Ерөнхийлөгч санал гаргав

Хуучирсан мэдээ: 2010.10.28-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч санал гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Их Хурал 2011 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүлэхээр дараах саналуудыг  хүргүүлжээ.

Үүнд:

     1. Иргэд болон орон нутагт санхүүгийн эрх олгох, төсвийн шинэтгэл хийхэд чиглэсэн “Монгол Улсын төсвийн тухай” хуулийн төслийг нэн түрүүнд хэлэлцэн батлах;

    2. Төрийн албаны шинэчлэлийг эхлүүлж, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, төсвийн зарлагын хэт үрэлгэн байдлыг таслан зогсоох зорилгоор мэргэжлийн болон олон нийтийн байгууллагуудаар төрийн ажил үйлчилгээг гүйцэтгүүлж эхлэх болон үйл ажиллагааны санхүүжилтэд нь дэмжлэг болгоход зориулж 2011 оны төсөвт 5 тэрбум төгрөг тусгах;

    3. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс баталсан ”Шүүх эрх мэдлийн хүрээний шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-т заасны дагуу шүүхийн нэгдсэн төсвийг өмнөх оны улсын нэгдсэн төсвийн 1.5 хувиас доошгүй хэмжээнд байлгах зарчмыг ирэх оны төсвөөс эхлэн нэвтрүүлэх;

    4. Их, дээд сургуулийн оюутанд цалин тэтгэлэг олгох ажлыг 2011 оноос үе шаттайгаар эхлүүлэхээр тооцож санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх;

    5. Монгол Улсын иргэн бүр жилд 1 удаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэгт хамрагдахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, төсөвт тусгах;

    6. Эмч, багш нэг бүрийг орон сууцаар хангах асуудлыг төсөвлөж шийдвэрлэх;

    7. Эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг шинээр барих, засварлах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, гүйцэтгэлийг тухайн аймаг, хот, дүүрэгт хариуцуулах;

    8. Эх нялхас, иргэдийн эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээг бэхжүүлэхэд зориулж хөрөнгө тусгах;

    9. Улс орны нэр хүнд, хүний хөгжилд нөлөөлөхүйц бүтээн байгуулалтад /түүх уламжлалаа дээдэлсэн цогцолбор, үндэсний парк, театр, номын сан, спортын ордон … зэрэг/ зориулж хөрөнгө гаргах, эхний ээлжинд барилгын зургууд, төсөл зохиох, шалгаруулах төсвийг шийдвэрлэх;

    10. Онц шаардлагатай мэргэжлээр /Засгийн газраас зарласан/ гадаадын сургуулиудад магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгсөгчдөд олгох урамшууллыг хүн нэг бүрээр 10 сая төгрөгөөс багагүйгээр тогтоож, тодорхой хөрөнгө төсөвлөх;

    11. “Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” зарлигийн хэрэгжилтийг хангах хөрөнгийн эх үүсвэрийг төсөвт тусгах;

    12. Нийслэл хот болон зарим онцгой объектыг агаарын довтолгооноос хамгаалахад нэн түрүүнд шаардагдах 8.0 тэрбум төгрөгийг нэмж тусгах;

    13. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа 1 хилчинд ногдох уналгын морины нормыг нэмэгдүүлэхэд шаардагдах 4.4 тэрбум төгрөгийг төсөвт нэмж тусгах;

    14. Хот орон нутгийн удирдлагаас гарч буй санал санаачилгыг үндэслэн улс орноо хур хогноос салгах, цаашдаа хог хаягдлын асуудлыг оновчтой шийдвэрлэхэд шаардагдах 10 тэрбум төгрөгийг төсөвт тусгах саналууд оржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж