Солонгос дахь жагсаал товлосон өдрөө болно

Хуучирсан мэдээ: 2010.10.29-нд нийтлэгдсэн

Солонгос дахь жагсаал товлосон өдрөө болно

Өмнөд Солонгосын Нажу хотод амиа алдсан монгол бүсгүйн дурсгалд зориулсан Хүндэтгэлийн тайван жагсаал болоход гуравхан хоног үлдээд байна. Ирэх сарын 1-ны өдөр Чоннам их сургуулийн Солонгосын өмнөд бүсийн Монгол оюутны холбоо болон, Нажу дахь Монгол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төвтэй хамтран  зохин байгуулж буй энэхүү жагсаалд,  одоогийн байдлаар нийт 200 гаруй монголчууд, 50 гаруй солонгос хүн оролцох төлөвтэй байгаа гэнэ. Уг жагсаалд Чонбуг их сургууль, Гуанжу их сургууль,  Чонжу коллеж, болон Мугпу их сургууль, мөн солонгос иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүд ирэх хүсэлтээ ирүүлсэн байна. Хэдхэн хоногийн өмнө Солонгосын 13 иргэн хууль бусаар Монголын гаалиар 13.3 кг алт авч гарахаар завдаж байгаад үйлдэл дээрээ баригдсаныг та бүхэн санаж байгаа.  Гэтэл  тус улсаас иргэнийхээ эрхийг хамгаалахаар манай хуулийн байгууллагад хандсан.

Харин Өмнөд Солонгос улсад эрх нь зөрчигдөж байгаа энэ олон мянган  иргэнийхээ эрхийг манай төр засаг хамгаалж  чадаж байгаа билүү? 2008 онд Гуанжу хотод амь насаа алдсан эмэгтэйг амиа хорлосон нэрээр хэргийг хаасан байдаг. Хохирогчийн ээж “Миний охин урьд өдөр нь инээж хөөрөөд надтай утсаар ярьж байсан” гэж мэдэгдсэн гэдэг.  Гэвч манай талаас иргэнээ хамгаалсан ямар нэгэн дорвитой зүйл хийхгүй байхад Солонгос улс ингэж хандах нь ойлгомжтой хэрэг хэмээн жагсаалыг санаачлагчид өгүүлж байна.  Тэд энэхүү жагсаалын дараа 2008 онд  гарсан хэргийг эргэн шалгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн энэ жагсаалаар монгол хүний үнэ цэнэ, эв нэгдэл болон монголчууд хүний нутагт бид биеэ хамгаалах чадвартай гэдгээ харуулах гэнэ. Мөн талийгаач эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх, удахгүй болох шүүх хурлын шийдвэрт тодорхой хэмжээнд нөлөөлөх зорилгоор Солонгос улсад хийж буй хамгийн том жагсаал юм байна. Тиймээс Солонгосын өмнөд бүсийн оюутны холбооны зүгээс тус улсад суугаа монголчууддаа энэхүү жагсаалд өргөнөөр оролцохыг уриалжээ.  

Дашрамд дуулгахад, Гуанжу хотын цагдаагийн газар товлосон өдөртөө жагсаал хий эрхийг олгожээ. Учир нь арваннэгдүгээр сарын 1-ний өдөр тус улсын “Хосолмол соёлт гэр бүлийн өдөр” бөгөөд гадаадын иргэдтэй гэр бүл болсон иргэдийн эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг аж.  Түүнчлэн энэхүү тайван жагсаал нь авто замын нэг, хоёрдугаар эгнээг эзлэн явах учир жагсагчдын аюулгүй байдлын үүднээс замыг цагдаагийнхан хамгаалалтдаа авсан байх гэнэ .

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж