Долоо хоногийн онцлох ярилцлага

Хуучирсан мэдээ: 2010.11.01-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн онцлох ярилцлага

Л.Гантөмөр: АН-ын дарга ажлаа хийхгүй байна

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Таныг Ардчилсан намын даргад өрсөлдөх хүн гэж хэвлэлээр бичиж байна. Х.Тэмүүжин гишүүн “Л.Гантөмөрт энэ намыг авч явах бодлого нь бий” гэж хэлсэн. Та харин өөрийгөө бэлтгэж байна уу?

-Хэвлэлийнхний л таамаг юм болов уу гэж харж байна. Би хувьдаа намын даргад өрсөлдөх тухай мессеж гаргаа ч үгүй, бодоо ч үгүй. Х.Тэмүүжин гишүүн ч ямар нэг зорилгогүйгээр бодож байгаа зүйлээ л хэлсэн байх. Мэдээж, намын залуучуудаас Ардчилсан намын нүүр царай илүү залуужих ёстой гэдгийг ярьж байгаа. Тэр нь Л.Гантөмөр шүү гэдэг саналыг би лав одоохондоо сонсоогүй. Шинээр байгуулагдаж байгаа улс төрийн том хүчинтэй яаж өрсөлдөх вэ гэдгийг манай намын жирийн гишүүн болгон бодож байгаа.

-Шинээр байгуулагдаж байгаа гэж зориуд хэлж байна уу, МАХН нэрээ сольж байгааг?

-Намаа шинэчлэн зохион байгуулахгүй бол МАХН гэдэг улс төрийн хүчин олон түмний дунд дэмжлэг авахаа болилоо гэж ойлгоод шинэ зохион байгуулалтад орж байна гэж би харж байна. Түүнээс биш Ардын нам гэдэг нэртэй байсан шүү гэдгийг нь мэдэх хүн олон биш шүү дээ. Түүхэнд бол тийм зүйл байдаг. Түүхийн тэр хэсэгтэй өнөөдрийн У.Хүрэлсүх, С.Батболд хоёрыг аваачиж уяна гэдэг миний санаанд лав буухгүй байна. Монголчууд 2200 жилийн төрт ёсны түүхтэй улс. Энэ түүхийн аль ч хэсэгтэй өөрсдийгөө аваачиж уяж болдог гэдгийг л МАХН харуулах гэж байна. Улс төрийн нэг арга хэрэгсэл юм даа. Яг бодитойгоор харах юм бол улс төрийн шинэ хүчин байгуулагдаж байна.

-Та нар ч гэсэн Ардчилсан намын нэр хүнд унаад ирэхээр “Бид 20 жилийн өмнө МоАХ-г байгуулсан улс шүү. МоАХ гэдэг нам больё” гээд явж болох нь?

-Хэрвээ бид Ардчилсан намын нэр хүндийг унагасан байвал, магадгүй 20 жилийн дараа миний дүү нар “Монголын ардчилсан холбоо” гэдэг нам байгуулаад зүтгэх нь л дээ. Гэхдээ үнэндээ бол 20 жилийн дараах улстөрчид талийгаач С.Зориг, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй ямар нэг байдлаар холбогдоход төвөгтэй шүү дээ. Үзэл бодлооороо л нэг холбогдож магадгүй. Үзэл бодол нь бидэнд байна аа гэдгийг хэлнэ гэхээс тэр хүмүүсийн үйл хэргийг бид үргэлжлүүлж байна гээд явахад учир дутагдалтай. Хүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэг улстөрч хүн дээр жишээ нь яаж буухыг би ойлгохгүй байна. “Би Чингисийн үр сад” гээд явж байгаа хүмүүс байдаг юм. Тэр хүн бол “Би Чингисийн ураг байна, үр сад нь байна” гэдгээрээ очиж холбогдож байгаа байхгүй юу. Бусад монголчуудаас ялгарч, өөрийгөө тусгай нүдээр харж байна. Гэтэл У.Хүрэлсүх, С.Батболд хоёр Бодоо, Данзан хоёртой, Богд хаантай юугаараа очиж холбогдохыг л би харж чадахгүй байна. Жирийн иргэн хүний нүдээр харсан ч гэсэн.

-МАХН-ын хэсэг залуус нэрийнхээ эхний үсгийг нийлүүлээд “ДОГСОМ” гэдэг нэр дээр Ардын намын тамгыг хүлээж авлаа ч гэх шиг үлгэр шиг зүйл сонинд гарсан?

-Мэдэхгүй юм. Бас нэг сонин дээр н.Энхээ гэдэг хүн ярьсан л байна. Ардын намын тамгыг өгсөн, яг мөн гэж. Дахин хэлэхэд Богд хааны тамгыг бариад, алтан ургийн овгоо сэргээсэн түүхээ бичээд хаант засаг руу явж болох нь л дээ. Түүхээрээ бахархах нэг хэрэг. Түүхэн хүмүүсийг өөрсөд дээрээ авчирч наана гэдэг өрөөсгөл зүйл. Би өнөөдрийг хүртэл Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн хүмүүстэй өөрийгөө холбоход төвөгтэй л байдаг байхгүй юу. Юугаар холбох нь…

-Улстөрч хүн хэн нэгний үйл хэргийг үргэлжлүүлэх ёстой юу, эсвэл нийгэмдээ тулгамдаад байгаа асуудалтай нүүр тулах үүрэгтэй юу?

-Өнөөдрийнхөө асуудлыг шийдэхийг оролдох ёстой. Наян жилийн өмнө хүмүүсийн тавьсан зорилт, программууд өнөөдрийн бидний зорилт болно гэдэг аягүй хол сонсогдож байгаа биз дээ. Социализм байгуулах гэж байгуулагдсан нам өнөөдөр капитализм байгуулах гэж яваа нам хоёрыг юу холбох юм бэ. Магадгүй, жанжин Сүхбаатарын ач хүү “Би өвөөгийнхөө намыг сэргээн байгуулна” гэж ярихад би ойлгоно.  Гэтэл тэр хүний үйл хэрэг юу байв. Чиглэсэн зорилго, очиж хатгасан цэг нь социализм шүү дээ. Социализмыг дахин байгуулахгүй учраас л тэр хүний хүүхдүүд дуугарахгүй, нэрийг нь худалдаж идэхгүй байна.

-Тусгаар тогтнолын тухай бас ярьж байгаа шүү дээ, шинэчлэгдэж буй МАХН?

-Тусгаар тогтнолыг бид 2000 жил ярьсан. Үе үеийн бүх улстөрчид тусгаар тогтнолыг баталгаажуулахын төлөө л тэмцсэн. Батмөнх даян хаан байгаагүй бол 1920 оны Бодоо, Данзан, Сүхбаатар хаанаас гарч ирэх вэ. Нэгдүгээр Богд хаан байгаагүй бол, тухайн үедээ тэмцэл өрнүүлээгүй бол тэр хүмүүс ямар юмныхаа төрт ёс, төр барих ухаан ярих вэ. Аль нэг цаг үеийн төрийн том зүтгэлтнүүдийг өмчилж, өөртөө наана гэдэг ёс суртахууны хувьд асар дорой үзэгдэл гэдгийг л би хэлэх байна. Буруу байна аа гэж. Үнэхээр л өрөвдмөөр байгаа биз дээ. Миний юм, би бодож олсон, би үүнийг хийхээр зорьж байгаа юм гэж ярих нь тухайн үеийнхээ нийгэм, ард түмэнд хэрэгтэй. Түүнээс биш “Би түүний өмнөөс гавьяаг хүртмээр байна” гэх хэлэх нь үнэхээр зохимжгүй. Энэ нийгэмд Ардчилсан намын гишүүд ч байна, нам бус хэдэн зуун мянган хүмүүс байна. Энэ хүмүүс бүгд МАХН-ын далбаан дор амьдарч байсан, тэр намыг өргөж явсан хүмүүс. Бүгдээрээ их эзэн Чингист зүтгэж байсан хүмүүсийн үр ач. Бүгд л 1910 оны хувьсгалт тэмцэлд цусаа урсгаж, 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртөж явсан хүмүүсийн үр сад. Гэтэл нэг хэсэг нь тэр хүмүүсийн үйл хэргийг өмчилж, нөгөө хэсэгт нь падлийгүй гэвэл ямар юмных нь төрт ёсны байх юм бэ. Жишээ нь Чингис хаанаа Монгол даяар, дэлхий даяар дуурсдаг болох тэр программыг Ардчилсан намынхан хийсэн. Гэхдээ эзэн Чингис хаан бидний удирдагч байсан учраас манай нам төр барих ёстой гэж хэлээгүй л байхгүй юу. Зүгээр л түүхээ сэргээж, хаанаа мэддэг, төрт ёсоо ойлгодог, тусгаар тогтносон ард түмэн болохын төлөө явсан. Тиймээс МАХН ямар ч нэр авч болно. Гэхдээ тодорхой цаг үеийн түүхийг У.Хүрэлсүх, С.Батболд хоёр өөр дээрээ нааж, оноо болгож авахыг би хувьдаа зөвшөөрөхгүй. Хэрвээ өөрсдийнх нь гавьяа гэж байдаг бол 2000-2004 оны ямар байсан, өнөөдрийг хүртэл засгийн эрхэнд байхдаа юу хийсэн, ямар гавьяаг энэ ард түмний өмнө байгуулсан бэ гэдэгт л хариулах ёстой. Өнгөрсөн 20 жилийн амьдралд ардчилсан нийгмийг яаж хөтлөн жолоодсон бэ гэдгээ ард түмэндээ хэлэх ёстой. Энэ хүмүүсийн хийсэн ажил гэвэл тэр л байгаа. Төрөхдөө л МАХН-ын гишүүн байгаагүй юм байгаа биз дээ.

-МАХН шинэчлэгдээд байна, Ардчилсан нам унтаад байна гэж маш олон хүн бухимдаж байсан, танай намынхан ч гэсэн. Харин одоо би лав хувьдаа тийм нэг “хошин шог” зүйл хийчихээгүйд нь харин ч талархаж байна?

-Шог зүйл гаргаагүй нь сайн хэрэг, нэг талаас. Нөгөө талаас МАХН-ын энэ хэт их шоу монголчуудыг “Зүүний үзэл баримтлалаар явбал улс орон хөгжинө” гэдэг хатуу ойлголт руу хөтөлж байна. Манай нам ийм үед ингэж дуугүй суух учиргүй. Барууны үзэл баримтлал гэж юу юм, ардчилсан нийгмийг бид байгуулж чадсан юм уу, зах зээлийн эдийн засаг байна уу, хүний эрх чөлөөг дээдэлж, шударга ёс тогтож уу, өнөөдөр Ховд аймгийн Манхан суманд төрж байгаа жирийн ардын хүүхэд маргааш төр барих боломж байна уу гэдгийг ярих ёстой. Хамгийн том асуулт. Ардчилсан нийгмийг амь оруулж хөтөлдөг барууны энэ үзэл баримтлалыг нийгэмд зэрэгцүүлээд хүргэхгүй бол нэг талын мөнгө, шоунд дарагдаад манай ард түмэн төөрчих вий гэж би хувьдаа болгоомжилж байна. Мэдээж Хөх чоно, Гоо маралын удам, чоно шиг хэрсүү ард түмэн учраас, бодит байдлыг дүгнэж цэгнэх чадвартай учраас арай ч бүгдээрээ урсаад орчихгүй байх.

Гэхдээ сүүлийн 7-8 жилийн улс төрийн амьдралд дан зүүний чиглэл барьсан бодлого ноёрхож ирсэн учраас залуу үе маань шуурчих магадлал өндөр байна. Үнэгүй сурья, үнэгүй эмчлүүлье, үнэгүй байранд орьё, засгаас мөнгө авья, бүх зүйлийг засгаар хийлгэе гэдэг хандлага шинэ залуу үед суучих юм бол аюултай. Социализмын уналтыг биеэрээ амсч мэдэрсэн, өнөөдрийн Монголыг бий болгоход гар бие оролцсон, ганзага зөөсөн, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, талханд дугаарлаж, 10 хоног мах идэхгүй явж үзсэн хүмүүс бол энэ муухай шуурганд автахгүй. Харин шинэ үеийн энэ эрх тансаг хүүхдүүд буруу талд нь суучих вий. Зүүн төвийн үзлээс “амттай” үзэл бас бий шүү, зүүний, хэт зүүний үзэл гэж. Тэр хүмүүс Монголд алга болоогүй, МАХН дотор амь бөхтэй сууж л байгаа. Социализмаа, хуучин дарангуйллаа мөрөөддөг, хувийн өмчийг үзэн яддаг, бүх зүйлийг төрөөс зохицуулах нь зөв гэж боддог хүмүүс Монголд байтугай дэлхийгээр нэг байна. Өнөөдөр МАХН-ын хийж байгаа энэ бодлого дараагийн тэр хүмүүсийн гаргаж тавих бодлогын суурь нь болчих вий гэж вий болгоомжилж байна. Өнөөдөр зүүн талыг барьсан халалмийн бодлогоор Монгол Улс сайхан болох ёстой гэж ярьж байна. Гэтэл “Түүнээс сайхан зүйл бас бий шүү” гэж ярих хүмүүс зөндөө олон байна. Манай нам мэдээллийн энэ нэг талын давуу байдлыг зогсоохын төлөө ажиллах ёстой байсан. Харамсалтай нь, чадаагүй. Чадах ч үгүй юм шиг байна.

-МАХН юуны төлөө ингэж улайраад байгаа юм бэ? Хувийн өмчтэй, энэ олон баячууд нь социализмыг байгуулахыг хүснэ гэж үү?

-Зөвхөн эрх мэдэлтэй байхын тулд тэгж байгаа юм, нэгдүгээрт. Хоёрдугаарт үнэхээр засаг нь хүчтэй байгаад ард түмнийхээ өмнөөс бүгдийг шийдэх ёстой гэсэн Марксын сургаальд автчихсан байсан хүмүүс байхгүй юу. Одоо ч тэр хайрцагнаасаа гарч чадаагүй. Гарахыг ч хүсэхгүй.

-У.Хүрэлсүх, С.Батболд хоёр ч гэсэн үү?

-Тэд ч бас адилхан шүү дээ. Энэ үзэл санааг л дэмжиж энэ намд элссэн биз дээ. Тийм учраас өнөөдөр ардын хувьсгалыг магтан дуулж байна, мөн үү.

-Нийгмийн ядарсан хэсэг нь МАХН-ын энэ бодлогод автаж болно л доо. Гэтэл урлаг соёлын одууд, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүс яагаад дэмжээд байгаа юм бэ?

-Хүмүүс МАХН-ыг эргэлт буцалтгүйгээр хувийн өмчийг дээдэлдэг нам болсон гэж итгэж байна. Би бол итгэхгүй учраас Ардчилсан намд байгаа. МАХН аюултай, нэг өдөр өмч хураана гэж боддог учраас. Хүний бариад тавьчихсан ТҮЦ-ийг зүгээр л кранаар өргөөд аваад явчихаж байна. Хүнд өгчихсөн газраа булаагаад авахад бэлэн байна, төр өгсөн гээд. Тэр айхтар чадалтай, эрдэм боловсролтой хүмүүс нь ч гэсэн МАХН хувийн өмч, зах зээлийн эдийн засгийн харилцааг тууштай хөгжүүлэх чадвартай гэж харж байгаа юм байна. Миний нүдээр бол тэгж хэлэхэд хэцүү. УИХ дотор зургаан жил харлаа. Гарч байгаа бодлого болгон нь төрөө томруулж, улам хүчтэй болгохыг боддог. Ард түмэндээ, иргэддээ л бяртай болохоос дэлхийд хүчтэй биш шүү. Иргэддээ бяраа харуулаад, түүнийгээ хуулиар улам зузаатгаад яваад байгаа. Түүнийг нь сөрсөн бодлого УИХ-аас гардаггүй. Иргэдээ хамгаалсан, иргэддээ, орон нутагт нь эрх мэдлийг өгсөн бодлого явдаггүй. Явдаггүй шалтгаан нь өнөөдөр Монголын парламентад хэт зүүнтнүүд ноёлж байна. Зүүн төв ч биш, хэт зүүнтнүүд. Аргагүй өөрсдөө хувийн өмчтэй хэсэг нь зүүн төв гэдэг нэрийг яриад, өмчгүй хэсэг нь бол хурааж ав, хувьчлалыг дахь л гэж байгаа.

-Ардчилсан нам чадахгүй гэсэн. Яагаад, хэнд зориулж хэлсэн бэ?

-Энэ ардчилсан нийгэм байгуулах гэж 20 жил явсан хүмүүсийн олонхи нь нуруугаа авчихаж. Ний нуугүй хэлэхэд тэд өнөөдрийн төрийн төлөв байдлыг ийм л байх ёстой юм шиг, үүнээс өөрөөр байх аргагүй юм шигээр төсөөлж байна. Манай зарим лидер “Өөр арга байхгүй. Харин ч төсвийн хөрөнгө сайжирч, улсын эдийн засаг хөгжиж байна. Үүнээс цаашаа урсгалаараа яваад ард түмэн баян чинээлэг болчих байлгүй дээ” гэж ярьж яваа. Энэ бугшсан зүйлийг арилгах, эвдэх зориг зүрх алга. Олон жил лидерийн төвшинд, даргын амьдралаар амьдраад дасчихсан учраас түүнийгээ задалж чадахгүй байна. Задалж чаддаг ганц хүн нь Ц.Элбэгдорж байлаа. Тэр хүн маань Ерөнхийлөгч болоод нам бус болчихоор нам нэг үлбэгэр, сул дорой болчихлоо.

-Тэр хүн чинь ч гэсэн өнөөдөр “Оюутнуудыг үнэгүй сурга, цалинтай болго” гэдэг шаардлага тавиад УИХ-ын шийдвэрт хориг тавьж байна. Бас л зүүн тийшээ яваад байгаа юм биш үү?

-Оюутнуудад тэтгэлэг өг, цалинтай болго гэж ярьж байгаа нь сонгуульд Н.Энхбаярыг ялахын тулд амласан амлалттай холбоотой. Манай намын сүүлийн 10 жил зүүн тийшээ налсан энэ налалт  ерөөсөө л МАХН-ыг ялах гэж, олон түмэнд таалагдах гэж дэвшүүлсэн хөтөлбөрүүддээ л чирэгдээд яваа хүмүүс шүү дээ. Тэр чирэгдэлт нь өнөөдөр ч үргэлжилж л байна. Гэхдээ шударга ёсыг нэхэж байгаа улстөрч өнөөдөр Ерөнхийлөгчөөс өөр алга. Ард түмэнд эрх мэдлийг шилжүүлж өг, орон нутагт бодитой эрх мэдэл очих ёстой гэж байгаа хүн Ерөнхийлөгчөөс өөр алга. Манай намд лав үүнийг ярьж, ажил хэрэг болгохын төлөө улайраад, бодлогын шийдэл гаргахын төлөө явж байгаа дүр зураг алга. Маш бүдэгхэн байна. Энэ орон зай маань Ц.Элбэгдорж байсан юм болов уу гэж би харж байна.
Гэхдээ шүүмжлэлтэй хандах зүйл бас байна. Ерөнхийлөгч болохын тулд оюутнуудыг цалинтай болгохоос эхлээд халамжийн чанартай олон зүйл амласан. Үүнийгээ биелүүлэхгүй бол “худалч” нэр авдаг гээд зовлонтой л байдаг байх. Тийм учраас дараа дараагийн удаа ардчиллын лидерүүд маань битгий ийм нийгмийн чиглэлийн амлалтуудад ороогдоосой л гэж хүсч байна. Манай нам ялаад нэг айхтар эрх барихаас илүү энэ ард түмнийг эрх чөлөөтэй, улс оронд шударга ёс ноёлсон, эдийн засгийн гэхээсээ бизнесийн хөгжил ирсэн улс орон байлгахын төлөө тууштай баймаар байна. Тууштай байж чадвал ялах нь гарцаагүй шүү дээ. Тууштай байж чадахгүй түр зуурын, тухайн үеийн улстөрчдийн амбиц, хүсэл сонирхолд хөтлөгдөөд хийсэн алдаанууд олон байна.
 
-Нам чадахгүй, лидерүүд чадахгүй. Тэгвэл та яагаад чаддаггүй юм бэ, намын бүлгийн дэд дарга, бас ардаа залуучуудтай биз дээ?

-Яг үнэндээ хамтарсан засагтай тохиолдолд Ардчилсан намаас айхтар реформын чанартай бодлогууд гарч УИХ-аар дэмжигдэх хэцүү. Засаг дотроо 60:40-ын харьцаатай, Ерөнхий сайд нь бараг 50 хувийн эрх мэдэлтэй байхад тэнд юу ч дэмжигдэхгүй, бодлогын томоохон зорилтууд хэрэгжихэд хүнд. Би гурван гол зорилго өвөртөлж хамтарсан засгийг дэмжсэн. Нэгдүгээрт хоёр том уул уурхайн төсөл хөдлөх ёстой, хоёрдугаарт Монголын төрд шударга ёс тогтох ёстой, авлига хээл хахууль алга болох ёстой, гуравдугаарт бидний 20 жилийн хугацаанд хийж чадаагүй иргэддээ эрх мэдэл өгөх ажил хийгдэх ёстой гэж. Одоо эргээд харахад нэг дэх нь явчихсан. Аль нэг нам дангаараа энэ төслийг явуулах гэхээр хардалт нь хэрээс хэтрээд, хулгай хийх гээд байна, авлига авах гээд байна гэдэг. Том мөнгөний ард дандаа тийм хардалт явдаг. Тиймээс аль алиндаа харгүйгээр, хяналтаа тавьж байгаад хамтраад шийдчихье гэсэн. Энэ ажил явсан, үр дүн нь гарсан.

-Дараагийн асуудлууд явах шинж байна уу?

-Тэгж харагдахгүй байна. Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөх шалтгаан нь үндсэндээ сонгуулийн амлалтаа биелүүлэхэд л байсан шүү дээ. Биелүүлэхээр боллоо. Тавантолгойн хувьцаа, Хүний хөгжлийн сангийн хувьцааг иргэд авна. Дээр нь 1,5 сая төгрөгийн үйлчилгээг иргэд авах нь.

-Хувьцааг танай нам өөрсдөө оруулж чадсан уу? С.Батболд л өгөх гэж байна гээд яриад яваа?

-Чадалгүй яадаг юм. С.Батболд хувьцааг санаачлаагүй шүү дээ. С.Батболдын санаачилсан зүйл бол уул уурхайн компаниа олон улсын бирж дээр гаргая л гэсэн. Хүний хөгжлийн сангийн хуулийг УИХ дээр ярихад манай намын бүлгээс оруулж, олон янзын арга заль хэрэглэж байж хуулинд тусгасан зүйл бол “Хүний хөгжлийн сан иргэдийн өмч байна” гэсэн заалт. Хүний хөгжлийн сангийн орлого гэдэг цэвэр уул уурхайн орлого, тэр орлогыг хуримтлуулж байгаа компани нь ард түмний өмч болно. Харамсалтай нь, энэ ажил одоо болтол хийгдэхгүй байна. Тэгэхээр бид л шаардаж байж энэ ажлыг ойрын үед хийлгэх нь л дээ. Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр гаргах бол иргэддээ хувьцааг нь өгсний дараа яригдах ёстой. Хүний хөгжлийн сан мэдээж олон улсын бирж дээр гарахгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой” болон дараа дараагийн стратегийн ордууд олон улсын нээлттэй компани болж явах нь зөв. Тэгвэл улстөрчдийг санхүүжүүлдэг саалийн үнээ, төрийн өмчит компани биш болно.

-Ардчилсан намыг шинэчлэхийн тулд та өөрөө оролцох хэрэгтэй биш үү?

-Шинэчлэх биш, идэвхижүүлэх, Ардчилсан нам өөртөө оногдсон ажлаа хийх, өөрийнхөө байр суурин дээр байх тухай яриа юм. Энэ ажилд мэдээж бүгд оролцоно. УИХ-ын гишүүдийн хувьд УИХ дээр явж байгаа ажил, хамтарсан Засгийн газрын гэрээ, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүгдээрээ л чамгүй оролцож байгаа. Манай намаас томилогдсон сайд нар ч чамлахааргүй сайн ажилласан. Хаа очиж С.Баяр Ерөнхий сайд манай намын шилдэг сайн хүмүүсийг Засгийн газартаа авч чадсан. Х.Баттулга сайд Төмөр замын бодлого, Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг УИХ-аар батлуулчихлаа. Ийм ажлын нугалахад энэ сайдаас өдөрт лав 15-16 цагийн хөдөлмөр шаардаж байна. Сайншандын үйлдвэрийн паркийн төслийг бэлэн болгоод, бодлого болгоод гаргачихлаа. Х.Баттулга сайдын оронд МАХН-аас нэг сайд байсан бол чадах байсан уу, үгүй юу. С.Баярцогт байгаагүй бол Оюутолгойн гэрээ батлагдахгүй. Д.Зоригтод туршлага дутна, бусад нь бол зориглохгүй. Тавантолгойн асуудлыг ч С.Баярцогт байсан учраас нугалсан. С.Баярцогт байсан учраас Төсвийн тогтвортой байдлын хуулийг батлуулсан, энэ бол түүний хууль. Монголчууд олсныхоо зоргоор иддэг улс биш, хуримтлал бий болгоно. Ийм хуулийг түүнээс өөр хүн хийж чадахгүй. Төсвийн тухай хуулинд орон нутагт эрх мэдэл өгөх тодорхой асуудлууд орсон байгаа. Өмнөх Сангийн сайд нар өөр дээрээ эрх мэдэл авах тухай л бодож байснаас эрх мэдлээ доош нь шилжүүлье гэж ярьж байгаагүй. С.Ламбаа гуай байна, настай хүн гэхэд эрүүл мэндийн салбарын цоо шинэ тогтолцоог УИХ-д санал болгоод сууж байна. Өөр сайд байсан бол эрүүл мэндийн даатгалаа тусад нь гаргая, хуулиндаа өөрчлөлт оруулья, эрүүл мэндийн тогтолцоог цоо шинэ үеийн менежмэнтээр авч явъя гэдэг оновчтой, зоригтой санал гаргаж чадахгүй. Өмнө нь чадаа ч үгүй, хэн ч ийм оролдлого хийж байгаагүй…

-Яасан, нэг хүн үлдчихсэн үү?

-Л.Гансүх сайд байна. Говьд Засгийн газрын хуралдаан хийсэн сайд байна уу, байхгүй. Л.Гансүх л тэрийг хийсэн. Байгаль орчны асуудлыг анхаарлын төвд гаргаж ирж, улс орноо ямархуу байдалтай байгааг дэлхий нийтэд таниулж чадаж байна. Мань эрийн УИХ-аар оруулж шийдүүлсэн маш олон асуудал бий. Л.Болд сайдын хувьд батлан хамгаалахын салбар ямархуу явааг та нар бэлээхэн харж байгаа. Манай сайд нар үнэхээр сайн ажилласан.

-Намын дарга чинь үлдчихлээ?

-Намын даргын ажлыг би дүгнэмээргүй байна, сайн мэдэх ч үгүй байна. Мэдээж Тэргүүн шадар сайд хүн Ерөнхий сайдад их нэмэр болох ёстой байх. Тэр ажлаа дажгүй сайн хийсэн болов уу гэж бодож байна. Энэ хүмүүсийн УИХ-д оруулж ирсэн бодлогын асуудлуудыг УИХ-аар дэмжүүлэхийн төлөө намын бүлэг ч сайн ажилласан. Намын бүлэг нь буруу хараад суучих юм бол энэ шинэлэг санаанууд дэмжигдэхгүй шүү дээ. Та намын шинэчлэл гэж хэлсэн. Би бол намаа өөрийнх нь жинхэнэ байр суурь, чиг шугаман дээр авчрахыг л гэж хүсч байна. ҮЗХ-ны анхны хурал дээр миний хэлсэн үг бий. “Би таван сайдыг дэмжиж байна. Тэд өөртөө ирсэн эрх мэдлийн талыг нь ард түмэндээ хүргэх ажлыг хийгээсэй гэж хүсч байгаа учраас дэмжиж байна” гэж хэлсэн. Манай намын сонгуульд дэвшүүлсэн 10 зөв бодлогыг хамгийн гол концепци нь эрх мэдэлтэй ард түмэнтэй болох, эзэн монгол байх, 2,7 сая хүн Монголын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдралд оролцох оролцоог нь хангах. Харамсалтай нь, үүнийг хийж чадахгүй байна. Тэд эрх мэдлээ доошоо өгөх ёстой. Хэрвээ энэ Засгийн газарт дахиад хугацаа байдаг бол үүнийг хийгээсэй гэж хүснэ.

-Гэтэл танайхан, УИХ-ын гишүүд нь хүртэл сайд нараа “МАХН-д худалдагдлаа, урвагч” энэ тэр гээд хэвлэлээр яриад явдаг юм билээ. Яагаад?

-Манай УИХ-ын гишүүд дотроос сайд нараа тэгж хэлсэн, ярьсныг би лав уншаагүй. Нийтлэлчид, сэтгүүлчид маань харин манай сайд нарт нэр хоч өгөхдөө сайн шүү дээ. Миний саяын нэрлэсэн ажлууд дотор мэдээж алдаа оноо бий. Оюутолгойд ч алдаа бий, Тавантолгой ч маргаан дагуулна. 100 хувийн саналаар дэмжигддэг зүйл гэж байхгүй. Яг үнэндээ 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг дуртайдаа сайд болох гээд Засгийн газарт гүйгээд орчихсон юм биш шүү дээ. Тухайн үеийн нөхцөл байдлыг харвал улс төрийн амлалт хэт их байсан. Дээр нь эдийн засгийн өсөлтийн асуудал энэ цаг үеийн монголчуудын зовлон бэрхшээл болчихсон. Долдугаар сарын 1 гээд ард түмний айхтар тэмцэл өрнөчихсөн байсан. Тухайн үеэ бид эргэж харах ёстой. Засагт ороод ажиллаж байгаа хүмүүсээ буруутгах хэцүү. Зүгээр, одоо болох ҮЗХ-ны хурлаар гэрээгээ дүгнээд, үлдсэн хугацаанд зүүн, барууны хоёр үзэл нэгдсэн шийдэл гаргаж чадах юм уу үгүй юу гэдгийг нэг мөр шийдэх ёстой. Жишээ нь иргэддээ эрх мэдэл олгох асуудал шийдэгдэх үү, шийдэгдэхгүй гэвэл бидэнд энэ Засгийн газарт хийх ажил үлдсэн үү гэдгийг манай сайд нар бодох ёстой. “Бүх асуудлыг чинь шийдээд өглөө, одоо та нар ажлаа хий, бид хяналтаа тавья” гэх ёстой.

-Хамтарсан Засгийн газраас гарахыг дэмжиж байгаа юм байна, тийм үү?

-Тухайн үед зорилго болгож тавьсан асуудлуудаа нугалчихсан юм биш үү гэж л надад харагдаад байна. Би өнгөцхөн харж байж магадгүй, гэхдээ гол ажлуудаа нугалаад дуусчихсан юм биш үү. Үлдсэн 2-3 том асуудал байгаа, задлах юм бол 20-30 асуудал болно. Эд хамтраад шийдэж чадахгүй юм биш үү, сөрөг хүчин байгаад, асуудлаа тавиад, ард түмэнтэйгээ нэгдээд явбал харин шийдүүлэх боломжтой юм биш үү гэж харагдаад байна. Тэгэхгүй Засгийн газар дээр Ерөнхий сайдаар, нам дээрээ намын даргаар загнуулчихаад яваад байвал хэцүү л байна.

-Намын дарга чинь та нарыг загнадаг юм уу, загнуулаад л яваа юм биш үү?

-Аль ч намын дарга гишүүдээ загнадаг шүү дээ, хэн ч намын дарга болсон загнана. Загнадаггүй гэж худлаа хэлээд би яах юм. Таньдгаа ч, таньдаггүйгээ ч загнана. Шинэчлэлийн тухай дахиад хэлэхэд шинэ үеийн төлөөллийг намдаа олноор нь оруулж ирэх ажлыг Ардчилсан намын дарга зохион байгуулах ёстой. Залуучуудын байгууллага, эмэгтэйчүүдийн байгууллагадаа санхүүжилт өг, мөнгө босго. Улс төрийнх нь үйл ажиллагааг дэмж л дээ. Үүнийг хийж чадвал Ардчилсан нам генерацийн өөрчлөлтөд орно. Хийхгүй бол өвгөрч хөгшрөөд, ядарч сөхрөөд унах нь ойлгомжтой. Ийм л хоёр зам байна.

-Хамгийн ойрохон харагдаж байгаа арга бол ҮЗХ-ны хурал. Намын даргыг шинэчлэх үү, залуу эрч хүчтэй хүнээр тавих уу гээд?

-Намын даргыг залуу хүнээр тавьснаар энэ асуудал шийдэгдэх үү. Гол нь намын даргаар сонгогдсон хүн дээр миний сая хэлсэн ажлуудыг зохион байгуулах ёстой байхгүй юу. У.Хүрэлсүх зөндөө олон залуучуудыг, С.Батболд баахан гавьяатуудыг намдаа элсүүлээд болж л байна. Тэднийг муулаад яах юм, ажил хийж байна шүү дээ. Манай намын дарга хийхгүй байгаа биз дээ. Тэр байтугай намын залуучуудын байгууллагаа мэддэггүй хүн шүү дээ. Сая үндэсний телевизээр намын залуучуудын байгууллагын даргаа танихгүй гэж ярьсан сурагтай. Ийм л байна. Гэвч ҮЗХ намын даргын асуудлыг хөндөж чадах уу  гэдэг бас асуулт. Хөндөнө гэвэл намын их хурал хийх ёстой.

Гэхдээ намын даргын асуудлаас болж манайхан бие биеэ хэмлээд, муулаад баймааргүй байна. Н.Алтанхуяг, З.Энхболд хоёр бие бие рүүгээ дайрч давшлаад яах юм. З.Энхболд ч, Н.Алтанхуяг ч энэ намд хэрэгтэй. Хэрэгтэй хүмүүсээ нэг нэгээр нь дэвсэлсээр байгаад хэн ч биш болгодог зуршилтай хүмүүс шүү, энэ зуршил манай намаас алга болох ёстой шүү гэдгийг би олон удаа хэлж байгаа. Эрүүл саруул шүүмжлэл бол байх ёстой. Хамтарсны үр дүнд эрүүл саруул шүүмжлэл сонсч чадахаа больсон байна, энэ дарга нар. Энэ их аюул. Түрүүхэн Ерөнхий сайдын хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалт дээр асуулт асуусан сэтгүүлчийг яллаж байхыг би харсан. Манай намын дарга нар ч гэсэн өөрт нь шүүмжлэлтэй хандсан хүмүүсийг яллах гээд байгаа. Тэгж болохгүй. З.Энхболд гишүүн “Би намын дарга болмоор байна” гэж хэлснийх нь төлөө сонин хэвлэлээр муулаад л байна. "Чи муу хүн" гээд л, ямар хэрэг байгаа юм. Энэ хүн санаа бодлоо илэрхийлээ л биз, илэрхийлэх цаг нь гэж тооцоо л биз. Манай нам өрсөлдөөнтэй байх тусмаа амьд байна. МАХН шиг нэг даргын суганд хавчуулагдаад таг болох юм бол ямар үр дүнд хүрдгийг та өөрөө сүүлийн хоёр жилийн амьдралаас харж л байгаа биз. Хэцүү л болж байна шүү дээ.

-Тэгээд та өөрөө бодлогоо боловсруулаад өрсөлдөөч, хүн хажуугаас чинь “Гантөмөрт бодлого бий” гээд зарлаад байхад?

-Тэр бодлогоо бодож дуусах, боловсруулах ёстой биз дээ. Одоохондоо бол хүсэл ч алга, итгэл ч алга, сонирхол ч алга. Боломж байхгүй ч байж магадгүй шүү дээ. Огт боломжгүй юмыг мөрөөдмөөргүй байна. Боломж байхад зугтаамааргүй байна. Хамгийн гол нь ажил хийж чадах уу? Магадгүй, маргаашнаас “Гантөмөр юу ч хийж чадахгүй гэсэн” гээд л эхэлнэ. Тиймээс би намынхандаа хандаад хэлэхэд “Юм хийе” гээд зоригтойхон илэрхийлээд явж байгаа З.Энхболд гишүүн луу битгий нулим. Энэ хүнд авах юм их бий. Ийм зоригтой, асуудалд шүүмжлэлтэй хандаж чаддаг улстөрч манай намд дахиад хэд төрөх юм. Битгий зүрхийг нь зүс л дээ. Тэр хүний хэлж байгаа зүйлийг сонс. Н.Алтанхуяг даргыг ч гэсэн. Засгийн ажилд анхаараад намынхаа ажилд бага анхаарсных нь төлөө битгий муу муухайгаар хэл. Чадахгүй байгаа зүйлийг нь зүгээр л шүүмжилмээр байна. Яадгаа алдчихсан хүн манай намын даргаар сонгогдохгүй. Тэр үедээ өрсөлдөөд хэн ч дийлээгүй л биз дээ. Тэгэхээр энэ хүн нам дотор юмаа зохион байгуулж чадаж байна, олон хүн түүнийг дэмжиж байна. Дутагдалтай зүйлийг нь хэлээд, “Би үүнээс илүү хийж чадна” гээд явж байгаа З.Энхболдынх нь ч зөв. Тиймээс энэ хоёр хүний  фэнүүдэд зориуд хэлье, нэгэнд нь сайн хүн болох гэж нөгөөг нь газар дор ортол муулах хэрэггүй.      

   
Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж