Төвлөрөл-2

2010 оны 2 сарын 24


-Түүнээс хойш хоёр ч удаа сонгогдсон УИХ, олон Засгийн газрын гишүүд одоо болтол ноён Баабарын зургийг гэртээ аваачаад шатааж орхихын оронд ихээ хүндэтгэлтэйгээр өрөөндөө залсан байдаг нь учиртай-
Хөдөөг зорьсон тусламжийн цуваа ч тасрахгүй, тусламжаа санхүүжүүлэх гэсэн төр засгийнхны гуйлга ч дуусахгүй, ёстой нөгөө гуйлгачингийн гурван шинж нь бүрдэнэ гээч л манайд ирж байх шиг байна аа. Мөнгө өгч байгаа газар нь нөгөө л хандивлагч орнууд, олон улсын тусламжийн байгууллагууд. Гэвч манайхан алгаа тосох болохоороо тэднийг санахаас биш болж бүтэж байгаа цагтаа ямар санаж сэрэх биш дээ.
Хорин жилийн өмнө бол мал аж ахуй Монголыг тэжээдэг байлаа. Харин одоо жилийн жил, өвлийн өвөлд л жалга дагаж тарсан мал малчдад өвс тэжээл, элгэвч, нэмнээ хүргэх жил улс зутардаг болов. Мал, малчдын нэр хүнд өдрөөс өдөрт унаж, төсөв, татвар татвар төлөгчдөөс алга тоссон нийгмийн эмзэг бүлгийн эгнээнд шилжээд байгаа. Харин мал, малчид бол өөрсдөө татвар төлдөггүй, өөрөө өөрсдийнхөө өмнө хүлээх хариуцлага гээч нь үндсэндээ мартагдсан. Энэ нь нүүдлийн тархай бутархай, хоцрогдсон аж ахуй энэ нийгмийн хөгжилд хөл нийлэхээ больсны нэг л жишээ.
Ерээд онд мал хувьд очсон тэр л цагаас эхлэн малын тоо толгой суга өсч соц нийгмийн үед мөрөөдөл байсан 20 саяыг хоёр дахин нугалаад байгаа ч малын ашиг шим нэмэгдэх бус багсч, ачаа тээг нь нэмэгдэх болсон. Уулын мухарт шил шилээ харсан ганц гэрээр малчид малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлэх бус дан ганц тоо толгойны араас хөөцөлдсөнөөс болж монгол малын чанар муудаж, асуудал монгол хүний хөгжлөөс илүү дээгүүр тавигдахад хүрээд байна. Сүүлийн 20 жил л эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйн тухай ярьж байгаа ч болж бүтсэн зүйл алга. Үүнд тээг болж байгаа зүйл ч байдаг бололтой. Нөгөө л засаг захиргааны нэгжийн үр ашиггүй, үрэлгэн бүтэц. Социализмын үед 18 байсан аймгуудыг шинэ нийгэмд шилсэний дараа 21 болгон жижигрүүлж, аймгийн төвүүд, улсын чанартай томоохон хотуудаа хүртэл сумын төв болгон зэрэглэл бууруулснаас болж орон нутагт хөгжил гэдэг зүйл “ноль” заагаад байгаа.
Соц үеийн 18 аймгийг оросууд Монголыг өөрийн түүхий эдийн бааз суурь болгох зорилгоор гаргаж ирсэн юм гэнэ лээ. Аймаг болгонд түүхий эдийн агуулах байснаас биш үйлдвэр завод бол талх, архихан хийгээд дуусч байлаа. Угаасаа хүн ам цөөтэй, тэр хүн амынх нь тал нь хөдөөд мал маллаж байсан учраас юун үйлдвэрлэл технологи. Харин ардчиллын эхэн үед аймгуудын тоог 21 болгон олшруулсан шалтгаанаа одоо болтол шийдвэр гаргасан нөхдүүд өөрсдөө ч тайлбарлаж чаддаггүй юм. Харин Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд санхүүгийн байгууллагуултай харилцаатай болсон цагаас эхлэн тэд бидэнд засаг захиргааны энэ үрэлгэн, тархай бутархай бүтцээ өөрчилж, эдийн засгийн үр ашигтай, ажиллах хүчин, хүн ам олонтой төвлөрсөн бүтцэд шилжихийг зөвлөсөөр ирсэн ч манайхан “нүдэн балай, чихэн дүлий” явсаар өдийг хүрлээ.
Дээхнэ үед дурдаад өнгөрсөн засаг захиргааны шинэ хуваарь, Баабарын бүсчилсэн зургийн тухайд ч гэсэн уг нь мань хүн гэнэт зүүдэлж сэрээд зурчихаагүй, тэдний зөвлөмж, түүхэн уламжлал дээр тулгуурлан гаргасан юм гэнэ лээ. Монгол улсыг дөрвөн аймаг, 68 хошуунд хуваасан энэ зургийг нь Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан “Фортуна” хэмээх Н.Батбаяр ажил хэрэг болгохоор засаг захиргааны нэгжийн шинэ хуулийн төслийг боловсруулж, холбогдох 20 хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьсан ч хэлэлцүүлж амжилгүй засаг нь унасан. Гэхдээ түүнээс хойш хоёр ч удаа сонгогдсон УИХ, олон Засгийн газрын гишүүд одоо болтол ноён Баабарын зургийг гэртээ аваачаад шатааж орхихын оронд ихээ хүндэтгэлтэйгээр өрөөндөө залсан байдаг нь учиртай. Нөгөө “Өглөө бүр надад өмнө зүгт Тангуд улс бий гэдгийг сануулж бай” гэдэг шиг хэзээ нэгэн цагт хийх юм шүү хэмээн хадгалдаг бололтой. Тиймээс өөрсдийнхөө цээжний мухарт байгаа тэр зүйлээ ил гэргэж, засаг захиргааны шинэ хуваарь, төвлөрсөн бүтцээ ажил хэрэг болгохыг эрхэм нөхдөөс аминчлан гуйя.
Чингэвэл ядаж л жилийн жилд лай ланчиг болдог хоцрогдсон мал аж ахуй, мал, малчид хоёр чинь эргэлтэнд орж, зах зээлийнхээ жамаар, шалгарлаар өөрөө өөрсдийгөө аваад явчих чадалтай болох ч юм билүү. Хүн байгаа газар нь эрэлт бий болж, эдийн засаг хөгждөг болохоос бишлтэй болж, Монгол Улсын сая 500 мянган кв.км газар нутгийг тэгшитгэн хуваасан энэ жижиг бүтэц чинь эргээд эдийн засгаа, аж ахуйгаа татаж унагахад хүрээд байгаа юм биш үү. Уг нь бол өөрсдөө засаг захиргааны нэгжийн тэр шинэ хуваарийг “Нийгэм эдийн засгийн хувьд оновчтой, байгаль экологийн хувьд ч тэнцвэртэй, түүх соёл талаасаа ч ард түмэн хүлээн зөвшөөрөхүйц” хэмээн дотооддоо бол хүлээн зөвшөөрдөг л юм билээ. Ядахдаа жилийн жилд “зуд боллоо” хэмээн худал үнэн хэлж, гадна дотноос гуйлга гуйж, бадар барьдаг маань багасах байлгүй дээ.
Засаг захиргааныхаа нэгжийг томруулья гэхээр “төрийн үйлчилгээ хүндээ хүрэхээ больчихно” гэж нэг их сүрхий сүжирдэг хөдөөний голдуу гишүүд УИХ дотор бий. Техник технологи, зам харилцаа хөгжсөн өнөөгийн нөхцөлд байтугай аль XIII зууны сүүл үеэс Монгол Улсыг гурав хуваан захираад, болоод ирсэн байдаг. Манайхаас тав дахин их газар нутагтай, 15 дахин их хүн амтай Австрали улс хүртэл засаг захиргааны нэгжтэй байхад 2,7 сая хүн амтай улс 21 аймагтай байна гэдэг арай л сэрүүхэн зүйл. Амьдралынх нь мөчлөг сонгуулиас сонгуулийн хооронд үргэлжилдэг төрийн түшээдийн хувьд Баабарын зураг бодит болох цагийг хүлээж чадах боловч харин жилээс жилд амь амьжиргаа, амьдрах чадвар нь уруудан доройтож байгаа хөдөөгийн ард түмэн харин үүнийг хүлээж чадахгүй нь. Хөгжих гэж ядаж байгаа нэг саяа хөгжлөөс хол хоцорсон сая гаруй нь татаж унагаад дууслаа.

Б.СЭМҮҮН
        
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна