Лусын дагина нутагтаа буцаж иржээ

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Лусын дагина нутагтаа буцаж иржээ

Данийн билэгдэл бяцхан Лусын дагина БНХАУ-д зургаан сар өнгөрөөсний дараа өөрийн байрладаг уламжлалт газар болох Копенгаген хотын усан буудалд буцан иржээ. Бямба гаригт олонд алдаршсан хөшөөг байранд нь байрлуулах үеэр хүмүүс алга ташиж, бүрээ үлээн угтан авсан байна.

Дани улсын энэхүү чухал билэгдэл өөрийнхөө 97 жилийн түүхэнд анх удаа  өнгөрөгч дөрөвдүгээр сард нутгийнхаа хилийг давж, Шанхайн Дэлхийн үзэсгэлэнгийн данийн үзвэрийн танхимд байрлаж байжээ.

Жуулчдын анхаарлыг байнга татаж байдаг, соёлын чухал үнэт бүтээлийг усан онгоцонд ачин гадаад руу явуулсныг олон хүн дургүйцэн хүлээж авсан аж.  Гэвч уг хөшөө эх нутагтаа байхад ч гэсэн зэрлэг балмад этгээдүүдийн хэрцгий үйлдэлд олон удаа өртөж байжээ.

Копенгаген хотын оршин суугч, 74 настай Kirsten Geertsen “Түүнийг буцаж ирсэнд маш их баяртай байна. Их санаж байсан юм. Түүний байр хов хоосон их эвгүй байлаа” гэж өдөр болгон уг усан буудлаар явган зугаалдаг өндөр настан ярьсан аж.

1,5 м өндөр уг хөшөөг өргөдөг цамхгаар аажим зөөлөн өргөж байранд нь байрлуулжээ.

Хүрлээр цутгаж хийсэн Лусын дагинийн энэхүү хөшөө Дани улсын хамгийн чухал жуулчлалын үзүүлбэр бөгөөд жилд 1 сая гаруй жуулчид хүрэлцэн ирж, үздэг байна.

Шанхайн үзэсгэлэнгийн үеэр уг хөшөөг 5,6 сая хүн үзэж сонирхсон нь Дани улсын нийт хүн амын тоотой тэнцэж буй үзүүлэлт ажээ.

Эх сурвалж: AP Associated Press

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж