Яагаад “Самурайн бонд” гаргаж болохгүй гэж

Хуучирсан мэдээ: 2010.11.10-нд нийтлэгдсэн

Яагаад “Самурайн бонд” гаргаж болохгүй гэж

Хөрөнгө босгох сонгодог аргууд дэлхий санхүүгийн зах зээл нэгэнт хүлээн зөвшөөрөгджээ. Том төслүүд мөнгө зээлэх, бонд, хувьцаа арилжаалах гэсэн гурван аргаар хөрөнгийн эх үүсвэр татаж байна. Манай орон Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах, Сайншандыг хүнд аж үйлвэрийн парк болгох, бүтээн байгуулалтын “Шинэ Улаанбаатар” зэрэг нэг л 10 гаруй их наяд төгрөгөөр хэрэгжих том төслүүдийг эхлүүлэхээр зэхлээ. Гэвч манай Засгийн газарт май гээд зээлчих мөнгө байхгүй. Монголын арилжааны банкууд санхүүжлүүлнэ гэвэл хоншоор нь хол дутна. Хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж мөнгө босгоё гэхэд эдийн засгийнх нь хэмжээ хүрэхгүй. Иймээс гурван том төслөө хурдан санхүүжүүлэхийн тулд гурван аргын аль нэгийг сонгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг царайчлахаас  өөр гарцгүй нь ойлгомжтой. Тавантолгойн орд газрыг ашиглахаар 15 тэрбум ширхэг хувьцаатай “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгууллаа. Ингээд энэ төслийг хувьцаа гаргаж санхүүжүүлэх тодорхой боллоо гэсэн үг.

Сайншандыг хүнд аж үйлдвэрийн парк болгох төслөөр 12 үйлдвэр байгуулах нигууртай. Засгийн газраас концессын гэрээгээр Сайншандын үйлдвэрүүдийг бариулах хар зураг гараагаад байгаа. Концессын гэрээний дагуу хөрөнгө оруулагч үйлдвэрээ бариад, ажиллуулаад, эзэмшинэ. Эх орныхоо баялгаас хормой дүүрэн хүртэхийн тулд энэ үйлдвэр байгуулах ажилд үндэсний компаниуд одооноос ханцуй шумлах хэрэгтэй. Төр засаг нуруунаас нь тулах биз. “Шинэ Улаанбаатар” төсөл ч хувийн хэвшлийн хөрөнгө дээр мөрлөж өндийнө. Энэ үйл хэрэгт үндэсний компаниуд түүчээлэх учиртай. Түүчээлэх үндэсний компаниудад маань хөрөнгө чинээ алга. “Цараатай” эдийн засагчид “Манай дотоодын компаниудын чадал сул. Хуримтлуулсан хөрөнгө алга” гэж үгэлсээр байгаа. Үндэсний компаниуд маань нутгийнхаа том төслүүдэд давамгайлж оролцохын тулд гадаадаас хөрөнгө оруулалт татахаас өөр гарцгүй. Гадаадаас хөрөнгө татаж байгаад ч “үзэлцсэн” нь дээр л дээ. Зээл авах уу, хувьцаа гарах уу, бонд гарах уу гэсэн нөгөө л санхүүгийн сонгодог гурван аргын нэгийг сонгож таарна. Эдийн засагчид “Мөнгө босгох хамгийн эцсийн арга бол хувьцаа гарах” гэж ярьдаг юм билээ. “Хэн ч зээл өгөхгүй, бондыг нь худалдаж авахгүй бол хувьцаа гаргаж олон хүнтэй ашгаа хуваахаас өөр аргагүй хүрдэг байхгүй юу” гэж тайлбарлах нэгэн ч бий. Тэгвэл бонд гаргавал ямар вэ.

Манай хувийн хэвшлийнхнээс анх удаа Худалдаа хөгжлийн банк олон улсын захад бонд арилжаалж цахиур хагалсан. ХХБ нь Сингапурын хөрөнгийн бирж дээр 2007 онд 75 сая ам.долларын бонд гаргасныг 13 улсын 96 хөрөнгө оруулагч худалдаж авсан байдаг. Худалдаа хөгжлийн банк 75 сая ам.долларын бондоо хугацаанаас нь нэг жилийн өмнө буюу 2009 онд эргүүлэн төлсөн. Тухайн үед бондоо хугацаанаас төлсөн явдлыг “Монголын аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддагийг харууллаа” дүгнэж байв. Монголчуудад бонд гаргасан чадсан жишээ бэлэн жишээ байна.

 Үндэсний компанийн удирдлагууд томоохон төслүүдэд оролцох гээд мөнгө зүүдэлж зутруу хонож байж мэдэх юм. Цаана чинь манай улсын газар нутаг багтдаг Зүүн азийн бүсэд бондын зах зээл сүрхий хөгжиж байгаа гэнэ. Тэр дундаа “Самурайн бонд” буюу Японы зах зээлээс иенээр босгох боломжийг улс орнууд сүрхий ашиглах болжээ. Филиппин улс Японы зах зээл дээр өнгөрсөн гуравдугаар сард 105.4 тэрбум иенийн жилийн 2.32 хувийн хүүтэй бонд гаргажээ. Мексик, Индонези гэсэн улсууд 2009 онд 100 гаруй тэрбум иенийн бонд гаргаж санхүүжилт босгосон байх юм. Бас тэндээс мөнгө босгож гаршсан улсууд ч байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд тайландууд гурван удаа бонд гаргаж, 268.5 тэрбум иен босгосон байх юм. Бас польшууд гурван удаа бонд гаргаж, 261.2 тэрбум иений санхүүжилт олжээ.  Сүүлийн үед Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны банк, Экспорт, хөрөнгө оруулалтын даатгалын байгууллагаас “Самурай бонд”-д баталгаа гаргаж өгөх болсон  байна. Ялангуяа дэлхийн санхүү, эдийн засгийн хямралтай холбоотойгоор хөгжиж буй улсуудад зориулж, “Зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр”-ийнхөө дагуу “Самурай бонд” гаргавал Японы Олон улсын хамтын ажиллагааны  банк нь 95 хүртэлх хувийн баталгаа гаргаж байгаа аж.  Филиппин, Индонези улсуудаас гаргасан “Самурай бонд”-д 2009 онд 95 хувийн баталгаа гаргасан жишээ байна. Индонези нь BB-  буюу манайхтай зээлжих зэрэглэл адилхан орон юм. Манай үндэсний компаниуд яагаад “Самурай бонд” гаргаж хөрөнгө босгож болохгүй гэж. Манайхтай зээлжих зэрэглэл ижилтэй Индонези өөрсдийнх нь банкиар 95 хувийн баталгаа гаруулаад Японы зах зээлээс мөнгө босгочихож.  “Самурайн бонд”-ын хүү харьцангуй бага, бонд гаргах зардал хямдыг эдийн засагчид онцолдог. Япончууд мөнгөтэйг Монгол бүү хэл дэлхий мэднэ. Тиймээс “Самурай бонд”-ыг дээд хүрээнийнхэн нь худалдаад авчихдаг гэнэ билээ.

Манай хувийн хэвшлийнхнээс анх удаа Худалдаа хөгжлийн банк олон улсын захад бонд арилжаалж цахиур хагалсан. ХХБ нь Сингапурын хөрөнгийн бирж дээр 2007 онд 75 сая ам.долларын бонд гаргасныг 13 улсын 96 хөрөнгө оруулагч худалдаж авсан байдаг. Худалдаа хөгжлийн банк 75 сая ам.долларын бондоо хугацаанаас нь нэг жилийн өмнө буюу 2009 онд эргүүлэн төлсөн. Тухайн үед бондоо хугацаанаас төлсөн явдлыг “Монголын аж ахуйн нэгж гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чаддагийг харууллаа” дүгнэж байв. Монголчуудад бонд гаргасан чадсан жишээ байна.  
      
Т.ЭНХБАТ

Зохиогчийн эрх:
 “Монголын мэдээ” сонин.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж