Хэнтий аймагт шүлхий өвчин илэрлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.05-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт шүлхий өвчин илэрлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Аравдугаар сарын 31-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотоос 35 километрийн зайтай “Хөгцөт булаг”-т намаржиж байгаа. Дархан сумын малчин Н.Баатарчулууны суурьт шүлхий өвчин гарсан байж болзошгүй гэсэн дуудлагын дагуу Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн зөвлөх эмч С.Цэрэндагва, аймгийн Мал эмнэлгийн албаны  лабораторийн нян судлагч эмч нар очиж 64 үхэр, 540 хонь, ямаанд үзлэг хийхэд 14 үхэр өндөр халууралтай, малын амнаас шүлс гоожиж, хэлний хучуур эд хуурч тод шинж тэмдэгтэй байсан ба эдгээр үхрийн цуснаас дээж авч, төв лабораторт явуулахад шүлхий өвчин мөн болох нь тогтоогдсон байна. Иймээс өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр халдварласан 17 үхрийг устгаад байна. 

    Өвчний голомтоос 1,8-2 километрийн радиуст Дорноговь аймгийн Иххэт, Айраг сумын гурван өрх, Бор-Өндөрийн харъяат гурван малчин өрхийн 4995 мал байжээ. Голомтын ойролцоох таван километрт зүүн урд, урд, баруун урд хэсгийн аюулгүй бүсэд зургаан пост байгуулжээ. Энэ сарын 3-ны өдрийн 17.00 цагт голомтын бүсэд байгаа С.Сундуйжавын малд тарилга хийхэд нэг тугал, хоёр үнээнд вакцины урвалаас шүлхий өвчний сэжиг илэрсэн тул зааврын дагуу устгаж, эргэн тойрон 7000 ам.метр талбайд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Харин өчигдрийн байдлаар Дархан сумын тав, Иххэт сумын зургаа, Айраг сумын нэг өрхийн нийт 7606 малд үзлэг хийхэд өвчний сэжиг илрээгүй ба хяналтын постоор нэвтэрсэн 122 хүн, 47 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийсэн байна.

    Өнөөдрийн байдлаар Дархан сумын 65 өрхийн 1250 бод, 23875 бог нийт 25125 толгой мал, 124 гахайг вакцинд хамруулсан ба тарилга 14,5 хувьтай, зарцуулсан вакцин 26,5 л байгаа ба урьд шөнө нэмж ирсэн вакцинаар Баянмөнх, Дархан, Норовлин сумын бүх малыг тарихаар боллоо.

    И.Байгалмаа

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж