Оны шилдэг хөнгөн атлетикчид тодров

Хуучирсан мэдээ: 2010.11.22-нд нийтлэгдсэн

Оны шилдэг хөнгөн атлетикчид тодров

IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос 2010 оны шилдэг эрэгтэй, эмэгтэй хөнгөн атлетикчдийг нэрлэлээ. Кенийн 800 метрийн зайн гүйгч Дэвид Рудиша болон өндрийн харайлтын заалны дэлхийн аварга, Хорватын Бланка Власич нар оны шилдэг хөнгөн атлетикчаар тодорсон байна.

Өдгөө 21 настай Рудиша 2010 онд 800 метрийн гүйлтэд дэлхийн дээд амжилтыг хоёр ч удаа шинэчлэн тогтоосон юм. Тэрбээр улирлын туршид 11 тэмцээнд дараалан түрүүлэхдээ өмнөх дэлхийн рекордыг нэг минут, 41,01 секундээр ахиулсан билээ.

Сүүлийн дөрвөн жил дараалан спринтер буюу богино зайн гүйлтийн тамирчин оны шилдгээр тодорсон уламжлалыг ийнхүү Кенийн тамирчин Рудиша эвдсэн юм.

Харин Власичийн тухайд 27 настай бөгөөд 2010 онд 20 тэмцээнд оролцохдоо 18-д нь түрүүлсэн чадварлаг тамирчин.

Монакод болсон World Athletics Gala арга хэмжээний үеэр оны шилдгийг зарласан бөгөөд эцсийн байдлаар шилдэг эрэгтэй тамирчинд АНУ-ын спринтер Тайсон Гей, саадтай гүйлтийн тамирчин Дэвид Оливер, холын зайн гүйгч Зерсенай Тадесе, мөн зээрэнцэг түлхэлтийн Андреас Торкилдсен нар нэр дэвшээд байсан юм. Харин оны шилдэг эмэгтэй хөнгөн атлетикчийн шагналд Власичаас гадна Санья Ричардс, Вероника Кампбелл-Браун, Аллисон Феликс, Жессика Эниис болон Милка Чемос Чейва нар өрсөлджээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж