Канад Афганистанд байлдааны ажиллагаагаа зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.11.09-нд нийтлэгдсэн

Канад Афганистанд байлдааны ажиллагаагаа зогсооно

2010 оны зургадугаар сард Канад улс Афганистанд байлдааны үйл ажиллагаагаа зогсоож, 2500 цэргээ эгүүлэн татахаар Засгийн газраас шийдвэрлэсэн боловч 2011 оноос эхлэн Афганистаны армийг сургуулилуулах зорилгоор мянгаад цэрэг үлдээхээр болсон байна.
Канадын орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр Канад улс цэргээ эгүүлэн татсны дараа афганистаны цэргийг сургуулилуулах зорилгоор 700 цэрэг, ар талын дэмжлэг үзүүлэх 200 цэргийг тус тус үлдээхээр болжээ.
Энэ тухай Канадын Батлан хамгаалахын сайд даваа гаригт мэдээлсэн байна..
Сөрөг хүчний удирдагч либерал Michael Ignatieff Канадын ерөнхий сайд Стефень Харпер болон түүний засгийн газрыг “хэт яарч буруу шийдвэр  гаргалаа” гэж буруутгаад НАТО-гийн холбоотнууд болон АНУ-ын хүчтэй даралт шахалтын дор канадын цэргийг афганистанд үлдээх болж байна гэж шүүмжилжээ.
 2002 оноос эхлэн Афганистанд канадын 152 цэрэг, нэг дипломатч, нэг сэтгүүлч, хоёр цэргийн бус жирийн иргэн амь насаа алдсан байна.
Канадын цэргүүд талибанчуудын хөдөлгөөн үүсэн гарсан Кандахар мужид байрладаг бөгөөд амь үрэгдсэн цэргүүдийнхээ тоогоор АНУ, Их Британийн дараа гуравдугаар байранд ордог ажээ.
Олон цэргийн амь насыг хөнөөхөд хүргэсэн афганистанд энхийг сахиулах үйлст цаашид  оролцохгүй байхыг шаардсан олон нийтийн хөдөлгөөн Канадад хүчтэй өрнөж эхэлсэн байна.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж