Хот тохижилтынхон яллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Хот тохижилтынхон яллаа

С.Бямбасүрэн: Л.Болд даргын үеийн зарим булхайг илчилнэ
 
Г.Мөнхбаяр: С.Бямбасүрэнгээс зөрчил илэрсэн

Ажилчин: Хот тохижилтынхны тэмцэл яллаа

Нийслэлийн Хот тохижилтын  газрын дарга С.Бямбасүрэн, тус газ­­рын ажилчдын хоорондох хэ­рүүл маргаан, эсэргүүцэл, тэм­цэл  сүүлийн хоёр долоо хоно­гийн турш хэвлэлийн хуудсыг чи­мэв. Хот тохижилтын газрын ажилт­­нууд, ачигч, жолоочоос эх­­­­лээд ажил хаяж, Улаанчулуут, На­­­рангийн энгэрийн  төвлөрсөн хогийн цэгийг хааснаар ТҮК-ууд хогоо асгах газаргүй болж, нийс­­лэл хот хогондоо дарагдах нь ээ хэ­­­мээн дээр дооргүй сандарцгаав. Одоогоос долоон сарын өмнө тус газрын даргаар томилогдсон С.Бямбасүрэнг албан тушаалаа ур­­­вуулан ашиглаж  50 гаруй сая  төгрөг идсэн,  байгууллагын хө­­­рөн­­­гөөс хувьдаа машин авч уна­­­сан, цалин хөлсөө цаг тухайд нь тавьдаггүй, ажилчидтайгаа зүй бусаар харилцдаг, хамаатан са­­­дан ойр төрлийн хүмүүсээ ал­­­бан тушаалд томилсон зэргийг эсэр­­­­гүүцэн ажлаасаа огцрохыг  шаар­­даж, ажил хаясаар багагүй хугацаа өнгөрсөн. Харин Хот тохижилтын газрын дарга  С.Бямбасүрэн ажилч­­­дынхаа ярьж буй зүйлсийг эрс няцааж “Эсэргүүцэл илэр­­хийлж ажил хаян, төвлөрсөн х­о­­­гийн цэгийг хааж байгаа нь  намайг энэ суудлаас  буулгаж, идэж уух гэсэн хэдхэн хүний өдөөн турхирсан, зохион байгуул­сан хууль бус үйлдэл. Би хэзээ ч Хот тохижилтын газрын албан ту­­шаалаа өгөхгүй”  хэмээн хэв­­лэлийн хурал зарлаж байсан удаатай.

Энэ мэт нэг нэгийгээ үгүйсгэж , талцаж байх хооронд  хувьчлагдсан Тохижилт үйлчилгээний компаниу­дын хашаанд хог нь багтахаа больж,  энд тэнд хогийн цэг үүсч эхэлсэн.

Ажил хаялт зарлаж, хогийн төвлөр­сөн цэгүүдийг хаагаад ч үр дүнд хүрч чадаагүй Хот тохижил­тын газрын ажилчдын тэмцэл энэ сарын 2-ноос  өлсгөлөнгийн хэлбэрт шилжиж майхан сав барин байгууллагынхаа үүдэнд сууцгаав. Тэд хотын дарга тушаал гаргаж С.Бямбасүрэнг ажлаас нь халахгүй бол тэмцлээ зогсоохгүй гэж мэдэгдэж байсан юм.  Маргааны гол баатар болоод байгаа С.Бямба­сүрэнгийн “Би хэзээ ч албан тушаалаа өгөхгүй” гэх үг ганхаж,  нөхцөл  байдал хүндрэв. Дээрх тэмцэл хэдий болтол үргэлжлэх нь нэгэнт  тодорхойгүй болсон учир С.Бямбасүрэнг Хот тохижилтын газрын албан тушаалд томилсон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнх­баярын үгийг  сонсохыг чухал­ч­лав. Үнэхээр ч өлсгөлөн зарлас­наар байдал өөрөөр эргэжээ. Хотын захирагч  Г.Мөнхбаяр,  Ерөнхий менежер Ч.Бат нар Хот тохижилтын газрын дарга С.Бямбасүрэнгийн асуудлыг хэлэл­цэж албан тушаалаас нь  чөлөөлөх шийдвэр дөнгөж гаргасны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Г.Мөнхбаяраас тайлбар авсан юм.

-Хот тохижилтын газрын даргыг үүрэгт ажлаас нь ямар үндэслэлээр чөлөөлөх болов?

-Өнгөрсөн нэг дахь өдөр Зөвлөлийн хурлаар  Хот тохи­жил­тын газрын дарга С.Бямба­сүрэнгийн асуудлыг  авч хэлэлцсэн. Хурлаар түүнийг ажлаас нь  чөлөөлөх тухай  шийдвэрийг гарга­сан. Өнөөдөр /өчигдөр/  үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

-Тус газрын ажилтнууд бодит байдалд нийцсэн шаардлага тавьсан гэж үзэв үү?

-Энэ хүнийг тодорхой албан тушаалд томилж, ажиллах нөхц­лөөр хангаж өгсөн. Үүрэгт ажлаа гүйцэтгэж чадсангүй.  Мэдээж хамт олны буруу гэж байхгүй. Та бүхэн өнгөрсөн хугацаанд   С.Бям­басүрэнгийн талаархи  мэдээл­­лийг  сонин хэвлэлээс  хангалт­­­тай авсан байх. 

-Та өмнө нь сахилгын хариуц­лага тооцож,  бас итгэл хүлээлгэж  хугацаа өгсөн  шүү дээ. Үнэхээр энэ ажлыг С.Бямбасүрэн дарга хийж чадсангүй юу?

-Тийм ээ. Ажилчдаас нь ир­сэн гомдол саналын дагуу аж­лыг нь шалгахад зөрчил дутагдал илэрсэн учраас зохих шийтгэл оногдуулж хоёр сарын хугацаа өгсөн. Гэтэл ажилчид нь дахин эсэргүүцэл илэрхийлж, өлсгөлөн хүртэл зарлаж байна. Ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэрээ С.Бямба­сүрэн өөрөө гаргасан. Бид ч хүлээж  авлаа. Энэ ажлыг  хийж чадаагүй л гэж хэлнэ гэх хариултыг өгсөн юм.

Хот тохижилтын газрын дарга С.Бямбасүрэнг  ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсны дараа тус  газрын байрны гадаа өлсгөлөн зарлаж буй иргэд дээр очиход хөл хөдөлгөөн ихтэй, зарим  нэг нь майхан саваа хурааж  байсан юм. Хэдэн өдөр үргэлжилсэн тэмцэл нь үр дүнгээ өгсөнд тэд баяртай  байгаа бололтой “Одоо шинэ дарга ажлаа хүлээн авч байна, бүгдээрээ майхан саваа хурааж дуусаад ажилдаа гарцгаая” хэмээн ярилцах  аж. Өлсөөд  18-19 цаг болсон  ажилчдаас 51 настай Б.Байгальмаа гэдэг  эмэгтэйн  биеийн байдал муудсан тул эмчид үзүүлж байв. Эмчийн үзлэгээр даралт унасан, шингэний дутагдалд орсон гэх оноштой гарчээ. Түүний гар чичирч, дуу нь бүдэгхэн сонсог­дож байсан ч эмнэлэг явахын өмнө  бидэнтэй цөөн хором ярилцсан юм. Дашрамд дурдахад Хот тохижилтны газрын дарга асан С.Бямбасүрэн үүрэгт ажлаа өгөхийн өмнөхөн буюу Б.Байгальмааг өлсгөлөн зарласны дараа ажлаас халах тушаал гарга­сан байв. 

-Таны биеийн байдал ямар байна вэ. Таныг ажлаас халах болсон шалтгаан нь юу вэ?

– Биеийн байдал яахав. Гол нь бидний тэмцэл үр дүнд хүрсэнд  баяртай байна. Үндэслэлгүй ажлаас халагдсан олон хүн ажилдаа орох байх гэж найдаж сууна. Намайг өчигдөр өлсгөлөн зарлалаа гэж ажлаас халсан юм  байлгүй. Түүнээс өөр шалтаг байхгүй шүү дээ. Уг нь би энэ албан газар кассын няравын ажил эрхэлдэг байсан юм. Гэвч өнгөрсөн зун ээлжийн амралтаа авч амраад   иртэл С.Бямбасүрэн дарга миний ажлын байранд өөрийн танилаа авч, намайг гэрэлтүүлгийн нярав гэдэг шинэ орон тоонд томилсон байсан. Гэтэл манай албан газарт гэрэлтүүлгийн нярав  гэдэг орон тоо огт байхгүй. Би  энэ ажилд томилогдсоноос хойш  хоёр сар сул цалин авч суусан гэсэн үг л дээ.

-Халагдах тушаал гарчихсан байна. Тэгэхээр цаашдаа яах вэ, шинэ томилогдсон даргатайгаа уулзаж амжсан уу?

-Үгүй ,  цаашид яахыг мэдэх­гүй байна. Өөрсдийнхөө эрх аш­гийн төлөөх тэмцэл минь намайг  аж­лаас халах шалтаг боллоо.  Ер нь С.Бямбасүрэн дарга   ямар ч шалт­гаангүй  ажилчдыг халж соль­дог. Өнөөдөр /өчигдөр/ гэ­хэд  гурван хүнийг ажлаас нь ха­­лах тухай тушаал гаргасан.  Нярав, нягтлангийн орон тоо  бүрэн байхад  илүү орон тоо гаргаж танил тал, найз нөхдөө ажилд авдаг. Тухайлбал нягтлан бодогчоор Ц.Бадамцэцэг гэгч эмэг­тэйг нэмж  ажилд авсан.Тэр эмэгтэй эдийн засгийн талын мэд­лэг ч байхгүй. Энд хийх ажилгүй мөрт­лөө цалин аваад л сууж байдаг гэсэн  юм.  Өлсгөлөнд оролцсон  гурван эмэгтэйн нэг болох  Ц.Баттунгалагыг майхнаа буулгаж байхад уулзлаа. Тэрээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийг цэгт талбайн чиглүүлэгч  хийдэг аж.
 
-Та бүхний эрүүл мэндийн байдал ямар байна. Өнөөдрөөс ажилдаа орох уу, хот хогондоо дарагдаж гүйцлээ?

-Өчигдрийн өлсгөлөнд гур­ван эмэг­тэй,  зургаан эрэгтэй оролц­сон.  Манай нярав эгчээс бусад нь биеийн байдал нь гайгүй. Бид ийм л үр дүнд хүрэхийн тулд өнөөд­рийг хүртэл тэмцсэн шүү дээ. Бид С.Бямбасүрэн даргатай хамтран ажиллах гэрээ хүртэл хийсэн ч үр дүнд хүрсэнгүй. Төрийн хүний шинжгүй, худалч, ажилчдынхаа дунд хов жив зөөдөг тийм удирдлага гэж байх уу даа. Энэ хүний талаар бид хангалттай сонин хэвлэлээр мэдээлэл өгсөн байгаа. Тухайлбал   дансанд 40 сая төгрөг байхад ажилчдынхаа ца­линг өгөөгүй мөртлөө 30 саяар ма­шин авч унаж байгаа юм. Одоо­гоор бид нэг сарын цалингаа аваа­гүй байна. Маш бага цалинтай хэр нь хамгийн хүнд хөдөлмөрийг эрхэлдэг хүмүүс шүү дээ. Юутай ч шинэ дарга томилогдсонд баяртай байна.  Өнөөдрөөс/  өчигдөр/ ажлаа хэвийн явуулна. Өмнө  хэрхэн ажиллаж байсан тэр журмаараа л ажиллана.

-Хот тохижилтын газрын дар­гаар өмнө нь ажиллаж бай­сан Л.Болд  ажилчдыг С.Бямбасүрэнгийн  эсрэг турхирч байна гэх юм. Та бүхэн хуучин даргатайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Үнэндээ манай Хот тохи­жилтын газрын өмнөх дарга жин­хэнэ төрийн хүн байсан. Хэзээ ч хувийн ашиг сонирхол хөөцөлдөж яваагүй гэдгийг нь бүгд мэднэ. Тэр хүн  албан тушаал дэвшээд явсан  шүү дээ.  Дээгүүр  албан тушаалд очсон хүн юу гэж биднийг өдөөн хатгах билээ. Тэглээ гээд тэр хүнд ямар ашиг байх юм. Бид өөрсдийнхөө эрх ашгийн тулд л  тэмцэл хийсэн гэдгийг энд онцолж хэлмээр  байна гэлээ.

Хот тохижилтын газрын дарга С.Бямбасүрэн “Аргагүйн эрхэнд нь ийм шийдвэр гаргалаа. Миний аж­лаа өгч байгаа иргэдийн эрх аш­гийг  хүндэтгэж байгаа болохоос бууж өгсөн хэрэг биш”  гэсэн юм. Тэрбээр гаргасан шийдвэрийнхээ талаар ийн ярьлаа. 

-Хэзээ ч ажлаа өгөхгүй гэж байсан хүн яагаад ийм шийдвэр гаргахад хүрэв?

-Тэгэж хэлж байсан нь үнэн. Гэвч тэмцэх нэрийдлээр хууль зөрчиж буй хүмүүсийн үйлдлийг зогсоож чадсангүй. Тийм боло­хоор  улс орны эрх ашгийг л илүүд үзлээ. Өөрөөр хэлбэл энэ хү­мүү­сээс болж ТҮК-үүд, ард ир­гэд хохирч байгаа учраас л энэ шийд­вэрийг гаргалаа. Үүнээс өөр гарц  байсангүй.

-Таныг ажлаа хангалтай сайн хийгээгүй гэх хүн цөөнгүй бай­на  л даа?

-Үү­нийг би хэзээ ч хүлээн  зөв­шөөрөхгүй. Энэ албан тушаалд долоон сар ажиллахдаа  чадах чинээгээрээ сайн ажилласан гэж бодож байна. Жишээ нь хоёр миллиард 400 сая төгрөгийн дэмжлэг аваад юу ч хийгээгүй байхад 600 сая төгрөгөөр үүнээс олон ажил хийж гүйцэтгэсэн байх жишээтэй. Өмнө нь энэ газ­раас  идэж уусан хүмүүсийн зөр­чил удахгүй тодорно. Өөрөөр хэл­бэл 2008, 2009 оны санхүүгийн тай­ланд нь нийслэлийн Татварын хэлт­сээс шалгалт хийж байгаа. Энэ шалгалтын хариу гарахаар Л.Болд даргын үеийн зарим булхай гарч ирнэ.

-Танай байгууллага дансан­даа 40 сая төгрөгтэй байхад, та яагаад 30 сая төгрөгөөр машин авч унаад ажилчдынхаа цалинг тавиагүй юм бэ?

-Энэ  байгууллага чинь өчнөөн  газраас авлагатай. Машиныг би хувьдаа аваагүй. Байгууллагынхаа нэр дээр авсан, одоо энэ газартаа л үлдэж байна. Зайлшгүй  хэрэг­тэй  байсан болоод л авсан юм. Машин худалдаж авснаар шата­хууны зарцуулалтыг сард 800 мянган төгрөгөөр хэмнэж бай­сан. Ажилчдын цалингийн ту­хайд бол цаанаас нь зориудаар сан­­хүүжилтыг нь хоцорч өгснөөс болсон шүү дээ.

-Та олон хүнийг идэж уусан хэмээн ярьж байна. Тэднийг хол­богдох байгууллагаар нь шал­гуулж болдоггүй юм уу?

-Шалгуулна. Зав чөлөөтэй боллоо. Үнэхээр булхай луйвар хийдэг байсан гэдгийг нь баримттай гаргаж ирнэ. Надад хангалттай баримт бий гэв. Тэрбээр тамга тэмдэгээ шинэ даргадаа хүлээлгэж өгөөд Нарангийн энгэр, Улаанчулуутын төвлөрсөн хогийн цэгийг хэвийн үйл ажиллагаанд оруулж, хүлээлгэн өгөхөөр явсан юм. Хот тохижилтын газрын гадаах ажилчид ч тус тусын үү­рэгт ажлаа хийхээр явж одлоо. Хоёр долоо хоног үргэлжилсэн хэрүүл маргаан С.Бямбасүрэнг буул­гаж авснаар эцэслэж байгаа ч түүний  ажлаа өгөхөөсөө өмнөхөн халсан 5-6 ажилчдыг  хэрхэх вэ гэх асуулт хариултгүй үлдлээ. Бас энд тэнд санаатай санамсаргүй бий болгосон хогийн цэг, ТҮК-уудын хуримтлагдсан хогийг асгах цэгц­лэх гээд  уул овоо шиг их ажил Хот тохижилтын ажилчдыг угтаж буй.

С.Отгон, Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж