О.Чулуунбат: МАН Н.Энхбаярын үе рүүгээ эргээд орлоо

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

О.Чулуунбат: МАН Н.Энхбаярын үе рүүгээ эргээд орлоо

УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. МАХН-ын Их хурлын үеэр нэг их харагддаагүй тэрбээр нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлж байхад нь очиж уулзсан юм.

-Та намынхаа Их хуралд оролцсон уу?

-Оролцсоон.

-Тэгвэл хурлын дотоод уур амьсгал, гарсан шийдвэрийн талаар юу хэлэх вэ?

-Би бол энэ Их хурлыг их гүн агуулгаар нь харж байна. МАХН-ын гишүүд үнэхээр хувьсгалч хүмүүс байсан. Монгол Улсын тусгаар тогтнолыг авч үлдэхийг хувьсгалч хүмүүс л хийж чадна шүү дээ, өөр хүн чадахгүй. Тэр хэвээрээ явсаар байгаад 1990 оны ардчилсан хувьсгалтай золгосон. Ардчилсан хувьсгалд манай намын гүйцэтгэсэн үүрэг бас их. Бас л хувьсгалч хүмүүс ардчилсан хувьсгалыг хийсэн. Энгийн бөгөөд дундуур үзэл баримтлалтай хүмүүс бол энэ ардчилсан хувьсгалыг хийх боломжгүй.

-МАХН Ардчилсан хувьсгалыг хийсэн гэж үү? Ардчилсан хүчнийхэн хийж, харин МАХН түүнийг нь хүлээж авсан хэрэг биш үү?

-Би жишээ нь МАХН-ын гишүүн. Гэхдээ ерэн оны тэр ардчилсан өөрчлөлтийг болоосой гэж асар их хүсч байсан хүмүүсийн нэг. Яагаад Монголын эдийн засаг өсөхгүй, хөгжихгүй байна. Ямар улс болохоор ард түмнийх нь амьдрал дээшлээд, барааных нь чанар, хөдөлмөрийн бүтээмж өсөөд, манайд болохоор яагаад бүх юм ингэж уруудаад байна гэдгийг тэр үеийн залуучууд бүгд л ухаарч байсан шүү дээ. Би тэр үед Москвагийн олон улсын банкинд ажиллаж байсан. Гэхдээ л би Монголд ардчилсан өөрчлөлт гараасай, ядахдаа төрийнхөө удирдагчдыг өөрсдөө сонгодог, сонгуульд саналаа чөлөөтэйгээр илэрхийлдэг болохсон гэж хүсч байсан, бүх хүнд тийм бодол байсан. Тиймээс ардчилал гэдэг хэсэг бүлэг хүмүүсийн өмчилж болдог зүйл биш. Бүх нийтээрээ л хүссэн болоод Монголд ардчилал ялсан. Бүх нийтээрээ хүсээгүй бол ийм зүйл болохгүй.

Манай нам ч гэсэн өөрчлөгдөх ёстой. МАХН нэр үзэл баримтлал, бэлгэдлээ өөрчлөхөөс гадна хамгийн гол нь үйлдлээ өөрчилж, ажил хэрэгч чанараа харуулж, амлалтаа бодитойгоор биелүүлэх нь гол өөрчлөлт байх гэж би харж байна. Түүнээс биш Чулуунбат байснаа Чулуунбаатар болоод, бор костюмаа хараар солих нь чухал биш. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн үзэлтэй байснаа төрийн зохицуулалттай зах зээлийн үзэлтэй болсноор нам өөрчлөгдөхгүй. Хамгийн гол нь юу хийж чадаж байна, чадаж байгаагаа хүмүүст харуулж чадаж байна уу гэдгээр л өөрчлөлтийг харна. Жишээ хэлье. Хэдхэн жилийн өмнө Бразилийн хөл бөмбөгчид шар өмсгөлтэй талбайд гарч ирээд дэлхийн аварга болсон, тэгэхэд шар өнгө хэчнээн гоё харагдаж байсан. Дэлхийн бүх загварын компаниуд шар өнгөөр хувцас хийсэн. Энэ чинь нэр, билгэдэлтэй адилхан шүү дээ. Дараа нь бразилчууд дахиад шар өмсгөлтэй тоглоод хожигдсон. Үүний дараа шар өнгө шиг муухай өнгө харагдахгүй байсан. Гоё тоглох нь чухал болохоос гоё хувцас, гоё нэртэй байх чухал биш. Тэгэхээр бид тоглолтоо сайжруулах ёстой.

-Харин тэр тоглолт чинь л энэ Их хурлаас гарсангүй гэж би хэлэх гээд байна л даа. Дарга нар л бүгдийг дэглээд, намын гишүүдийн үүрэг роль үнэхээр харагдсангүй?

-Намын Их хуралд шүүмжлэлтэй хандах юмнууд байна. Наад зах нь Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргыг намын дарга санал болгодгийг болих хэрэгтэй, энэ бол ардчиллын зарчим биш. Бид 10 жилийн өмнө, зургаахан жилийн өмнө энэ л зарчмаар удирдлагаа сонгоод явж байсан. Дарга бол зөвхөн өөртөө дуулгавартай, өөрийнх нь үгнээс гардаггүй хүнийг л сонгодог юм билээ. Яг ийм явдал Н.Энхбаяр дээр тохиолдсон. Сүүлдээ өмнөөс үг хэлдэг ч хүнгүй, мань эр юу хэлнэ, бүгд үг дуугүй толгой дохиж бөхөлздөг болсон. Тэгээд эцэст нь яаж унав. Өнөөдөр С.Батболд намын дарга боллоо. Миний санал бол Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргыг заал нэр дэвшүүлж байх ёстой. Гарч ирээд даргын саналтай зөрж чаддаг байх ёстой. Үгүй ээ, наадах чинь тийм биш, ийм байдаг юм гэж. Тэгж байж олон урьгалч үзэл уралдана биз дээ. Саяын Их хурлаас харахад буцаад дарга бүхнийг тодорхойлоод эхэллээ. Эргээд л Н.Энхбаярын туулсан зам руу орж байгаа хэрэг. Тиймээс удахгүй болох Бага хурлаар дахиад дүрэмдээ өөрчлөлт оруулья. Сая оруулья гэж яриад амжсангүй.

-Яагаад тэгвэл үүнийг намын Бага хурал, Их хурлын гишүүд дэмжээгүй юм?

-Одоо манай Их, Бага хурлын төлөө­лөгчид утга агуулгаараа манай нам хаашаа явах вэ, яаж өөрчлөгдөж шинэчлэгдэх вэ гэдгийг анхаарахаасаа илүү хэн дарга болох нь вэ, хэний төлөө гар өргөх вэ гэсэн бодолтой хүмүүс л цуглаж байна. Уг нь бол их олон ухааныг уралдуулж байж бид Монгол орноо өөд татна. Ганц мундаг ухаантан гарч ирээд чадахгүй л байгаа биз дээ. Үүний тод жишээ нь манай Н.Энхбаяр. Тэнэг хүн биш, ухаантай. Гэхдээ ганцаараа бүх тоглолтыг хийгээд, удирдаач, хөгжимчин, бүжигчин, дуучингаа бүгдийг нь хийгээд явахаар чинь аль нэгэндээ сайн байлаа ч нөгөөд нь муу л байж таарна биз дээ. Тийм учраас тоглолтыг гоё болгохын тулд маш олон чадвартай хүмүүсийг цуглуулах хэрэгтэй.

-Танай намын Их, Бага хурлын гишүүд сая дарга нарынхаа өөдөөс үг дуугараагүй нь ч бас л Н.Энхбаярын үеэс үлдэж ээ дээ?

-Магадгүй, би сайн мэдэхгүй байна. Өвчтэй, эмнэлэгт байсан учраас хуралдаа маш бага суусан. Намын даргыг сонгоход л оролцсон. Гэхдээ зарчим бол хэвээрээ үлдчихлээ л дээ. Зөвхөн даргад бөхөлзсөн хүмүүс Удирдах зөвлөлд орж, намын нарийн бичиг, ерөнхий нарийн бичгийн дарга болж байна. Тэгээд дарга албан тушаалаасаа унангуут бүгд нүүр буруулж байгаа биз дээ. Н.Энхбаярыг хар. Үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс бол ямар ч үед хамт байх ёстой биз дээ. Тэгэхээр манай намд үзэл бодлоороо нэгдэж хамтарч ажилладаг юм алга.  Үүнийг дараачийн Бага хурлаар өөрчлөх ёстой, би ч саналаа оруулна. Манай нам ардчилалтай байх ёстой, манай намын дарга шударга өрсөлдөөнөөр гарч ирэх ёстой. Шударга өрсөлдөөнөөр гарч ирсэн намын дарга өөртөө итгэлтэй байна аа даа. Ганцаараа нэр дэвшээд гараад ирсэн дарга бол “Булхайцаад гараад ирчихлээ дээ” гэсэнтэй л адил биз дээ. Өрсөлдөөд гарч ирсэн намын дарга бол гишүүд дотроо ярихдаа, нийгэм дотор ажиллахдаа ч, өрсөлдөгчтэйгээ ярихдаа ч хүртэл өөртөө итгэлтэй байна шүү дээ. Тийм учраас одоо манай намын дарга өөртөө илүү итгэлтэй ажиллах байх гэж бодож байна.

-Ө.Энхтүвшин даргыг өрсөлдөөд ялагд­саныхаа дараа хэлсэн үгийг сон­­соод би л лав хувьдаа зөвхөн олон нийтэд ардчилалтай, өрсөлдөөнтэй гэж харагдуулахын тулд л нэр дэвшсэн юм уу гэж харсан?

-Энхтүвшин яг л өөрийн бодсон санаснаа хийсэн. Энд ямар нэг тоглоом байгаагүй. Бас л манай намын удирдлагад байх ёстой, гол хүмүүсийн нэг. Намын ажлын туршлагатай, төрийн ажлын ч туршлагатай, улстөрчийн хувьд ид цэцэглэж байгаа насан дээрээ яваа хүн.

-Намын нэр сольсныг эсэргүүцэх хүмүүс байна. Н.Энхбаяр дарга жишээ нь хурлын өмнө телевизээр ярихдаа “МАХН нэрээ соливол би бууриа сахиж үлдэнэ” гэсэн байсан. МАХН гэдэг нэрэнд дуртай өөр олон хүн бий, МАН гэдгийг ч ойлгохгүй хүмүүс байгаа. Үүнээс болж нам салж бутарвал яах вэ?

-Би үүнд санаа зовохгүй байна. Тэртэй тэргүй аль зөв бодлого тодорхойлсон намыг л ард түмэн дагадаг шүү дээ. Тиймээс бид бодлогоо зөв тодорхойлж, чанартай хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь өнөөдөр 25 дугаар Их хурлынхаа зорилтуудыг чанартайхан хэрэгжүүлж чадахгүй л яваад байна. Тийм болоод өнөөдөр манай намын рейтинг унаж байна. Унаж байгаа намын рейтингийг аврах, эргээд хүмүүст итгэл төрүүлэх нэг арга зам бол сая хийсэн шинэтгэлийн арга хэмжээ. Үүгээрээ бид ард түмний итгэлийг буцааж авч чадахгүй бол цаашдаа маш хэцүү л ирээдүй хүлээх байх.

-25 дугаар Их хурлын зорилт биелээгүй байхад 26 дугаар Их хурлаас дахиад өөр зорилт дэвшүүлнэ гэдгийг би бас ойлгохгүй байна?

-Яах вэ, 25 дугаар их хурлаас тавьсан зорилтуудаа бид үргэлжлүүлээд, хэрэг­жүү­лээд явна. 26 дугаар Их хурлаар дахиад үүнийгээ баталгаажуулсан. Ард түмний амьдралыг дээшлүүлнэ, Монгол орноо хурдан хөгжүүлнэ, улс төрийн хувьд илүү ардчилсан болно, боловсролыг дэлхийн стандартад хүргэнэ гээд. Ерөөсөө 25 дугаар Их хурлын зорилтыг бүгдийг нь нь баталгаажуулсан, үүнийгээ илүү сайн хэрэгжүүлье л гэж байгаа. Ерөөсөө ганцхан өөрчлөлт орсон нь намын нэр, үзэл баримтлал л байгаа.

-Гэхдээ үзэл баримтлал яаж өөрч­лөгдөөд байгааг бас олж харсангүй?

-Одоо Ардчилсан нам барууны, МАХН зүүний гэхийн аргагүй хоёулаа л хэтэрхий зүүн тийшээ уралдаад байна. Бид чинь уг нь ерэн онд хэтэрхий зүүнээсээ жаахан баруун тийшээ явж болно гэсэн шийдвэр гаргаад ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засагт шилжсэн биз дээ. Тэгсэн хэрнээ сүүлийн хоёр удаагийн сонгуулийн амлалт, улс төрийн үйл ажиллагааг харахад хэн нь хамгийн зүүн бэ гэдэг рүү л уралдаад байна. Юм болгоныг зүгээр өгье, ажил хийгээд хэрэггүй, амаа ангайгаад бай гэдэг. Энэ хамгийн буруу бодлого. Үүнийг би УИХ-ын сонгуулийн өмнө ч хэлсэн, дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ч ярьсан. Ирээдүй чинь хамаагүй, өнөөдөр та нарын саналыг худалдаж авья л гэсэн арга хэмжээ. Үүнийг биелүүлэхэд маш хэцүү. Үүний оронд ажилтай л болгоод өгчих хэрэгтэй шүү дээ. Ажилтай л болгоод өгчихвөл тэд өөрсдөө орлогоо хийнэ. 1,5 сая байтугай 2, 3, 5, 10 саяын орлого хийнэ, монголчууд. Яагаад гэвэл монголчууд харьцангуй боловсролтой, хоёрдугаарт ийм том газар нутагтай.

Газар нутагтай байна гэдэг хамгийн анхдагч баялаг. Дээр нь мал ихтэй. Ганцхан хөдөлмөрлөх орчин, бизнесийн орчин дутаад байна. Яагаад гэвэл төрийн аппарат нь дэндүү данхайчихсан. Цагаан цамцтай, ажил хийдэггүй дарга нар л олшроод байна шүү дэ. Хүмүүсийг ажил хийлгэдэггүй, ажил хийхээр нь дарамталж янз бүрийн аргаар мөнгө авдаг, торгууль тавьдаг, зөвшөөрөл өгдөг хүмүүс нь олширчихоор сүүлдээ ажил хийснээс амаа ангайгаад хэвтэж байсан нь дээр гэсэн бодолтой болж байна.

-Тэгээд бизнесийг, шударга өргөл­дөөнийг яаж дэмжих вэ? Хэдэн төрлийн тусгай зөвшөөрлийг урж хаяснаас өөр юу хийхээ мэдэхгүй л байгаа шүү дээ…

-Тусгай зөвшөөрөл, лиценз бас л хэсэг хүмүүсийн тоглолт болсон. Ганцхан жишээ хэлье. 1991 онд байх аа, Хөвсгөлийн фосфорын ордыг ашиглах асуудлаас болж “Далай ээж цаазын тавцанд” гэж сонин хэвлэлд бичээд, баахан хүмүүс эсэргүүцээд төслийг болиулсан. Маш том төсөл. Гэтэл тэр төслийг болиулсан хүмүүс өнөөдөр фосфоритийн ордын лицензийг авчихаад ашиглах гээд явж байна. Зөвхөн хүний юмыг булааж авах гэж л хөдөлгөөн зохион байгуулдаг болчихоод байна шүү дээ.

-Яг хаанахын хөрөнгө оруулалтаар хийх байсан билээ?

-Социалист орнуудын бүгдийнх нь хөрөнгө оруулалт байсан. Би тэр үед СЭВ /Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл/-ийн валютын комиссийн  нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учраас мэдэж байна. ЗХУ, Польш, Унгар, Герман бүгд нийлээд яаж хөрөнгө босгох вэ гэж ярьж байсан. Бүгд хөрөнгө оруулахаар нэгдчихсэн байтал манайхан болиулсан. Байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэдэг үндэслэл гаргаад эсэргүүцэж байсан хүмүүс өнөөдөр бүгд нэгдчихсэн фосфоритийн ордыг ашиглая гээд явж байна. Улсын юмыг булааж өөртөө авах л шалтаг байсан байхгүй юу. Өнөөдөр уул уурхайг эсэргүүцээд байгаа хөдөлгөөнүүдийн зарим нэг нь бас л ийм сонирхолтой байгаа.

-Тусгай зөвшөөрөл гэж би бизнест саад болж байгаа олон зөвшөөрөл, төрийн албаны дарамт шахалтыг хэлсэн хэрэг л дээ?

-Ойлгож байна аа. Ганцхан жишээ хэлэхэд манай барилгын компаниуд нэг байшин бариулахын тулд 150 гарын үсэг авч байна. Гарын үсэг авах гэж хоёр жил, жил хагасын хугацаа зарцуулаад, байшингаа бол зургаан сар л барьдаг. Манай төрийн хүнд суртал ийм л байгаа. Зуугаад нь бол зөвшөөрөл олгох бус, зүгээр бүртгэчихэд л болохоор зүйл. Тэгэхэд заавал зөвшөөрөл өгдөг. Зөвшөөрөл авахын тулд нөгөө хүнийг хоолонд урина, аягүй бол авлига өгнө. Ийм хөдөлмөрлөх орчинтой байхад хүн яаж хөдөлмөр хийх юм бэ. Жишээ нь энэ олон агентлаг манайд ямар ч хэрэггүй. Хуучин агентлаггүй, мал эмнэлгийн, эрүүл ахуйн ямар ч орчингүй, шалгалт дарамтгүй байхад Улаанбаатар махаа маш сайн хангаж байсан. Махны үнэ кг нь 2000-аас дээшээ гарч байгаагүй. Гэтэл баахан хяналт шалгалт гараад, агентлаг бий болгочингуут махны үнэ 5000 хүрсэн. Тээврийн агентлагуудаас аваад мал эмнэлгийн, хүн эмнэлгийн өчнөөн агентлаг байгуулаад Улаанбаатарт мах оруулах ямар ч боломжгүй болгосон. Ингэхээр махны үнэ 5000 хүрэхгүй яах юм. Энэ агентлагууд нийлж байгаад махны үнийг 10 мянга болгох гээд, тэгвэл халаасанд нь их мөнгө орох гээд байна. Малчдын гар дээр 45 сая мал байхад малаа зарж чадахгүй байна. Тэр чинь энэ олон зөвшөөрлөөс л болж байгаа шүү дээ.

-Тэр үнийн зөрүүг нь бид нөгөө олон агентлагууд, зөвшөөрөл өгдөг дарга нарт л төлж байгаа хэрэг биз дээ?  

-Тэгэлгүй яах юм. Тэд чинь цалингаа авахаас гадна авлига авна. Ченжүүдтэй тохироод, цаадуул нь малчдаас 800-гаар авсан махаа энд 5000-аар  зарж байна. Тэгэхээр төр л үүнийг хийж байгаа биз дээ. Арван жилийн өмнө төрийн ямар ч зохицуулалт байхгүй байхад хэчнээн сайхан байсан.

-Тэгээд үүнийг өөрчлөх бодлого жишээ нь танай намаас сонсог­дохгүй л байна?

-Аль ч нам нь адилхан. Яагаад гэвэл төрийн дунд шатны аппарат, шийдвэр гаргадаггүй нөхдүүдийг Төрийн албаны хуулиар бүгдийг нь дархалчихсан. Сайдаас илүү мэдэлтэй мэргэжлийн хяналтын байцаагч байна. Төсөвт 10 миллиардыг сард өгдөг үйлдвэр дээр очоод үйл ажиллагааг нь зогсоож чадаж байна. Хэрвээ сайд тэгсэн бол улс төрийн том алдаанд орно, айгаад чадахгүй.

-Ямар үйлдвэрийг тэр вэ?

-Мэргэжлийн хяналтын нэг байцаагч очоод “Бороо гоулд”-ын ажлыг хоёр сар зогсоогоо биз. Тэгээд хоёр сарын дараа ямар ч арга хэмжээ авалгүйгээр ажлыг нь явуулаа л биз дээ. Зогсоохгүй байж болох л байсан байхгүй юу. Яг тийм дунд шатны түшмэлүүд аягүй олширсон. Гаалийн байцаагчид, татварын байцаагчид байна. Таван саяын орлого нуусан байна, чамайг гурван саяаар торголоо гэдэг. Тэгэхээр нөгөөх нь “Үгүй ээ, хоёр саяар торгуулья, нэг саяыг нь халаасанд чинь хийе” гэдэг. Иймэрхүү л тохиролцоогоор явж байгаа. Энэ нь төрийн нэр хүндийг аймаар унагаж байгаа. Тэгсэн мөртлөө хууль батлах болгондоо бид энэ дунд шатныхныгаа нэмээд байдаг. Зөвхөн 2000 оноос хойш 30 мянган түшмэлийг төрийн албанд шинээр нэмсэн байна. Би анх Монголбанкинд ирээд хамгийн түрүүнд төсвийн ажилчдын тоог л сонирхсон. Хөдөлмөрийн бүтээмж хамгийн муутай, эдийн засагт хамгийн их саад тотгор болдог хүмүүсийн тоог гаргахад 120 мянга байсан. Өнөөдөр 150 мянга давчихсан.

-Тэгээд хэн үүнийг өөрчлөх юм?

-Хоёр нам хамтарч засаг барьж байгаа дээрээ энэ байдлыг өөрчлөх ёстой. Манайх тэртэй тэргүй олон яамтай. Тэгэхээр энэ олон агентлагуудын хийж байгаа ажлыг яамдад нь шилжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол агентлагийн дарга болгон бөөн зардал, машин тэрэг, бензин тос, утасны төлбөр. Ерөнхий сайдаас илүү эрх мэдэлтэй, дандаа төрийн нэр барина, тэгсэн хэрнээ хийж байгаа үйлдлүүд нь дандаа өөрсдийнхөө халаасанд мөнгө хийхийн төлөө л байхгүй юу. Гаалийнхан тэгдэг, татварынхан тэгдэг. Одоо байгаль орчныхон тийм болно, цагдаагийнхан ч тэгж ажилладаг. Дунд шатны түшмэл болгон өөрийнхөө тоглолтыг хийж байна.

-Та ирэх оны төсвийг үзсэн үү?

-Үзсэн. Сая 2011 оны төсөв орж ирээд буцаагдчихлаа шүү дээ. Төсвийн алдагдлыг ДНБ-ий 2,5 хувьд барихаар тооцсон байна лээ. Энэ бол сайн үзүүлэлт. Европт бол 3 хувиас хэтрүүлэхгүй гэсэн шаардлага тавьдаг. Төсвийн орлого жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг бид аягүй харамсалтайгаар, үр ашиггүй зарцуулж байгаа. 150 мянган хүнийг төсвөөс тэжээж байна. Тэр шинээр нэмэгдсэн 30 мянга үнэхээр Монголын төрд хэрэгтэй байсан уу гэвэл үгүй. Дандаа өөрсдийнхөө ах дүү, хамаатан, найз нөхдийг л ажилд авсан байхгүй юу.

-Төсвийн алдагдал яагаад ийм бага гарсан бэ гэвэл хөрөнгө оруулалтынхаа зардлыг хасаад тооцчихсон шүү дээ…?

-Хөрөнгө оруулалтад 800 орчим тэрбум төгрөг төсөвлөөд байгаа. Яг бодитой хөрөнгө оруулалтаа бол 76-80 орчим тэрбумаар төлөвлөсөн. Гэхдээ эх үүсвэрээ баталж чадах юм бол бид хөрөнгө оруулалтаа хийнэ гэж байгаа. Эх үүсвэрээ нөгөө л Хүний хөгжлийн сангаас гаргах гэж байна. Монголын баялгийг барьцаалж зээл аваад түүгээрээ хөрөнгө оруулалт хийнэ. Хөрөнгө оруулалт хийж болно. Гэтэл тэр хөрөнгө оруулалт нь дэндүү хариуцлагагүй, тооцоогүй, үр ашиггүй байна. Нэг аймагт зөндөө олон сургууль, цэцэрлэг, ясли, номын сан, захиргаа засч байна. Цонхыг нь сольж, шалыг нь будаж байна. Жилээс жилд энэ зардал нь байнга өсдөг. Гэтэл яг тэр аймаг дээр нь очоод үзэхэд зарим нь бараг хийх шаардлагагүй ажлуудыг хийсэн байдаг. Яагаад гэвэл аймаг руу л мөнгө татахын тулд тэд дуртай юмаа захиалж байна. Үүний оронд тэр 800 тэрбумаа хүн амаар  нь тооцоод 20 аймагтаа хуваачих. Сэлэнгэ аймагт хөнгөхөөн 100 тэрбум төгрөг ноогдоно. Яагаад гэвэл Сэлэнгэд 100 мянган хүн байгаа. Нийт төсвөө 2,7 их наяд гэж тооцоод, хүн болгон төсвөөсөө тэнцүү хувь хүртэх ёстой гэж бодвол.

100 тэрбум төгрөгийг Сэлэнгэ рүү өгчихсөн байхад ихдээд 1-2 эмнэлэг л засна. Дарга нарын өрөө тасалгааг бол засах шаардлагагүй. Ард иргэдийнхээ аж ахуйг дээшлүүлье, бизнесийг нь санхүүжүүлье, тоног төхөөрөмжийг нь сайжруулья гэхэд 100 тэрбум төгрөг маш том хөрөнгө оруулалт. Ирэх жил аягүй бол сэлэнгэчүүд түүгээр 200 тэрбумын бүтээгдэхүүн хийх байхгүй юу. Тийм учраас энэ мөнгийг орон нутагт нь өгч, орон нутаг нь өөрөө шийдэг. Тэгэхгүй Ховд аймгийн захын сумын дээврийг солих шийдвэрийг энэ 76 хүн гаргах гээд суугаад байна. Бүр гаргаж байхыг нь би өөрөө харлаа. Бие биендээ “Манай суманд тэдэн төгрөг нэмж тодотгох юм шүү, дэмжээрэй” гэж лоббиддог. Тийм л шаардлагатай юм болов уу гээд дэмжээд явуултал дараа нь яг тийм асуудал өөр нэг аймаг дээр орж ирэхэд гишүүн нь лобби хийж амжаагүй учраас шууд унаж байгаа байхгүй юу. Орон нутгийн иргэдэд ашигтай зөндөө олон төсөл байна. Түүнийг огт санхүүжүүлэхгүй, дандаа дарга нарт ашигтай төсөв л батлаад байна. Тендэр зарлаад цонх солино гэхэд Улаанбаатараас очиж цонхыг нь сольдог. Дээвэр засахаараа энд 10 төгрөг байгаа дээврийг тэнд аваачиж 20 төгрөгөөр өгдөг тийм л хөрөнгө оруулалтыг батлаад байна. Ийм хөрөнгө оруулалттай байхад манай төсөв яаж алдагдалгүй байх вэ дээ.

-Ирэх жилийн төсвөөс 800 тэрбум төг­рөгийг бэлнээр тараах гэнэ.  Оюутны сургалтын төлбөрийн 500 мянга дээр иргэн бүрт сар бүр өгөх 21 мянгыг нэмэхээр ийм тоо гарч байгаа гэнэ. Энэ 21 мянгыг хэн санаачилсан юм бэ?

-Нөгөө л 1,5 саяын чинь үргэлжлэл явж байгаа юм. Миний бодож байснаар бид төсөвтөө аягүй сайн орлого авна, тэр орлогоосоо иргэддээ бэлэн мөнгө өгнө гэж байсан. Гэтэл орлогоо үр ашиггүй, хамаа намаагүй зарцуулаад мөнгө гарахгүй байна шүү дээ. Тэгэхээр нь Хүний хөгжлийн сангаас гаргахаар Засгийн газрын төсөл орж ирсэн байна лээ. Яагаад ХХС-гаас авч болохгүй вэ гэвэл ХХС-гийн орлогыг бүрдүүлэхдээ Тавантолгой, Оюутолгойг барьцаалж мөнгө босгоно. Мөнгө босгож болно, гадаадынхан ч тэгж мөнгө босгодог. Гэхдээ тэгж босгосон мөнгийг зүгээр тараагаад өгчихөж болдоггүй. Зээл авч байгаа бол бид үүнийгээ хойч үедээ тайлагнах ёстой. Ийм ийм зүйл хийсэн, тэгж зам барьсан, ингэж орон сууц босгосон, үйлдвэр байгуулсан гээд түүнийгээ шилжүүлж өгөх ёстой. Зүгээр бэлнээр нь тараагаад өгнө гэдэг хүүхдийнхээ идэх хоолыг зээлж аваад сонгуулийн санал худалдаж авч байгаа л хэлбэр. Бид хүүхдүүдээ эрхлүүлсэн ч өөрийнхөө түрийвчний хэмжээнд эрхлүүлдэг биз дээ. Аав нь баахан зээл тавьж тансаглачихаад хүүхдүүдээ өрөнд хаяад үхээд өгвөл яах вэ. Үүнээс ялгаа юу байна.

-Тэгээд энэ төсвийг хэн яаж засах юм бэ?

-Засгийн газар одоо засах байх л даа.

-Саяхан жишээ нь Дэлхийн банкны нөхрөөс “Энэ их бэлэн мөнгө тараасны эдийн засгийн эрсдлийг яаж бууруулах вэ, ямар арга хэмжээ авах ёстой юм?”гэж асуухад “Ийм ихээр бэлэн мөнгө тарааж байсан түүх байхгүй учраас мэдэхгүй байна” гэсэн…?

-Хэрэв бид мөнгө тараана гэсэн бодолтойгоор төсвөө батлах юм бол Монголын Засгийн газрын бондыг ирэх жилээс худалдаж авах гаднынхан олдохгүй. Үүнийг С.Батболд ч, С.Баярцогт ч ойлгож байх ёстой. Хөрөнгө оруулалтын бондыг худалдаж авдаг болохоос биш ийм замбараагүй, тооцоогүй, бэлэн мөнгө тараадаг Засгийн газрын бондыг гаднынхан худалдаж авахгүй. Манай бондыг авч байгаа гаднынхан би ухаантай хүнд мөнгөө өгч байна уу, жаахан тэнэгдүү нөхөрт өгч байна уу гэдгээ эрхбиш харна биз дээ. Мөнгө зээлэнгүүтээ хүүхдүүддээ тараагаад өгчихдөг хүнд би лав мөнгө зээлэхгүй. Нэлээн няхуур, ажилсаг, хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг, тооцоотой эрхлүүлдэг хүнд зээлүүлнэ үү гэхээс орон байшингаа барьцаанд тавиад чихэр жимс, архи дарс аваад өгчихөж байгаа хүнд хэн ч мөнгө зээлэхгүй.

-Манай Засгийн газрын бондыг худалдаж авсан түүх байгаа юм уу, тэгж яривал?

-Харин байхгүй. Гамшиг нь тэр байхгүй юу. Аль эртнээс дэлхийн зах зээл рүү гаръя, өндөр хүүтэй ч хамаагүй зээл авья гэхээр манайхан чинь гуйх нь гоё гээд бодчихсон, гуйсаар байгаад өнөөдрийг хүргэсэн. Түүнээс биш зургаа орчим хувийн хүүтэй зээл авч болох байсан. Гэтэл гуйсан нь дээр гээд 0,5 хувийн хүүтэй зээл л гуйгаад явдаг.

-Зургаан хувийн хүү өндөр биш үү?

-Үгүй үгүй. Тэр 0,5 хувийн хүүтэй зээл чинь зургаан хувийн хүүтэй бондоосоо хүнд нөхцөлтэй байхгүй юу. Ганц жишээ хэлье. Арвайхээрийн элеватор байна. Манайхан гуйсан, гаднын Засгийн газар 40 жилийн хугацаатай зээлийг хорин хэдэн сая ам.доллараар 0,5 хувийн хүүтэй өгсөн. Хөнгөлөлттэй зээл гээд баярлаад авсан нь үнэн хэрэгтээ дөрвөн сая ам.долларын үнэтэй элеваторыг хорин хэдэн саяар шахсан байхгүй юу. Төслөөр нь авсан учраас. Үүнийг манай хүүхдүүд төлнө. Түүний оронд зургаан хувийн хүүтэй зээл аваад өөрсдөө зах дээр гараад дөрвөн саяар авсан нь хамаагүй ашигтай байсан. Тийм учраас тэр 800 тэрбумаа орон нутагт нь өгчих, өөрсдөө юу хийхээ мэдэг, иргэдээсээ асууг гээд байгаа юм.

-Тэгээд таны энэ саналыг дэмжих хүн танай намаас гарах уу?

-Бүү мэд дээ.

-Ингэхэд та МАХН-д юу хийж байгаа юм бэ, өөрөө бол хамгийн либерал үзэлтэй хүн биз дээ?

-Өөрийнхөө санал бодлыг хэлж, ярьж л явья л даа. Би заавал намын даргатайгаа, гишүүдтэйгээ адилхан дуугарах ёсгүй биз дээ. Жишээ нь би Н.Энхбаяртай адилхан дуугарч байгаагүй. Энэ нам дотор бас өөрөөр дуугардаг хүн байх ёстой. Сонсох нь сонсоод л явна биз. ОУВС-тай хамтрахаа больё гэдгийг би аль 2003 оноос хойш хэлж байгаа. Сая 2008 оны санхүүгийн хямралын үеэр ОУВС-тай хамтардаг буруу л байхгүй юу. Хятадыг тойрсон эдийн засгуудаас хямралд орсон улс байхгүй, ганцхан манайх л байгаа. Буруу бодлого барьсан учраас тэр. Америк, Европ, Япон гэсэн тулчихсан эдийн засгууд хямралд ордог олохоос манайх шиг жижиг эдийн засаг хямралд орох ёсгүй.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж