Төв аймаг 13403 тонн үр тариа хураажээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Төв аймаг 13403 тонн үр тариа хураажээ

Төв аймаг энэ онд өнгөрсөн оныхоос үр тариа 13403 тн, төмс 1076 тн, хүнсний ногоо 907 тонн-оор илүү хураан авч сүүлийн 25 жил аваагүй арвин ургац хураан авчээ.  
Га-гаас авсан ургацын хэмжээгээр улсдаа тэргүүн байр эзэлсэн Төв аймгийнхан өчигдөр “Ургацын баяр”-аа тэмдэглэлээ. Ургацын баярт Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Шадар сайд М.Энхболд болон бусад албны хүмүүс оролцлоо.
Засгийн газрын тэргүүн энэ үеэр хэлсэн үгэндээ Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор манай улс түүхэндээ гурван удаа Атрын аяныг зарлаж, хэрэгжилтийг амжилттай зохион байгууллаа.
 “Атрын гурав дахь аян”-тариалангийн хөгжлийн үндэсний хөтөлбөрт дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажилласны үр дүн нь газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тоо өсч, хураан авсан ургацын хэмжээ нэмэгдэж, гурил, төмсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах болж, тариалангийн үйлдвэрлэл нь бие даасан байдлаа дээшлүүлж, эрчимтэй хөгжиж эхэлснийг тэмдэглэв.  
    Мөн 2010 оны ургац хураалтын урьдчилсан дүнгээр улсын хэмжээгээр 361.7 мянган тонн үр тариа, 167.8  мянган тонн төмс,  88.3 мянган тонн хүнсний ногоо, 38.2 мянган тонн тэжээлийн ургамал тус тус хураан авсан нь хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн суурь жил болох 2007 оны ургацтай харьцуулахад  үр тариа 245.4 мянган тонн,  төмс 54.2  мянган тонн, хүнсний ногоо 9.2 мянган тонноор тус тус ахиу байна. Амжилт бүтээл илтгэсэн энэ тооны цаана манай газар тариалангийн аж ахуйн тариаланч, механикжуулагч, ногоочдын шинэ залуу халаа бэлтгэгдэж, ажилгүйдэл, ядуурал буурах бодитой үр дүн гарч байна.    
Энэ хугацаанд газар тариалангийн салбарт ашиглагдаж байгаа зүтгэх хүчний техникийн 80 хувь, үр тариа хураах комбайны 65 хувийг бүрэн шинэчиллээ.  Газар тариалангийн салбарт бий болсон энэ ололт нь манай орны хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд ч чухал түлхэц өгснийг энд онцллоо.
Мөн “Атрын гурав дахь аян”-ы зорилтыг амжилттай хэрэгжүүлэгч үндсэн хүч нь манай орны тариаланчид, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, түүний удирдлага, инженер техникийн ажилтнууд, мэргэшсэн ажилтнууд Та бүхэн байсныг өнөөдөр дахин онцлон тэмдэглээд нийт тариаланчиддаа баяр хүргэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж