Баруун Сахаарын байдал ноцтой хүндэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Баруун Сахаарын байдал ноцтой хүндэрчээ

Африк тивийн Баруун Сахаарын нийслэл Эль Ааюн хотын дүүргүүдийн айл өрхийг Мароккийн аюулаас хамгаалах хүчнийхэн нэг бүрчлэн нэгжин шалгаж байгаа тухай мэдээлсэн байна. Сахаарауичууд болон мароккийн  цагдаа, цэргийнхний хооронд мөргөлдөөн үргэжилсээр байгаа юм байна.
Өмнө нь мароккийн цагдаа нар Эль Ааюн хотын ойролцоо байдаг сахаарауичуудын майхан “хотхон” руу дайрч, 8 мянга гаруй майхныг буулган устгах үеэр 8 хүн алагдаж, олон арван хүн шархадсан тухай мэдээлжээ. Майхан лагерьт 20000 гаруй хүмүүс амьдарч байжээ.
Нийслэл Эль Ааюн хотод 200000 хүн оршин суудаг бөгөөд Мароккийн бодлогыг эсэргүүцсэн сахаар иргэд хотын ойролцоо майхан хотхон бий болгож, сар гаруй хугацаанд ажлын байр, хөдөлмөрийн хөлс олгохыг Мароккийн засгийн газраас шаардаж байсан юм байна.
Испани улсын колони орон байсан Баруун Сахаарыг 1975 онд Мароккийн хаан Хасан II  “Ногоон аялал” хэмээн нэрлэсэн 350000 мароккчуудыг Баруун Сахаар руу аялуулж,  өөртөө хүчээр нэгтгэсэн ба тусгаар улс болохыг нь үл зөвшөөрч, 35 жилийн турш хэрүүл маргааны бай болгосоор иржээ.
Баруун Сахаарчууд Марокко улсын бүрэлдэхүүнд өөртөө засах эрх бүхий муж болохыг үл зөвшөөрч Полисариогийн Фронтыг байгуулан нэгэн үе зэвсэг барин тэмцэж байсан юм. Полисариогийн фронт асуудлыг тайван замаар шийдвэрлэхийг зорьж, зэвсгээ орхин Мароккийн эрх баригчидтай  хэлэлцээ хийж ирсэн боловч өдгөө хүртэл үр дүнгүй болж, Марокко улс Сахаарыг тусгаар улс болж, биеэ даасан орон болохыг үл хүсчээ.
Баруун Сахаар фосфатын их баялагтай бөгөөд газрын тос, байгалийн хийн нөөцтэй  байж магадгүй гэсэн таамаглал хийдэг ажээ.
Баруун Сахаарчууд дахин зэвсэг барин босохыг бие биеэндээ уриалж эхэлсэн байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж