Төсвийн мөнгөөр Засаг даргын “жийп”-ийг тэжээхгүй

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Төсвийн мөнгөөр Засаг даргын “жийп”-ийг тэжээхгүй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийг хэлэлцэх шатанд гишүүд Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хуулийг хөндөн, орон нутгийг өөрөө өөрийгөө аваад явах бололцоог ирэх оноос эхлэн хангах ёстой гэсэн байр суурийг түлхүү илэрхийлсэн. Засгийн газрын хувьд орон нутаг биеэ даагаад явах тэр бололцоог хангадаг болгох үүднээс хуулийн төслийг өргөн барьсан, УИХ хэлэлцэн баталж өгөх ёстой гэнэ. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ “Орон нутаг бүр төсвөө захирах эрхийг гартаа авчихвал Засаг дарга нар нь жип машинуудынхаа шатахууныг түүнээс “тэжээдэг” болох гээд замбараагүй зарцуулалт гарч болзошгүй. Ер нь ч тэгээд Монгол Улс хөгжлийн гараан дээрээ явж байна, юуг орон нутаг нь өөрөө мэдэх, юуг улсаас мэдэж хийх вэ гэдгийг УИХ төсвөөр нь хатуу барьж хийлгэх учиртай. Цаг үргэлж Засгийн газрыг мөнгөөр цатгаад явж чадахгүй. Төсвийн хуваарилалтад УИХ онцгой анхаарах, үүгээр дамжуулж ард түмэндээ баялгийг тэгш хуваарилдаг болох тэр цаг үе рүү шилжих хэрэгтэй. Цаашид УИХ-ын дэргэд бүтэц бий болгож, Засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөл дээр ажиллуулж, хяналт тавихгүй бол Сангийн яам мэргэжлийн бус зүйлүүдийг ихээр оруулж ирж байна. Үүнтэй УИХ улаан гараараа түүнтэй нь ноцолдож байна. Юу нь болоод, юу нь болохгүй байгааг мэргэжлийн талаас нь харж, хянаж байх хэрэгтэй болж” гэв. Мөн удахгүй Аудитын ерөнхий газраас төсвийн зарцуулалтын талаарх дүгнэлтээ УИХ-д танилцуулах аж. Түүгээр төсөв ерөнхийлөн захирагч нар хууль зөрчин төсвөө буруу зүйлд зарцуулсан болох нь илэрвэл УИХ тэдэнд хариуцлага тооцно гэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж