“Челси” талбайдаа ялагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

“Челси” талбайдаа ялагдлаа

Английн Премьер лигийн 13-р тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Бямба гаригт энэ тойргийн найман тоглолт болсон бол өчигдөр үлдсэн хоёр тоглолт болж, Лондонгийн шилдгүүд болох “Челси” болон “Арсенал” багууд ээлжит тоглолтоо хийсэн юм. Өнгөрсөн улирлын аварга Лондонгийн “Цэнхрүүд” энэ үдэш Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “Сандерлэнд”-ийг хүлээн авч, тоглон 3:0 харьцаатай ялагдал хүлээсэн бол нийслэл хотын “Их буучид” “Эвертон”-г талбайд нь 2:1-ээр буулган авлаа. Ингэснээр “Арсенал” хүснэгтийн хоёрдугаар эгнээ рүү дэвшсэн юм.

Карло Анчелоттигийн “Челси”-гийн бүрэлдэхүүнд туршлагатай хамгаалагч Жон Терри болон хагас хамгаалагч Фрэнк Лампард нар гэмтлийн улмаас багтаагүй бөгөөд Майкл Эссьен мөн энэ тоглолтыг өнжсөн. Эхний хагас өндөрлөхийн өмнө “Ман Сити”-гээс зээлийн гэрээгээр “Сандерлэнд”-д хүчин зүтгэж буй хамгаалагч Недум Онуоха гоолын салхийг хагалсан бол Асамоа Гьян хоёр дахь гоолыг, улмаар тоглолтын баатраар тодорсон Дэнни Уэлбэк тоглолтын сүүлийн гоолыг оруулжээ.

“Цэнхрүүд”-ийн хувьд өнгөрсөн долоо хоног хүндхэн болж өнгөрлөө. Туслах менежер Рей Уилкинсийг ажлаас нь чөлөөлж, ихээхэн шүүмжлэлд өртсөн тэд Лампардыг мөн гэмтэлд алдаад байгаа билээ. Английн шигшээ багийн тоглогч Лампард ирэх сарыг хүртэл талбайд гарах боломжгүй болоод байгаа юм.

Тоглолтын дараа Анчелотти Sky Sports-д өгсөн ярилцлагадаа “Бүх зүйл буруугаар эргэлээ. Бид сайн эсвэл хүсч байсан шигээ тоглож чадсангүй” хэмээжээ. Түүнчлэн дуулиан шуугиантайгаар “Челси”-г орхисон Рей Уилкинсийн талаар асуухад тэрбээр “Энэ шалтгаан нь биш” хэмээн хариулсан байна.

Харин “Арсенал”-ын тухайд Гүүдисон Парк цэнгэлдэхэд ялалт байгуулснаар “МанЮ”-г ардаа орхиж, хүснэгтийн хоёрдугаар байрыг эзэлж байна. Тэд 13 тоглолтын дараах байдлаар 26 оноотой байгаа бол Лондонгийн угсаатнууд 28 оноотой хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна. Харин хүснэгтийн гуравдугаар эгнээг 25 оноотой “МанЮ” эзэлж байгаа бол дөрөвт “Ман Сити” 22 оноотой бичигдэж байна.

Премьер лигийн 13-р тойргийн тоглолтын дүн:

“Стоук Сити” 2:0 “Ливерпуль”
“Вулвес” 2:3 “Болтон”
“Уиган” 1:0 “Уэст Бром”
“Уэст хэм” 0:0 “Блэкпуль”
“Тоттенхэм” 4:2 “Блэкбурн”
“Ньюкастл” 0:0 “Фулхэм”
“Ман Сити” 0:0 “Бирмингхэм”
“Астон Вилла” 2:2 “МанЮ”
“Челси” 0:3 “Сандерлэнд”
“Эвертон” 1:2 “Арсенал”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж