Удирдах зөвлөлийг шөнөөр сонгов

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Удирдах зөвлөлийг шөнөөр сонгов

МАН-ын Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр орой 21.00 цагийн орчимд эхэлж намын ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга нарыг сонголоо. Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүхийг улираан сонгов. Мөн орон тооны нарийн бичгийн даргаар Ц.Сүхбаатар, Я.Содбаатар нарыг, орон тооны бус нарийн бичгийн даргаар Д.Лүндээжанцан, М.Энхболд, С.Баяр нарыг Бага хурлын гишүүд нэгэн дуугаар дэмжин сонголоо. Өмнө нь тав байсан нарийн бичгийн дарга нарыг долоо болгож байгаа юм. Хоёр эмэгтэй нарийн бичгийн даргыг энэ сарын сүүлээр тодруулахаар болж хойшлууллаа.
Үүний дараа Удирдах зөвлөлийн 31 гишүүнийг сонгох ажил эхлэв. Тэр 31 хүний нэрийг тохирох гэж өчигдөр бүтэн өдрийг барсан юм. Өмнө нь 21 гишүүнтэй байсан Удирдах зөвлөлийг УИХ-ын сонгууль дөхөж байгаатай холбогдуулан мөн 10 хүнээр өргөтгөж байгаа юм байна.
Удирдах зөвлөлийн гишүүдэд нэр дэвшүүлэх ажиллагаа мөн л оройтож эхэлж шөнө дунд хэвийсэн хойно өндөрлөжээ. Нийт 33 хүний нэр дэвшсэнээс 31-ийг сонгосон байна. МАН-ын дарга С.Батболд 31 хүнийг санал болгож, танхимаас УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл, Төв аймгийн Засаг дарга Б.Энхбат нарын нэрийг дэвшүүлжээ.
Удирдах зөвлөлийн хуучин цөм бараг хэвээрээ үлдсэн байна. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, дэд дарга Н.Энхболд, МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, сайд Т.Ганди гээд хууччууд бараг бүгдээрээ үлдсэн байна. Шинээр УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Нийгмийн ардчилал-Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, TY-5 телевизийн зөвлөх Д.Сарангэрэл нар Удирдах зөвлөлд орсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж