А.Ганчимэг: Түүхэн дүрдтоглохыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

А.Ганчимэг: Түүхэн дүрдтоглохыг мөрөөддөг

“Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр олны танил болсон залуу жүжигчин А.Ганчимэг энэ хавар Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэж, Улсын драмын эрдмийн театрт хөл тавиад удаагүй байгаа юм. Босго өндөртэй гэгддэг тус театрын хамгийн отгон эмэгтэй жүжигчин А.Ганчимэгтэй ажлын өрөөнд нь ярилцсан юм.

-Юуны өмнө босго өн­дөр­тэй гэгддэг Улсын дра­мын эрдмийн театрын жүжигчин болсонд тань баяр хүргэе!

-Би өнгөрсөн хавар Соёл урла­гийн их сургуулийг жү­жигч­­ний мэргэжлээр төгссөн. Төгсөөд шууд Улсын драмын эрдмийн театрт хөл тавьсандаа маш их баяртай байгаа. Үеийн үед Монголын маань шилдэг жүжигчид, жүжигчдийн шил­мэлүүд нь багтдаг театр гэж би хувьдаа бодож, маш их хүн­дэлдэг. Драмын театрт орно гэдэг жүжигчин хүн бүрийн хүсэл, мөрөөдөл байдаг болов уу. Энэ агуу театрын ам бүлд багт­сандаа туйлын баяртай байна даа.

-Чухам яагаад жүжигчний мэргэжлийг сонгох болов?

-Бага байхдаа урлагийн олон дугуйланд явдаг байсан. Анх хуучин циркийн акробатын дугуйланд явдаг байлаа. Тэр­нээсээ гараад нэг хэсэг нугардаг байсан. Гурван жил нугарч байгаад яагаад ч юм өөрөө гэнэт дугуйландаа явахаа боль­чих­сон. Аливаа юм гэдэг цаанаасаа л замыг нь заагаад өгдөг байх. Тэгээд нэг өдөр ээж маань намайг Хүүхдийн ордны драмын дугуйланд оруулъя гэхэд нь би юу байдгийг нь мэдэхгүй “За тэгье” гээд л дагаж очоод шалгалтыг нь өгөөд тэнцчихсэн. Тэнд маш олон авьяаслаг хүүх­дүүд суралцдаг байлаа. Ер нь тэндээс л хамгийн анх тайзан дээр жүжиглэх, шүлэг унших гээд жүжигчний мэргэжлийг А үсгээс нь эхлээд сурч мэдсэн дээ. Ер нь тайзны урлаг, жүжигчний мэргэжил ямар сайхан байдгийг тэр үеэс л мэдэрсэн. Хүүхдийн ордонд драмын дугуйланд зур­гаан жил суралцсан. Тэгээд арван жилийн сургуулиа төгсөөд элдэв зүйлд сатааралгүй,  жүжигчин болохоор сэтгэл шулуудсан.

-Танай гэрийнхэн дотор урлагийн хүн бий юү?

-Манай гэр бүлд урлагийн хүн ганц ч байхгүй. Цагаан сараар ма­най хамаатнууд цугларахад манай өвөө бөөн юм болно. Ма­най охин урлагийн хүн болж байгаа гээд хавь ойрын хүнд та­раа­гаад л. Хүүхдийн ордонд сурч байхдаа тэмцээн уралдаанд ороод медаль авахад өвөө маань “Алив үүнийг хар, миний охин ийм медаль авсан” гээд л Цагаан сар болгоноор хүмүүст үзүүлнэ. Тэгэхэд нь би их ичнэ ээ. Ерөөсөө ма­най гэр бүлд урлагийн хүн байхгүй.

-Мэдээж залуу хүн олон хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэхийн тулд зорьж яваа байх. Хүсэл мөрөөдлөөсөө хуваалцаач.

-Хүсэл, мөрөөдөл зөндөө олон байлгүй яахав дээ. Зорилго гээд л. Ямар ч байсан драмын театрт ороод ирсэн юм чинь цааш цаашдын мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн төлөө хичээнэ дээ.  

-Багаасаа драмын ду­гуй­ланд хичээллэж, жүжиг­чин болох мөрөөдөл тээж явахдаа ямар дүрд тоглохыг хүсдэг байсан бэ?

-Надад дуучин хүн их гоё харагддаг байсан. Болж л өгвөл дуучны дүрд тоглох юмсан гэж их боддог байлаа. Гэхдээ одоо бодоод байхад дуучны дүр ч гэж юу байхав. Хүүхдийн ордонд суралцаж байхдаа нээх гоё микрафон бариад дуулж үзэх юмсан гэж боддог байж.

-Тэгвэл сайн дуучин байх нь ээ?

-Сайн биш ээ. Нэг их айхтар дуулж үзээ ч үгүй. Сайн дуучин гэж өөрийгөө хэлэхгүй ээ.

-Тэгвэл одоо таны мөрөөд­лийн дүр чинь ямар дүр вэ? 16-хан настай Жульетта бол эмэгтэй жүжигчин бү­рийн мөрөөдөл байдаг болов уу?

-Тийм шүү. Эмэгтэй хүн болгоны мөрөөдлийн дүр нь Жульетта байдаг. Түүнээс гадна би түүхэн дүрд тоглож, өөрийгөө сорихыг хүсдэг. Саяхан манайхан Драмын театрын өвөл цагийн нээлт гээд түүхэн жүжгүүдээ тог­лосон. Би “Сарны цагаан цус” түү­хэн жүжгийн бага хатны дүрд тог­лосон. Үнэхээр гайхалтай бай­лаа. Тэрнээс илүү гоё түүхэн жүж­гүүдэд тоглож үзэхийг хүсч явдаг даа.

-Жүжигчин А.Ганчимэ­гийн хүүхэд нас хэрхэн өнгөрсөн бэ? Дэггүй охин байсан болов уу гэж бодогдоод байна л даа.

-/Инээв/. Дуугүй, номын, ноомой хүүхэд бол байгаагүй ээ. Бас хамгийн сахилгагүй нь ч бай­гаагүй. Ямар ч байсан онц сурдаг байсан. Ангийнхаа охидуудтай нийлээд жаахан дүрсгүй талдаа байсан ч ээж, аавынхаа чихнээс хонх уяад загнуулаад байдаггүй хөдөлгөөнтэй л охин байсан.

-Арван жилээ хаана төгс­сөн бэ?

-Арван жилдээ олон сур­гууль дамжсан. Олон ч гэж дээ, хамгийн анх 13 дугаар хороололд байдаг 84 дүгээр сургуульд сурч байгаад зурга­дугаар сургууль руу шилжээд наймдугаар ангидаа Монгол-Энэтхэгийн хамтарсан сургуу­лийн математикийн ангид орж, хэсэг суралцсан. Харин дараа нь ес, аравдугаар ангиа хамт төгсөх гээд 44 дүгээр сургуульд орж, төгссөн.

-Тооны чиглэлээр сонгон суралцаж байсан юм чинь жүжигчин болоогүй бол энэ чиглэлээ дагнах байсан байх даа?

-Ер нь би бичиг цаасны ажилд их дуртай. Юм хуулж,  журналын нэр байнга бичдэг байсан л даа. Хэрвээ би жүжигчин болоогүй бол санхүүгийн талын хүн болох байсан байж магадгүй.

-Хүмүүс чамайг их хөөр­хөн,  даруухан охин гэдэг юм билээ. Ингэхэд аав ээжийнхээ хэнтэй нь илүү адилхан бэ?

-Ер нь бол ээжтэйгээ адилхан. Арван хүний нэг л аавтайгаа адилхан гэж хэлдэг.

-Тийм үү? Тэгвэл ээж тань их сайхан эмэгтэй байх нь ээ?

-Тийм шүү. Миний ээж үнэхээр сайхан эмэгтэй.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Одоо нэг кинонд орох гэж байгаа. “NTV” телевиз, “Wizard” продакшны хамтран бүтээж байгаа “Нэг хоёрын гурав аа” гээд инээдмийн кинонд тоглох юм. Зураг авалт нь тун удахгүй эхэлнэ. Хамгийн сүүлд дэлгэцийн бүтээл гэвэл “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг” кинонд тоглосон. Хошин төрлийн кино гэхээр их өөр юм билээ. Хошин кинонд тоглоно гэхээр намайг хүн хараад инээх үү гэж бодогдоод байгаа юм чинь. /инээв/ Хошин урлагийн акулууд, жүжигчин Лхагваа ах, Батсүх ах, Амбий ах, Навчаа эгчтэй хамт тоглосон болохоор дунд нь ороод л явчихсан. /инээв/

-Шинэ кинонд ямар дүрд бүтээх вэ?

-Би дуучин болох гэж байгаа охины дүрийг бүтээнэ. Хөдөөнөөс хотод орж ирсэн охин дуучин болох мөрөөдөлдөө хүрэхээр хичээж буй тухай л даа.

-Сүүлийн үед залуу жүжиг­чид хошин урлагт хүч сорих нь их болсон юм шиг санагддаг?

-Тэр бол хувь хүний өөрийнх нь үзэл бодол гэж боддог. Дра­маас илүү хошин төрөлд тог­ловол гоё юм болов уу гэж бо­догд­дог ч юм уу. Өөрийнхөө хү­­сэл сонирхлыг л дагадаг байх аа.

-Харин театртаа ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Манай театрын 80 дахь жилийн ой он гараад болох гэж байгаа. Ойдоо зориулаад цөөн тооны чанартай уран бүтээл гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Одоохондоо бол “Тэмүүжин” гээд түүхэн жүжгийг сурагчдын амралтад зориулан тоглох гэж байгаа. Энэ жүжиг дээр би Бөртэ хатны дүр дээр ажиллаж байна.
 
-А.Ганчимэг дэлгэцийн ки­нонд хэд хэдэн дүр бүтээсэн шүү дээ. Магад­гүй театрын урлаг илүү хүнд байх?

-Мэдээж хоёулаа л хүнээс ажиллагаа, хичээл зүтгэл шаар­даж байдаг болохоор хэцүү. Гэхдээ дэлгэц гэдэг хүнийг ойрх­ноос аваад, нүүр, нүдний жүжиглэлтийг шууд гаргадаг. Тайзан дээр яг дэлгэц дээр байдаг шигээ тоглох юм бол хол сууж байгаа үзэгчдэд харагдахгүй шүү дээ. Тийм учраас тайзны урлаг гэдэг маань илүү да­лайц­тай, үзэгчдэд өөрийгөө илүү нээж харуулах зайлшгүй шаардлагатай тулгардаг. Жишээ нь, би энд байгаа хөзрийг авахад дэлгэцийн бүтээлд байгаа ор­чинд нь харагдуулж чаддаг бол тайзан дээр том далайцтай авахгүй бол тэр хол сууж байгаа хүнд юу аваад байгаа нь мэдэгдэхгүй байх жишээний. Бас дуу хоолойн хувьд дэлгэцийн бүтээл дээр энгэртээ микрофон зүүдэг бол тайзан дээр тоглоход танхимд сууж байгаа үзэгч бүрт текстээ хүргэж, тод унших гээд ялгаа их бий л дээ.

-Оюутан байхаасаа эхлээд уран сайхны кинонд тог­лож эхэлсэн шүү дээ. Одоо­гоор дэлгэцийн урлагт хэдэн дүр бүтээгээд байна?

-Анх “Эрхэм элч” нэгдлийн хийж байсан “Халуун сэтгэл” уран сайхны кинонд тоглосон. Дараа нь “Амьдралын амт” киноны Шүрээ, “Хэцүү анги” киноны Зулаа, “Помогите нам 2” кинонд тоглосон. Мөн богино хэмжээний киноны төрөлд “Анхны болзоо”, сүүлд “48 цаг” богино хэмжээний кино фестивальд зориулан хийсэн “Flower” гээд кинонд тоглосон.

-Хөөрхөн, царайлаг боло­хоор хөвгүүд их хоргооно биз. Хайрын мессежэнд хэр их дарагдаж байна даа?

-Яахав ээ. Зарим нэг нь бүүр хөдөөнөөс мессэж бичдэг юм. Миний утасны дугаарыг хаанаас ч олчихдог юм мэдэхгүй. Мессэж ирэх болгонд нь хариу өгөөд байж чаддаггүй л дээ. Энэ дашрамд, уучлал хүсье. Тэгэхээр зарим нэг нь “Өө, би чамайг ийм их зантай гэж бодсонгүй” гээд л… /инээв/ Зарим нь мессэж явуулчихаад өглөө болгон дохиод л, таслаад л, тиймэрхүү тохиолдол зөндөө гарна аа. Бас Facebook-ээр хүмүүс их холбогддог. Зав гарвал хариулах гэж хичээдэг. Тэр бүр хариу бичээд байх зав гардаггүй л дээ. Хүмүүс янз бүрээр л боддог шиг байгаа юм. Их зантайдаа хариу бичсэнгүй ч гэх юм уу. Тийм хүмүүс байдаг бол битгий тэгж бодоорой.

-Найз залуутай байх аа?

-Байхгүй ш дээ.

-“Хэцүү анги” кинонд Билгүүний дүрд тоглосон М.Наранмөнх та хоёрыг амьдрал дээр ч гэсэн хосууд гэдэг шүү дээ?

-Хүмүүс яагаад тэгж ярьсныг мэдэхгүй. Бид хоёрын хооронд тийм харилцаа байхгүй. Сүүлд бид хоёр телевизийн нэвтрүүлэгт хамт ороод Нака (М.Наранмөнхийг тэгж дууддаг аж) миний цүнхийг бариад би хувцсаа өмсөөд зогсч байтал нэг жаахан хүүхэд ирснээ “Та хоёр авгай нөхөр хоёр юм уу” гээд. “Яаж байна” гэж асуусан чинь харж байснаа “Тийм л байна даа” гэхээр нь “Тийм ээ тийм” гээд л инээгээд өнгөрөөсөн. Хүмүүст бид үерхдэггүй гэж хэлээд байдаг ч тэгээд л бодоод байдаг юм даа. /инээв/

-Тэгвэл А.Ганчимэг ирээ­дүйн найз залуугаа ямар байгаасай гэж хүсдэг вэ? Эрчүүдийн тал дээр ямар цензур тавьдаг вэ?

-Эрэгтэй хүний хувьд зориг зүрх байх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Гэхдээ ухаан мэд­рэлгүй юм руу дайраад орчих­доггүй, шударга, үнэнч, хамт байхад хөгжилтэй байвал гоё санагддаг. Ноомойгоод, хажууд байхад уйтгартай байвал онцгүй биз дээ. Зоригтой, хөгжилтэй, үнэнч хүмүүс надад таалагддаг. Тийм байгаасай л гэж боддог.

-Гэр бүлийнхээ амьдралыг төлөвлөж байгаа юу?

-Ойрдоо бодсон, төлөвлөсөн юм алга аа. Би одоо 25 настайдаа нөхөртэй, 27-тойдоо хүүхэдтэй болно гэж бодохыг хүсдэггүй. Ерөнхий амьдралын төлөвлөгөө гэж байлгүй л яахав. Гэхдээ хүний амьдрал чинь гэнэтийн тохиолдлоор дүүрэн. Гэнэт нэг хүн гарч ирээд ч юм уу, тэгвэл гоё ш дээ. Тэгэхгүй би арай л болоогүй дээ гэж боддог ч үгүй. Ямар нэгэн байдлаар болох юм болох цагтаа болдгоороо болох л байлгүй гэж боддог.

Ярилцсан Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж