”Оюу толгой” ХХК-ийн нээлттэй захидал

Хуучирсан мэдээ: 2010.11.15-нд нийтлэгдсэн

”Оюу толгой” ХХК-ийн нээлттэй захидал

“Оюутолгой” ХХК арваннэгдүгэр сарын 12-нд ил захидал гаргасан байна. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. 
“Сүүлийн үед Оюу Толгой Төслийн үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллээр гарч байгаа зарим буруу ташаа мэдээлэл, мөн Хөрөнгө оруулалтын Гэрээний зарим заалтыг гуйвуулан тайлбарлаж байгаатай холбогдуулан  доорх  тайлбарыг  энэхүү нээлттэй захидлаар толилуулж байна.

Монгол улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувийг 6-7 хувь хүртэл буурсан мэт мэдэгдлийг  хариуцлагатай албаны зарим хүмүүс  гаргасан  нь  үнэн баримт мэдээллийг гуйвуулж  байна. Энэ нь ор үндэсгүй гэдгийг хариуцлагатайгаар нотлохын зэрэгцээ бодит байдлыг тайлбарлавал:

· Хөрөнгө оруулалтын Гэрээний 1.6-д “Төр нь Хөрөнгө оруулагчийн энгийн хувьцааны 34 /гучин дөрөв/ хувийг өмчлөнө” гэж заасан ба энэ хувь хэмжээ төслийн үргэлжлэх бүхий л хугацаанд үл өөрчлөгдөнө. Мөн Монголын тал өөрийн эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх эрхтэй. Үүнээс гадна Оюу Толгойн нийт орлогын 50 гаруй хувь нь хувьцааны ашиг, татвар, нөөц ашигласны татвар, хураамжийн хэлбэрээр Монгол улсын Засгийн газар болон ард түмэнд ногдоно.
· Гадаадын хөрөнгө оруулагчид уг төсөлд  4 тэрбум ам.долларыг (5,2 их наяд төгрөг)  оруулж олборлолт, үйлдвэрлэлийг эхлүүлэхээс гадна Гэрээний дагуу дээр дурьдсан нийт хөрөнгө оруулалтын санхүүжилтыг бүрэн хариуцаж байгаа болно.  
· Хэрэв уг Төслийг хэрэгжүүлэх явцад нэмэлт хөрөнгө шаардагдвал түүнийг гадаадын хөрөнгө оруулагчид дангаараа хариуцна.
· Монгол улсын Засгийн газрын хувь оролцооны хөрөнгийг Айвенхоу Майнз болон Рио Тинто компаниуд санхүүжүүлж байгаа учраас Монголын талаас бэлэн мөнгө гаргах шаардлагагүй. Энэ нь  Засгийн газрын эзэмших хувь хэмжээг бууруулахгүй байх баталгаа юм. Мөн Засгийн газар нь санхүүжилтийн эх үүсвэрийг өөрөө олох эрхтэй болно.  

Бодит байдлыг ийнхүү гуйвуулж байгаа  нь Оюутолгой төсөл болон түүний гадаадын хөрөнгө оруулагчид, “Айвенхоу Майнз” болон “Рио Тинто” компаний нэр хүндэд халдаж байгаагаас гадна Монгол Улсын нэр хүндэд хор хохирол учруулж байгаад бид сэтгэл зовниж байна. Энэ нь Монгол Улсын хувьд  чухал ач холбогдолтой төслүүдэд гадаадын компаниуд санхүүжилт босгох, тус улсад бизнесийн үйл ажиллагаагаа  эхлүүлэхээр зорьж буй цаг үед тохиож  байна.
Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойшхи 12 сарын хугацаанд бүтээн байгуулалтын их ажил ид өрнөж байгаа бөгөөд талбар дээр эдүгээ  3600 гаруй монголчууд ажиллаж байна. Оюутолгой төсөлд болон Монгол Улсын бусад салбарт ажиллах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд  110 тэрбум төгрөгийг төлөвлөн зарцуулж эхлээд байна.  Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Оюу Толгой төсөл дээр ажиллаж байгаа нийт ажиллах хүчний  60 хувийг монголчууд эзэлж байгаа бөгөөд 2013 онд олборлолтын шат эхлэхэд 90-ээс доошгүй хувь нь монголчууд байх юм.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Монголын 2420 компани бидэнтэй хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд бид өнөөдрийг хүртэл 360 тэрбум төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Монголын  эдгээр компаниудаас худалдан аваад байна.
Монголын талын дэмжлэг, туслалцааны дүнд харьцангуй богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудын  заримаас  дурьдвал:

·Өдөрт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийн суурийн ажил (1,2 тэрбум ам.долларын  өртөгтэй);
·Далд уурхайн 2-р Босоо ам болон түүний 31 давхар бетонон цамхагийн ажил;
·20-мегаваттын дизель цахилгаан станц, 35 киловольтын дамжуулах сүлжээ;
·Ил уурхайн газар шорооны анхан шатны ажил;
·1-р Босоо амны  хөндлөн малталт;
·Оюу Толгойгоос Гашуун Сухайт хүртэлх 105 км авто зам;
·Боинг 737 нисэх онгоц буух хатуу хучилттай замын зурвас бүхий орон нутгийн нисэх онгоцны буудал

Өнгөрсөн хугацаанд  төслийн хэмжээнд 5,7 сая хүн/цаг аюул осолгүй ажиллаад байна.

Монгол улсын хувьд хамгийн чухал ач холбогдол бүхий төслүүдийн нэг болох Оюу Толгойн ажлыг амжилттай урагшлуулахын сацуу Хөрөнгө оруулалтын гэрээг чанд сахин мөрдөж, Монгол улс, ялангуяа Өмнийн говийн бүсийн нийгэм-эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ цаашид ч оруулсаар байх болно гэдгээ бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ОЮУ ТОЛГОЙ ХХК
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж