Ерөнхийлөгч Германы сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.11.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Германы сайдтай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж буй ХБНГУ-ын Батлан Хамгаалахын сайд Ц.Гутенбергийг хүлээн авч уулзлаа. “Манай хоёр улс онцгой харилцаатай. Юуны өмнө хүмүүс хоорондын харилцааны хүчин зүйлийг би онцолмоор байна. Тусгаар тогтнолоо олж авсан Монгол Улс 1924 онд анхны гадаадад сурах оюутнаа Германд илгээж байлаа. Өнөөдрийн байдлаар 40 гаруй мянган монгол хүн германаар ярьж байгаа нь нэг хүнд ногдох герман хэлтний тоогоор Монгол Улс дээгүүр байранд ордог гэсэн сонирхолтой тоо байдгийг дурдмаар байна. Дараагийн нэг чухал хүчин зүйл бол улстөрийн харилцаа юм. Манай улсад ардчилал, нээлттэй нийгмийг төлөвшүүлэхэд хамгийн их хөрөнгө оруулсан улсуудын нэг нь Герман билээ. Конрад Адинаурын Сан болон Германы Техник Хамтын ажиллагааны байгууллагаас оруулж байсан хөрөнгө оруулалтууд, шилжилтийн үед улстөрийн шийд гаргахад ямар чухал нөлөө үзүүлж байсан нь ойлгомжтой” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа.

Хоёр орны хооронд батлан хамгаалах салбар  хөгжиж, Монголын армийн тэргүүний офицерууд Бундесверийн сургуулиудад амжилттай суралцаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэрээр мөн илэрхийлсэн. Ерөнхийлөгч, Монгол-Германы батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр тодорхой санал хэлэв. Тухайлбал, Германы талтай хамтран энхийг сахиулах 3-р батальоныг байгуулах чиглэлийг Батлан хамгаалахын сайдад өгсөн бөгөөд, энэ саналыг германы тал хүлээн авч, дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Афганистанд монгол, герман цэргүүд мөр зэрэгцэн алба хааж байгаа бөгөөд, монголчуудын хувьд цэргийн алба хааж, ард түмний тайван амгалан байхын төлөө үйлчлэх нь бахархал байдгийг Ерөнхийлөгч яриандаа дурдаж байлаа. Германы Батлан Хамгаалахын сайд ноён Ц.Гутенберг, Монгол Улсад хийж байгаа анхны айлчлалаараа Ерөнхийлөгчтэй уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. “Ерөнхийлөгч таны хэлснээр, бидний харилцаа хамтын ажиллагааны гол үндэс суурь болсон харилцан итгэлцэл нэмэгдэж байгаад бид баяртай байдаг. Би танай сайхан орныг онгоцноос, дээрээс харж байхад хоёр зүйлийг ойлголоо. Нэгдүгээрт хүмүүсийнх нь сэтгэл өргөн дэлгэр газар нутаг шигээ уудам сайхан байдаг гэдэгт итгэлтэй байна. Хоёрдугаарт, байгал цаг уурын асуудал та бүхний хувьд тулгамдаж байгаа нь харагдаж байна. Монгол Улс олон улсын анхаарлыг татахуйц хэд хэдэн чухал санаачилга гаргасанд бид талархаж байгааг энэ дашрамд илэрхийлье. Эдгээр санал санаачилгууд ажил хэрэг болоход боломжийн хэрээр хамтран ажиллахад бэлэн байна. Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал яриа хэлэлцээг бид энэ айлчлалын үеэр хийж байна” гэж ноён Ц.Гутенберг ярилаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа болон түүхэн зарим үйл явдлын талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

Эх сурвалж: President.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж