрээ өргөжиж бай­гаа байх нь ээ?

-Өнгөрсөн жилийн тэмцээнд энэ жилийнх шиг олон баг орол­цоогүй. Харин сүүлийн үед боу­линг сонирхогчид олширсон, мөн өнгөрсөн жилийн тэмцээнд ор­сон байгууллагууд зар сайн тарааснаар Монголын то­моохон компаниудын төлөөлөл энэ тэмцээнд оролцож байна. Мөн “Big bouling”, “M bouling” зэрэг олон улсын стандартад нийцсэн боу­лингийн төвүүд нээгдсэнээр Монголд боулингийн спорт хөгжих, за­лууст боулингоор хичээллэх бо­ломж олгосон гэж боддог.

-Монголчууд  хэзээнээс боу­лин­­гийн спортоор хичээллэж эхэл­сэн бэ. Олон улсын хэм­жээ­ний тэм­цээн, уралдаанд байр эзэлж байсан тохиолдол байдаг уу?

-Уг нь 1990 оноос боулингийн спорт манайд орж ирсэн юм. Ту­хайн үед Урлан бүтээх төвийн урд “Монкор”-т зургаан замтай, “Варьете” чуулгын байранд хоёр замтай боулингийн төв бай­сан. Харамсалтай нь тэдгээр төв байх­гүй болсноор өдий болтол энэ спорт мартагдсан байсан гэхэд болно. Монголын боулингийн  бо­лон Боулинг сонирхогчдын хол­боо гэсэн хоёр холбоо манайд үйл ажиллагаа явуулж байна. Мон­го­лын боулингийн холбоо мэр­гэж­лийн тамирчдыг улсын авар­га шалгаруулах, олон улсын тэм­цээнүүдэд оролцуулахад анхаарч ажилладаг байх. Олон ул­сын чанартай тэмцээнд манай тамир­чид оролцдог. БНХАУ-ын Гуанжу хотод ирэх сарын 12-27-нд бо­лох Азийн аварга шалгаруулах тэм­цээнд манай тамирчид орох гээд бэлтгэлээ хийж байгаа. Одоо­хондоо олон улсын чанартай тэм­цээнээс хүртсэн шагнал байхгүй ч цаашид олон улсын тэм­цээнээс удахгүй шагнал хүртэнэ гэдэгт итгэж байгаа.

-Боулинг сонирхогчдын хол­боо­ноос боулингийн спортыг хөг­жүүлэхийн тулд City cup тэм­цээнээс өөр ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

-Манай холбоо байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд “City cup” тэмцээнээс гадна “Эм Си Эс кока кола” компанитай хамтран сар бүр “MCS Coca Cola zero champion champs” тэмцээнийг зохиодог  болсон. Нэг ёсондоо боулингийн спортод залуусыг татан оролцуулахад анхаарч мэр­гэжлийн тамирчдын халааг бэлт­гэж байна. Үүний үр дүнд байгууллагууд амралт, чө­лөөт цагаараа боулинг тоглох нь ихэссэн. Тухайлбал, “Big bouling” төвөөр өдөрт дунджаар 150 гаруй хүн үйлчлүүлж байна. Ма­най холбоо мөн “City cup” тэм­цээний шагналыг гаргаж байгаа. Тухайлбал, энэ жилийн тэмцээний шагналын сан нь таван сая төгрөг, түрүүлсэн баг нь хоёр сая төгрөгийн шагнал хүртэх юм. Үүнээс гадна 12 дугаар сарын 31-нд  “MCS Coca Cola zero champion champs”, “City cup” тэмцээний аваргуудын дунд оны шилдэг баг шалгаруулах тэмцээнийг зохиох гэж байна.

-Та боулингийн мэргэжлийн тамирчин уу?

-Үгүй. Би ердөө л сонир­хогч төдий. Гэхдээ би спортын хүн л дээ.  Киев хотын Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Сагсан бөмбөгийн холбооны ерөн­хий нарийн бичгийн даргаар 1998-2000 онд ажиллаж бай­лаа. Одоо боулингийн спортыг хөг­жүүлэхээр холбооныхоо ТУЗ-ийн гишүүдтэй хамтран зүтгэж байна.

-Танай холбооны ТУЗ-д ямар хүмүүс байдаг юм бэ?

-Ерөнхийлөгчөөр УИХ-ын ги­шүүн, Сангийн сайд С.Баярцогт ажил­ладаг. ТУЗ-ын гишүүдэд УИХ-ын гишүүн Су.Батболд, “Пет­ро­вис” компанийн Ж.Оюунгэрэл, MCS компанийн Ж.Од зэрэг олны та­нил хүмүүс багтаж, энэ спортыг хөг­жүүлэхээр зүтгэж байгаа. Наад зах нь гадаад руу явахдаа ижил төрлийн холбоо, компанитай холбоо тогтоодог. Мөн манай холбоотой хамтарч ажиллан, ивээн тэтгэдэг “Adidas” брэндийн албан ёсны бор­луулагч “BTF” компанийн захирал Л.Огторгуйд баярлаж явдаг юм.

-Гадаад харилцаандаа нэлээд анхаардаг байх нь ээ?

-Одоохондоо чамлалттай гэж хэлж болно. Гэхдээ цаашид энэ та­лаар идэвхтэй хөөцөлдөнө. Энэ зун боулингийн брэнд компани болох “AMF” компанийн үйлдвэр хариуцсан захирал Абрам “Big bouling” төвд зочилсон. Тэрбээр цаашид тоног төхөөрөмжийг улам сайжруулах үүднээс удирд­лагуудтайгаа ярилцана гээд явсан. Боулингийн спортыг хөгжүү­лэхэд их хөрөнгө шаарддаг. Гутал, бөмбөг, пин (гахай), зам гээд л их өн­дөр үнэтэй шүү дээ.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж