Монгол улсын макро эдийн засгийн байдал

Хуучирсан мэдээ: 2010.10.31-нд нийтлэгдсэн

Монгол улсын макро эдийн засгийн байдал

Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2010 оны эхний 9 сард 2078.2 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 414.3 тэрбум төг буюу 24.9 хувиар нэмэгдсэн нь татаас, шилжүүлэг 169.7 тэрбум төг буюу 30.6 хувь, бараа, үйлчилгээний бусад зардал 61.8 тэрбум төг буюу 23.6 хувиар өссөнөөс шалтгаалжээ. Хөрөнгийн зардалд 2010 оны эхний 9 сард 331.8 тэрбум төг зарцуулсан нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 67.5 тэрбум төг буюу 25.5 хувиар нэмэгджээ. Энэ нь гадаад эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 5.1 тэрбум төг буюу 37.2 хувиар буурсан хэдий ч дотоодын эх үүсвэрээс зарцуулсан хөрөнгийн зардал 72.6 тэрбум төг буюу 29.0 хувиар өссөнөөс шалтгаалжээ.
Хэрэглээний үнийн индекс
Хэрэглээний үнийн улсын индекс (ХҮУИ) 2010 оны 9 дүгээр сард өмнөх сарынхтай харьцуулахад 0.7 хувиар буурч, өмнөх оны жилийн эцсийнхээс 8.3  хувь, өмнөх оны мөн үеийнхээс 10.6 хувиар тус тус өссөн байна. Ерөнхий индекс өмнөх сарынхаас буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн дүн  2.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Гадаад худалдаа
Манай улс 2010 оны эхний 9 сарын байдлаар дэлхийн 122 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4273.9 сая ам.долл, үүнээс экспорт 2025.6 сая ам.долл, импорт 2248.3 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний 9 сарын байдлаар 222.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 32.1 сая ам.долл буюу 16.9 хувиар өсчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхээс 1495.8 сая ам.долл буюу 53.8 хувь, үүний дотор экспортын хэмжээ 731.8 сая ам.долл буюу 56.6 хувь, импортын хэмжээ 764.0 сая ам.долл буюу 51.5 хувиар өсчээ. Нийт экспортын 2010 оны эхний 9 сард 94.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс эзэлж байна.
Санхүүгийн зах зээл, мөнгөний тойм
Mонголбанкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2010 оны 9 дүгээр сарын эцэст 3851.7 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхтэй харьцуулахад 194.3 тэрбум төг буюу 5.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 1198.3 тэрбум төг буюу 45.2 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2010 оны 9 дүгээр сарын эцэст 452.6 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 14.9 тэрбум төг буюу 3.2 хувиар буурч, харин өмнөх оны мөн үеийнхээс 89.1 тэрбум төг буюу 24.5 хувиар өсчээ.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 9 дүгээр сарын эцэст 3085.3 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 63.3 тэрбум төг буюу 2.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 454.4 тэрбум төг буюу 17.3 хувиар өсчээ.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2010 оны 9 дүгээр сарын эцэст 75.8 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 9.6 тэрбум төг буюу 11.3 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 122.4 тэрбум төг буюу 61.8 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2010 оны 9 дүгээр сарын эцэст 411.2 тэрбум төг болж, өмнөх сарын эцсийнхээс 0.7 тэрбум төг буюу 0.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 13.5 тэрбум төг буюу 3.4 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Үнэт цаасны арилжаа 2010 оны 9 дүгээр сард 22 удаа явагдаж, 33372.7 сая төгрөгийн гүйлгээ хийж, 5.1 сая ш үнэт цаас арилжсан байна. Улсын нэгдсэн төсвийн орлого ба тусламжийн нийт хэмжээ 2010 оны эхний 9 сард 2058.6 тэрбум төг, зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2078.2 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсөв 19.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхтэй зэрэгцүүлэхэд алдагдлын хэмжээ 312.8 тэрбум төг буюу 16.9 дахин буурчээ.
Эдийн засгийн салбарын үзүүлэлт
2010 оны эхний 9 сарын байдлаар 10.5 сая эх мал буюу оны эхэнд тоологдсон нийт эх малын 55.0 хувь төллөсөн байна. 2010 оны эхний 9 сарын байдлаар нийт гарсан төлийн 71.3 хувь буюу 7476.6 мян.төл бойжиж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6310.6 мянга буюу 45.8 хувиар бага байна
Улсын хэмжээгээр, 2010 оны эхний 9 сарын байдлаар 13.1 мян.тэмээ, 342.1 мян.адуу, 557.5 мян.үхэр, 4089.6 мян.хонь, 4820.1 мян.ямаа буюу оны эхэнд тоологдсон нийт малын 22.3 хувьтай тэнцэх 9822.5 мян.том мал зүй бусаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 49.1 хувийг ямаа эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2010 оны эхний 9 сард (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 1341.1 тэрбум төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 175.2 тэрбум төг буюу 15.0 хувиар өслөө.
Энэхүү өсөлтөд хайлуур жоншны баяжмал, газрын тос, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 35.1 хувиас 2.3 дахин; зүсмэл материал, бетон дэр, шохой, шахмал түлш, катодын зэс, амтат ус, ундаа, эсгий, архи, ган төмөр хийц, дарс, цемент, тараг, пиво, гурил, металл цувимал, сүү, цул бетон зэрэг боловсруулах аж үйлдвэрийн салбарын голлох нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 7.5 хувиас 2.5 дахин өссөн нь нөлөөлжээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2010 оны эхний 9 сард өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт: нүүрс олборлолт (88.3%), газрын тос, шатдаг хий олборлолт (41.1%), бусад ашигт малтмал олборлолт (23.0%); боловсруулах аж үйлдвэрийн салбарт: төмөрлөг бус эрдэс бодисоор хийсэн эдлэл үйлдвэрлэл (43.5%), резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл (41.3%), хувцас үйлдвэрлэл, үслэг арьс боловсруулалт (34.7%), хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл (33.4%), химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (31.2%), төмрийн үйлдвэрлэл (28.3%), мод, модон эдлэл үйлдвэрлэл (23.6%), нийтлэх, хэвлэх, дуу бичлэг хийх үйл ажиллагаа (14.2%), кокс, шингэн болон цацраг идэвхт түлш үйлдвэрлэл (12.7%), нэхмэлийн үйлдвэрлэл (11.3%), тамхи үйлдвэрлэл (0.2%); цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт: цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл (6.6%) зэрэг дэд салбаруудын үйлдвэрлэл нэмэгдлээ.
Улсын хэмжээнд 2010 оны эхний 9 сард нийт 143.7 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 131.0 тэрбум төг буюу 91.1 хувь нь дотоодын, 12.7 тэрбум төг буюу 8.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна.
ДНБ (2005 оны зэрэгцүүлэх үнээр) 2010 оны эхний 3 улиралд 2646.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 156.6 тэрбум төг буюу 6.3 хувиар өслөө. Уг өсөлтөд аж үйлдвэр, барилгын салбарын үйлдвэрлэл болон үйлчилгээний салбар, бүтээгдэхүүний татварын хэмжээ нэмэгдсэн нь голлон  нөлөөлсөн байна.
Төсвийн урсгал орлого энэ оны эхний 9 сард 2019.6 тэрбум төг, урсгал зардал 1524.4 тэрбум төг болж, урсгал тэнцэл 495.2 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.
 
Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж